Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бөглөдөг болно

Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар бөглөдөг болно

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж, баталлаа. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй Байнгын хороо батлаад хэрэгжүүлэх эрхтэй байдаг байна.

Ийнхүү тогтоолын төслийг баталсанаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг зэрэг мэдүүлгүүдийг цахимаар өгдөг боллоо. Түүнчлэн төрийн албан хаагчдын 50 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлэхгүй байж болохоор болж байна. Тиймээс  энэхүү шийдвэрийг эрх баригчид төрийн албыг төрлийн алба болгосон булхайгаа нуух хэрэгсэл хэмээн харах хүн цөөнгүй байгаа юм.

Мөн энэ үеэр хувийн ашиг сонирхолын зөрчил гэдэг ойлголтыг оновчтой тодорхойлж эрх зүйн тодорхой өөрчлөлт хийх асуудал хөндөгдөж байлаа. Тиймээс тун удахгүй ашиг сонирхлын зөрчил гэдэг ойлголтыг өөрчлөх бололтой.
Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга орчим албан тушаалтан хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг  /ХАСМ/ болон хөрөнгө орлогын мэдүүлгийг  /ХОМ/ АТГ цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар бүртгэдэг байна.

Үүний зэрэгцээ давхар цаасан хэлбэрээр гаргуулан дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэв. Албан тушаалтнуудаас гаргаж буй ХАСМ, ХОМ-ийг цахим хэлбэрээр гаргуулан авснаар төрийн албан хаагчид интернэт бүхий орчинд хаанаас ч мэдүүлэг гаргах боломж бүрдэх юм байна. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ХОМ-т олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой гэлээ.

2012 оноос ХАСМ болон ХОМ-ийг цаасан хэлбэрээр авахаас бүрэн татгалзах зорилт тавьж ирсэн, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжих нөхцөл боломж хангалтгүй явж иржээ. Монгол Улсын хувьд цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн түлхүүрийн нийтийн дэд бүтцийг бий болгон, үйлчлэх хүрээний хувьд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан хэдий ч 2016 онд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг аж ахуйн нэгжид олгожээ.

Гэвч хуулийн хэрэгжилт хангалттай биш байгаа аж. Иймд одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлэг гаргагч нь ХАСМ, ХОМ-ээ цахим бүртгэлийн программд оруулаад, баталгаажуулсны дараа хэвлэн, хуудас бүрт гарын үсэг зурж, тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө. Үүний дараа АТГ-ын даргын 2012 оны 91 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан ХАСМ, ХОМ-ийг хүлээн авсан тухай бүртгэлд бүртгүүлэх буюу цахимаар болон цаасаар давхар хэвлэн өгдөг хэлбэрээр явж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдсан юм.

Өнөөдрийн байдлаар цахим санд 2013-2016 оны хооронд гаргасан 161831 ХАСМ, ХОМ бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр мэдүүлгийг ердөө хэвлэхэд л нийтдээ 90.9 сая төгрөг зарцуулсан талаарх тооцоолол гаргасан байгаа гэнэ. АТГ-аас ХАСМ болон хяналтын ажлыг цахимжуулахаар бэлтгэл ханган, дуусах шатандаа явж байгаа гэлээ. АТГ жилд дунджаар 10 мянга орчим иргэний ХАСМ-ийг хянаж, хариу хүргүүлдэг бөгөөд 2015 онд 14.4 сая төгрөгийн зардал гаргажээ. Цаашид ХАСМ болон ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэн, цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгө хэмнэх, мэдүүлэг гаргагч болон бүртгэгч, хянагчийн цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Хөрөнгө орлогын мэдүүлгийн /ХОМ/ тухайд Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хэм хэмжээ маягийн юм тогтоосон шийдвэр гаргаж байгаа нь буруу. Учир нь энэ УИХ-ын тогтоолоор шийдэгдэх ёстой асуудал. Хууль зүйн байнгын хороонд хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах эрх байхгүй. Хэрэг дээрээ энэ асуудал чинь тогтоол нэртэй хууль маягийн юм болоод байгаа. Тиймээс та нар энэ удаад энэ тогтоолоо батлуулж авчихаад, дараа нь ХОМ-тэй холбоотой асуудлыг УИХ-аар  шийдүүлэх төсөл санаачилж, батлуулах хэрэгтэй. Хэдий болтол дураараа авирладаг шийдвэрээр явах юм. Үүнийг би АТГ-ын асуудал хариуцсан хүмүүст хэлж байна шүү. Байнгын хороогоор асуудал шийдэж байгаа нь хууль бус. Учир нь Үндсэн хуульд УИХ хууль тогтоомж гаргана гээд заачихсан байдаг. Хаврын чуулганаар ХОМ-тэй холбоотой асуудлыг хэлэл­цэхээр тооцож, явуулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Маягтуудыг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулаад, нэлээн хөнгөвчилж, цаг хугацаа, цаас зардал хэмнэгдэх гэж байгаа юм байна. Ер нь АТГ байгуулагдсанаас хойш ХОМ авдаг болсон. Харин худлаа мэдүүлсэн бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн хэрнээ энэ тал дээр дорвитой хийгдсэн ажил байна уу. Шунал нь ихэдсэн төрийн албан хаагчидтай хатуу тэмцэх хэрэгтэй. Тиймээс энэ ажлын үнэлэлт, дүгнэлт хийх ажлыг жаахан эрчимжүүлмээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Энэ асуудлыг Ц.Нямдорж гишүүний хэлсэнээр УИХ-ын тогтоолын төсөл болгон батлуулаарай. Төрийн зарим өндөр албан тушаалтнуудад ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлаар дүгнэлт гаргаж өгөөд байгаа. Тэгвэл сонгуулийн дараа Засгийн газар бүрэлдээд албан тушаалтнуудыг томилох үеэр харж байхад тэр салбарт ажиллаж байгаа хүн тухайн салбартаа ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа бол заавал ашиг сонирхлын зөрчилтэй байх ёстой юм шиг ойлголт нийгэмт төрүүлээд байна. Тиймээс энэ асуудал дээр АТГ-ынхан бодож, зарим тохиолдолд хуульд тодруулах зүйл байвал бидэнд саналаа оруулж ирж болно шүү. Зарим тохиолдолд та нар хүний нэрийг заалгүй ямар тохиолдлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаагаа жишээ гаргаж хэлж болно. Тэгэхгүй бол албан тушаал нэр дэвшиж байгаа хүмүүс үүнийг мэдэхгүй байна. Тухайлбал, хувийн эмнэлэгтэй хүн эрүүл мэндийн салбарыг аваад явахад заавал ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн үг биш шүү дээ. Тиймээс хувийн ашиг сонирхлын зөрчил гэдэг ойлголтыг оновчтой тодорхойлох нь манайх шиг боловсон хүчний хязгаарлагдмал нөөцтэй улсад чухал. Тиймээс эрх зүйн тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ хүрээнд АТГ-ынхан ажил хийгээд байнгын хороонд нэг танил­цуулаарай гэдэг хүсэлт байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-80 сая хүн амтай дэлхийн том гүрэн болох Герман улс гэхэд ердөө долоон мянган хүнийг урьдчилан сэргийлэх орчиндоо хянаж байдаг. Гэтэл манай улс хүн ам болон төрийн албаны бүтэц давхарга цөөн хэрнээ өнөөдөр бараг 40 мянга орчим хүнийг энэ бүтцээрээ хянадаг. Тиймээс ч АТГ-ын ачаалал хүндэрдэг зэрэг асуудал үүсч байгаа. Тиймээс маш богино хугацаанд ХОМ авдаг 38900 хүнээ 17300 болгох хэрэгтэй байна. Үүнтэй давхцаад бас нэг тоо орж ирэх ёстой. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар офшортой тэмцэх асуудал хуульчлагдах гээд явж байгаа. Тиймээс үүнтэй уялдуулж хамрах хүрээг нь бас уялдуулан ярилцаж нэн яаралтай хамтдаа орж ирэх ёстой. Үүнийг богино хугацаанд шийдээрэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.