“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон”

“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:

-Хар тамхи тахал болсон. Үндэстэн дамнасан, маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг. Анх хууль батлах үед хоёр гэмт хэрэг жилд үйлдэгдэж байсан бол энэ тоо өнөөдөр жилд 233 болж өссөн. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хараа хяналт, боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх олон цогц ажил шаардлагатай байгаа. Бид үүн дээр алдсан, өөрөөр хэлбэл энэ аюулыг таниулах урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн учраас санаа зовох түвшинд хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс ч Засгийн газар, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад удаа дараа чиглэл өгсөн учраас эрхзүйн орчноо шинэчлэхээр болсон. Бидний боловсруулсан хууль 11 бүлэг, 76 зүйлтэй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Парламентын гишүүд хариуцлагатай хандах хэрэгтэй. Гишүүд сая байдал хүндэрлээ гээд л яриад байна. Гэтэл 2026 оны хар тамхитай тэмцэх төсвийн ихэнхийг л хассан шүү дээ. Хамаг төсвийг нь хасчхаад өнөөдөр матрын нулимс унагаж буй нь сонин л байна. Ашиг олох зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчдад өнгөрсөн хугацаанд ямар хариуцлага оноож чадсан юм бэ. Зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлсэн, энд цагдаа зэрэг хууль хүчний байгууллагынхан холбогдсон. Тэдэнд ямар ял, шийтгэл оноосон юм бэ. Ийм ял оноож байсныг бид ингэж чангатгах гэж байна гэдэг хариулт хэрэгтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:

-Сүүлийн арван жилийн тоон мэдээллээс харахад энэ төрлийн гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон. Тодруулбал, хяналтын прокурор нэг, онцгой байдлын албан хаагч хоёр, зэвсэгт хүчний албан хаагч тав, эмнэлгийн байгууллагын ажилтан тав, төрийн үйлчилгээний ажилтан дөрөв, дипломат албан тушаалтан гурав, багш нэг. Тэдний зургаад хорих ял, дөрөвт нь зорчих эрх хязгаарлах ял, нэгд нь торгох, долоод нь тэнсэн харгалзах зэрэг ял оноосон байна. Эдгээр хүмүүс ашиглах буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Олон донтогч нарыг хорих ангид хорьчихоод байна. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдол бий. Тэднээс шалгагдаж, хоригдож байгаа тохиолдол бий юу. Өндөр зохион байгуулалттай асар их мөнгөтэй хүмүүсийн ялын бодлогыг чангаруулахаар гэрчийг устгах гэдэг ч юм уу, сөрөг үр дагавар нь юу байх вэ?

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:

-Архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. 2023 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Одогооор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрсөн.  Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй. Дагалдуулж боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлтөөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх бодлого үйл ажилагааг сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх тодорхой зохицуулалт оруулж өгч байгаа. Гадаадаас Монгол Улс руу нэвтрүүлж байгаа асуудалд Гааль,  Тагнуулын байгууллага онцгой анхаарч ажиллаж байгаа. Гаалийн байгууллагын хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 2025 онд 11 тэрбумын санхүүжилт тавьж, рентген тоног төхөөрөмжөөс эхлээд олон шинэ төрлийн төхөөрөмж худалдан авсан. 2026 оны төсөвт 9.2 тэрбум төгрөг тавсан. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд шаардлагатай санхүүжилтийг тусгасан.  Нийт 8 гаруй тэрбум төгрөгийн 6.6 тэрбум гаруй нь техник тоног төхөөрөмж, сорилын хөрөнгийг тусгасан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 106 (7848)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ