“Говьсүмбэр мастер кросс-2017” уралдааны ялагчаар Х.Улам-Өрнөх тодорлоо /Фото мэдээ/

“Говьсүмбэр мастер кросс-2017” уралдааны ялагчаар Х.Улам-Өрнөх тодорлоо /Фото мэдээ/

Шинэ оны анхны бартаат замын уралдаан болох “Говьсүмбэр мастер кросс-2017” тэмцээн Говьсүмбэр аймагт энэ сарын 15-ны өдөр амжилттай  явагдаж, өндөрлөлөө. “Говьсүмбэр мастер кросс-2017” тэмцээн нээлтийн ажиллагаа Боржигин чуулгын өмнөх талбайд болсон бөгөөд нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, “Петротрак” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Эрдэнэбат, “Петротрак” ХХК-ийн Авто үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн төвийн захирал Б.Анхбаяр, Монголын авто мастеруудын холбооны гүйцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр, ТУЗ-ийн дарга Баасансүрэн, ТУЗ-ийн гишүүн Гансүх, Батзаяа, тэмцээний Ерөнхий шүүгч Мөнх-Амгалан, нарийн бичгийн дарга Ганзориг нар болон албаны бусад хүмүүс, хурд хүчээ сорих гэж буй төмөр хүлгийн жолооч нар оролцлоо.

Тэмцээний албан ёсны үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж “Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр шинэ оны анхны бартаат замын уралдаан болох “Говьсүмбэр мастер кросс-2017” тэмцээн эхлэх гэж байна. урьд нь хоёр удаа болж байсан мастер кросс уралдаан энэ жил гурав дахь удаагаа болж байна. Монголын авто мастеруудын холбооноос бид бүхэнд хүсэлт тавьсныг хүлээн авч, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад манай аймгийн бизнес эрхлэгчид хамтран оролцож байгааг дуулгахад таатай байна. Тодруулбал, НИК ХХК, Баяннексус ХХК, Төрийн банк, Мобил брэнд, Triangle Tyre Mongolia, Beiben Truck, Weichai power, Denso, Crown service, Хүч ак зэрэг компаниуд оролцож байна. Спортод элэгтэй ивээн тэтгэгч байгууллагууддаа энд хуран цугласан хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье. Говьсүмбэр аймагт болж буй энэхүү уралдаан маань жилээс жилд өргөжиж, энэ жил 44 тамирчин, тэр дундаа авто спортын шилдгийн шилдгүүд хурд хүч, авьяас самбаагаа сорин өрсөлдөх гэж байна. Өнөөдрийн энэ уралдаан авто спортын гайхамшгийг үзүүлсэн сайхан уралдаан болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилт хүсье” хэмээсэн юм. Мөн Монголын авто мастеруудын холбооны гүйцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр “Юуны өмнө Говьсүмбэрчүүд та бүхэндээ Монголын авто мастеруудын холбооны 120 тамирчин, ард нь ажилладаг 400 гаруй ажилтнуудынхаа нэрийн өмнөөс шинэ оны баярын мэнд хүргэе. Монголын авто мастеруудын холбоо Монгол Улсынхаа аймгуудад мастер кросс уралдааныг сурталчлах, авто спортыг үзүүлж таниулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн билээ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр “Говьсүмбэр мастер кросс-2017” уралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр жолооч нар маань уралдахад бэлэн болоод байна. Энэ тэмцээнд оролцохоор Монголын авто мастеруудын холбооны тамирчдаас Олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер, залуу тамирчид нийлсэн 44 шилдэг шонхрууд маань хүрэлцэн ирсэн. Та бүхэнд улам их амжилт хүсье” гэв.

Мастер кросс уралдаан жилийн 12 сарын арван сард нь болдог бөгөөд 2017 оны УАШ мастер кросс уралдааны эхний гараа нь “Говьсүмбэр мастер кросс-2017” уралдаан болж байгаагаараа онцлог ажээ. Тэмцээнд нийт 44 тамирчин оролцож, дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөн шалгарсан шилдгүүд хагас шигшээ, хагас шигшээгээс шалгарсан шилгүүд шигшээ уралдаанд өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

Тэмцээний үеэр Ерөнхий зохион байгуулагч “Петротрак” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Эрдэнэбатын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Петротрак” ХХК маань одоогоос хоёр жилийн өмнө “Петровис супер кап-2015” бартаат замын уралдааны ерөнхий зохион байгуулагчаар оролцож байсан. Энэ удаа Монголын авто мастеруудын холбоо болон Говьсүмбэр аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Техникийн зөвлөгөөнөөр нийт 44 тамирчин оролцохоор болсон.

Мөн Монголын авто мастеруудын холбоо 2017 оноос шинэ дүрмээр ажиллаж байгаа юм билээ. Шинэ дүрмээр зохион байгуулагдаж буй оны анхны тэмцээн Говьсүмбэр аймагт болж байгаагаараа онцлог болж байна” хэмээв.

Тэмцээнийг Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Петротрак ХХК, Монголын авто мастеруудын холбоо хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгч байгууллагуудаар  спортод элэгтэй аж ахуйн нэгжүүд болох НИК, Баяннексус компани, Төрийн банк, Мобил брэнд, Triangle Tyre Mongolia, Beiben Truck, Weichai power, Denso, Crown service, Хүч ак компаниуд хамтран ажиллалаа. Мөн тэмцээний аюулгүй байдлыг Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын газрын албан хаагчид хангаж ажиллав.

Тэмцээний аваргаар 35 дугаартай Спортын мастер, ТV-5 телевиз, Батжандаг компанийн тамирчин тамирчин Х.Улам-Өрнөх бусдаасаа хол тасархай тэргүүлсэн юм. Түүнчлэн энэ удаагийн тэмцээний онцлог нь эхний таван байрыг шалгаруулж, шагнаад зогсохгүй залуу тамирчдаас эхний гурван байрт шалгарсан тамирчдыг шагнасан юм.

Мөн Монголын Биеийн тамир, спортын газраас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат, Мөнх-Өлзийт транс ХХК-ийн тамирчин Г.Энх-Амгаланг “Спортын алдар” медаль, Д.Баярхүүг “Алтан од” тэмдгээр шагнасан юм. Дашрамд дурьдахад, “Говьсүмбэр мастер кросс-2017” тэмцээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, “Мөнх-Өлзийт транс” ХХК-ийн тамирчин Г.Энх-Амгалан оролцсон бөгөөд түүнд аргагүй л нутгийн дэвжээ ээлээ хайрлаж тус тэмцээнд амжилттай уралдаж, тавдугаар байр эзлэн залуучуудынхаа ангилалд хоёрдугаар байр эзэлсэн юм. Тэрбээр “Би 2010 оноос мастер кроссын тэмцээнд оролцож эхэлсэн.

Энэ жил зургаа дахь жилдээ оролцож байна. Нутагтаа ирж, гурав дахь удаагаа уралдаж байгаадаа маш их баяртай байна. Анхны тэмцээн буюу 2010 оны мастер раллид хүрэл медалиар эхэлж байсан. 2012 онд Олон улсын болон Монголынхоо УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Хэсэг хугацаагаар буюу 1.8 жил завсарлаад энэ жил нутагтаа ирж уралдаж байна. Нутгийн минь хийморь тэтгэж, амжилттай оролцсондоо маш их баяртай байна” хэмээсэн юм.

Ийнхүү “Говьсүмбэр мастер кросс-2017” уралдаан амжилттай болж, шилдгүүдээ шалгаруулснаар өндөрлөлөө.

“ГОВЬСҮМБЭР МАСТЕР КРОСС-2017” УРАЛДААНЫ ЭХНИЙ 5 БАЙРТ ОРСОН ТАМИРЧИД:

 

Эзэлсэн байр

Олгосон шагнал

Тамирчдын нэрс

Зэрэг, Компани

1

1-р байр

Цом, алтан медаль, 2.4 сая төгрөг, Triangle Tyre брэндийн ланд 200 автомашины 4 ширхэг дугуй

Х.Улам-Өрнөх, #35

Спортын мастер, ТВ5, Батжандаг компанийн  тамирчин

2

2-р байр

Цом, мөнгөн медаль, 1.8 сая төгрөг, Петротрак ХХК-аас аккумлятор

Г.Бат-Эрдэнэ, #11

Залуу тамирчин

3

3-р байр

Цом, хүрэл медаль, 1.3 сая төгрөг, Мобил брэндийн тос

Ш.Гансүх , #46

ОУХМ, Алтайн бугат ХХК-ийн тамирчин

4

4-р байр

Цом, 1.0 сая төгрөг, Denso ХХК-аас 200.0 мянган төгрөгийн Iridium power свичэ авах эрхийн бичиг

Ц.Батбаатар, #40

Спортын мастер, Бумба алмаз ХХК-ийн компаний тамирчин

5

5-р байр

Цом, 800.0 мянган төгрөг, Crown service ХХК-аас 200.0 мянган төгрөгийн амортизатор авах эрхийн бичиг

Г.Энх-Амгалан, #67

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат, Мөнх-Өлзийт транс ХХК-ийн тамирчин

 

 

 

ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛД ЭХНИЙ 3 БАЙР ЭЗЭЛСЭН ТАМИРЧИД:

Эзэлсэн байр

Олгосон шагнал

Тамирчдын нэрс

Зэрэг, Компани

1

1-р байр

Цом, алтан медаль, 500.0 мянган төгрөг

Г.Бат-Эрдэнэ, #11

Залуу тамирчин

2

2-р байр

Цом, мөнгөн медаль, 300.0 мянган төгрөг

Г.Энх-Амгалан #67

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат, Мөнх-Өлзийт транс ХХК-ийн тамирчин

3

3-р байр

Цом, хүрэл медаль, 200.0 мянган төгрөг

О.Дөлгөөн #57

Татах хүч мотор ХХК-ийн тамирчин

 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.