1,000,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Dallas 2025" тавдугаар сарын 19-25-ны хооронд Америкийн нэгдсэн улсын Даллас хотод дэлхийн шилдэг 16 баг оролцсон тэмцээний шигшээ шатны тоглолтууд болж дууслаа.
Тус тэмцээнд уригдаж оролцож байгаа The MongolZ баг IEM Dallas-2025 тэмцээний шилдэг дөрвийн тоглолтоо Европын холбооны MOUZ багтай тоглож 0-2 (Inferno 11-13, Nuke 11-13) харьцаагаар хожигдлоо. Улмаар манай залуус тус тэмцээний 3-4 байрт орж 25 мянган ам.долларын шагнал хүртлээ. Тус тэмцээний аваргаар Европын холбооны Team Vitality баг шалгарчээ.
The MongolZ А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Бразилийн Furai багтай тоглож 2-0 (Anubis 13-7, Mirage 13-7) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо Европын холбооны G2 Esports багтай тоглож 2-0 (Inferno 13-4, Dust2 13-7) харьцаагаар хожлоо. Улмаар А хэсгийн аваргын төлөө Европын холбооны Team Vitality багтай тоглож 1-2 (Inferno 10-13, Nuke 13-7, Mirage 13-11) харьцаагаар хожигджээ. Улмаар шигшээ шатны тоглолтыг шилдэг зургаад Европын холбооны Aurora Gaming багтай тоглож 2-0 (Dust2 13-11, Mirage 13-6) харьцаагаар хожсон билээ.
Манай залуусын дараагийн тоглолт нь АНУ-д болор Austin Major 2025 тэмцээний 3-р шатны тоглолт байх бөгөөд зургадугаар сарын 12-нд хийх юм.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.