Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нар допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо

Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нар допинг  хэрэглэсэн нь  тогтоогдлоо

Үндэсний их баяр наадмын дараа шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Жил бүр л аль нэг бөх допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ түр хасуулж, чимэг, цолоо хураалгадаг. Зарим нь допингийн шинжилгээний хариутай эвлэрэхгүй, маргаан үүсгэж, Бөхийн холбооны нөхдүүдийн булхайг уудалж байсан ч удаа бий.

Тэгвэл жил ч гэсэн допингийн асуудал дахиад л гарлаа. Наадмын дараа хоёр бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлэл гарч эхэлсэн. Тэгэхдээ эцсийн хариу гартал нэрийг нь нууцалж байсан юм. Харин “В” сорьцын шинжилгээний хариу гарч, Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Мэдэгдэл

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч,  БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн билээ.

Тус лабораториос 2016 оны наймдугаар  сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч,  допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн. Лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь бид хүргүүлсэн.

Үндэсний бөхийн холбоо болон дээрх хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид 2016 оны 8-р сарын 29-ний өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ. 

Энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Үндэсний бөхийн холбоонд хугацаанд нь албан ёсоор мэдэгдсэн болно.

ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.