Хөлдөө тэшүүртэй хүүхэд бүрийн мөрөөдөл биеллээ

Хөлдөө тэшүүртэй хүүхэд бүрийн мөрөөдөл биеллээ

Нүүдэлчин монголчууд хөлдөө тэшүүр өмсөөд 80-аад жилийг үджээ. Тэшүүрээ сураар баглаж, модоор тэвхдээд гулгадаг байснаас хойш   Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Инсбрукийн өвлийн IX наадамд оролцсон. Түүнээс хойш  нэгэн жаран өнгөрсөн. Тэгвэл энэ хугацаанд тэшүүртэй нөхөрлөж, энэ спорт руу тэмүүлж ирсэн монгол мөрөөдөл биелэлээ олж түүхийн шинэ хуудсыг эргүүллээ. Үндсэндээ монголчууд хоёр жилийн дотор дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийхдээ олон зүйлд анхдагч болж шилдэг мэргэжилтнүүдийн  ноу хаунаас суралцахын зэрэгцээ хувийн хэвшлийн хариуцлага, манлайллыг ч харуулж чадсаныг гаднаа зун налайж, дотор нь орвол мөсөн дэвжээ угтах цагаан ордноос харж болно. 

Олон улсын олимпийн хорооны стандартад нийцсэн мөсөн өргөөг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барьсан нь Яармагийн дэнж дээрх цагаан ордон юм. 2600-3600 хүний суудалтай хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төдийгүй танхимын спортын тэмцээн уралдаан зохион байгуулах. Мөн урлагийн тоглолт, шоу, үзэсгэлэн, хурим найр, хурал цуглаан зэрэг бүхий л арга хэмжээг цогцлоожээ.

МОНГОЛ МӨРӨӨДЛИЙГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БҮТЭЭВ 

Монгол Улс спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, анхны битүү дээвэртэй хамгийн том олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Мөсөн өргөө"-тэй болсныг гэрчилж хөгжмийн урлагийн ноён оргил, Хөдөлмөрийн баатар Б.Шаравын алдарт “Сэрсэн тал” бүтээлээр салхийг нь хагалж, урлаг, спорт, уран гулгалтынхан тусгай үзүүлбэрээр нээлтэд оролцсон үзэгчдэд бэлэг барилаа. 
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төсөлд хамтран оролцсон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.
Төрийн тэргүүн талархалтайгаар хүлээн авч буйгаа илэрхийлэхдээ “Монголчуудын мөрөөдөл биелэх түүхэн өдрийн гэрч боллоо. Манай тамирчид Токиогийн олимпоос медальтай ирэхтэй зэрэгцэн өвлийн спортын битүү ордон үүдээ нээж байгааг бэлгэшээж байна. Энэ бол спорт төдийгүй урлагийн салбарт томоохон хувь нэмрээ оруулах чухал бүтээн байгуулалт юм” гээд санаачилсан, гар бие оролцсон бүх хүмүүст баяр хүргэж талархал гардуулсан юм. 
Хүн төрөлхтний түүхэнд анхны битүү хоккейн байгууламж 1862 онд Канадын Монреал хотод баригдаж байв. Түүнээс хойш 150 гаруй жилийн дараа Олон улсын олимпийн хорооны стандартад нийцсэн мөсөн өргөөг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барьсан нь Яармагийн дэнж дээрх цагаан ордон юм. 2600-3600 хүний суудалтай хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төдийгүй танхимын спортын тэмцээн уралдаан зохион байгуулах. Мөн урлагийн тоглолт, шоу, үзэсгэлэн, хурим найр, хурал цуглаан зэрэг бүхий л арга хэмжээг цогцлоожээ. Өөрөөр хэлбэл, мөсний дулаан тусгаарлах 500 кг-ийн даацтай хавтангаар талбайг хувиргах зэргээр олон ид шидтэй энэхүү мөсөн өргөөг бүтээхэд Монголын 95, гадаадын зургаан компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтан оролцсон байна. Ингэхдээ үндэсний компаниуд өөрсдийн манлайллаар буюу төсвөөс нэг ч төгрөг нэхэхгүйгээр, монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээснээрээ хамгийн том онцлогтой. 
Мөн галын усны нөөцийн сав бүхий тусгай өрөөтэй нь бусдад жишиг болохуйц. Хэрэв гал гарвал усны нөөцөө ашиглахаар аюулгүй байдлыг бүрэн хамгаалсан. Түүнчлэн мөсний хүйтэн агаарыг үзэгчдэд хүргэхгүйгээр сорох дулааны хоолойтой. Энэхүү хоолой нь хүйтэн агаарыг гадагш гаргахдаа хүний тооноос хамаарч автоматаар тохируулж гаднах цэвэр агаарыг үзэгчид рүү үлээнэ. Мөн мөс хөлдөөх, сэргээн цэвэрлэх зэргээр дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжийг суурилуулснаараа манайд анхдагч юм. 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨСӨН ӨДРҮҮДИЙГ НЭХЭН СУРВАЛЖЛАХАД 

Хөлдөө тэшүүртэй хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлэх “Мөсөн өргөө” төслийг “Степпе Арена” компанийн ТУЗ-ийн дарга Пунцагийн Цагаан гаргаж, зориглон эхлүүлснээр өнөөдөр бид өндөр үүдийг нь нээж, туузыг нь хайчилж зогсох мөч тохиов. Улмаар Канадын спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, Монголын анаграмм компанийн залуус өргөөний зураг төслийг гаргажээ. 
Ингэхдээ “Ачит Ихт” компани нийгмийн хариуцлагын үлгэр дуурайлал үзүүлж голлон санхүүжүүлсэн байна. Мөн “Юнайтад прожектс корпорэйшн” компани зураг төсөл, дэд бүтцийг хариуцсан бол МАК өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, “Степпелинк холдинг” дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг гүйцэтгэсэн бахдал төрүүлэм.  Ингээд мөрөөдөл биелүүлэх мөсөн өргөөний “эзэд”-тэй уузлаж бүтээн байгуулалт өрнөсөн өдрүүдийг эргэн дурсч, нэхэн сурвалжиллаа. 

"МАК" компанийн Бодлогын зөвлөлийн дарга  Б.Нямтайшир: МӨРӨӨДӨЛ БИЕЛҮҮЛЭХ-МӨСӨН ӨРГӨӨНД ИТГЭЖ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН 

-Бидний үед Их дэлгүүрийн урд явган хүний зам дээр эсгий гутлаа модоор чагталж коньки углаад гулгадаг байлаа. Тэр мөрөөдлийг өнөөдөр биелүүлж, Монголын маань хүүхэд багачууд мөсөн спортоор хичээллэх, тив дэлхийд амжилт гаргах бүрэн боломж нээгдэж байна. Мөрөөдөл биелүүлэх-Мөсөн өргөөг олон нийт баяр бахдалтайгаар чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болно хэмээн итгэж хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. 

“Спеппе арена” компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх: ӨДӨР БҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БАЙЛАА 

-Бид бүтээж, итгэл дааж чадлаа. Бид гэдэгт энэ төслийг дуустал хамтран ажилласан хүмүүс багтаж байгаа юм. Бидний хамтран ажилласан өдөр бүхэн бүтээн байгуулалт байлаа. Ажлаа чанартай гүйцэтгэхийн төлөө хүн нэг бүр чармайсан. Нартай, бороотой, цастай, шуургатай өдрүүдэд ажлаа хором ч зогсоогоогүй. Тэр бүхэнд асуудлаа шийдвэрлэх гэж хамтран хэлэлцэж, шийдэлд хүрч байсан нь бидний ололт юм. Цар тахлын хөл хорионд ажлаа ухраахгүйгээр гадаад түншүүдээсээ цахимаар хичээл, сургалт авч өөрсдийн мэргэжилтнээ бэлтгэсэн. 

“Спеппелинк холдинг” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин: “МӨСӨН ӨРГӨӨ”-НИЙ МЕНЕЖМЕНТИЙГ УХААЛАГ ШИЙДЛЭЭР АВЧ ЯВНА

-Төсөл хэрэгжүүлэгчид олон үйл­дэлт, дэлхийн жишиг “Мөсөн өргөө” бай­гуу­лахын төлөө бүхий л боломжоо дайчлан хичээнгүйлэн ажиллалаа. Манай компани “Мөсөн өргөө”-ний цаашдын менежментийг авч явна. Ингэхдээ автомашин орж гарах, хоол захиалахаас эхлээд үйлчилгээний бүхий л үе шат ухаалаг шийдэлтэй байх юм. Хамгийн гол нь нийгмийн хэрэгцээг хангах, хүүхэд залуусаа спортод сонирхолтой болж хөгжихөд хувь нэмрээ оруулах үүднээс төсөлд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. 

“Юнайтэд прожектс корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр: МОНГОЛ УЛСАД “STEPPE ARENA” ШИНЭЭР МЭНДЭЛЛЭЭ

-АНУ, Лондон хотын “The O2 Arena” зэрэг улс бүрд улсынхаа нэрийг гаргасан Арена байдаг шиг Монгол Улсад “Steppe arena” шинээр мэндэлж байгаад баяртай байна. Энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцлоо. Манай оронд өвлийн спорт хөгжиж, Монголын шилдэг архитектур, инженер залуусын зураг төсөл, оюуны бүтээл дэлхийд танигдана гэдэгт итгэлтэй байна. 

Ийнхүү дөрвөн улиралд  дураараа гулгаж, өвлийн олимпод амжилт гаргах тэр мөчийг мөсөн ордон улам ойртууллаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.