“Хүүхдийн цэцэрлэг барих” төсөлд шалгараад 16 давхар орон сууц барьжээ

“Хүүхдийн цэцэрлэг барих” төсөлд шалгараад 16 давхар орон сууц барьжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон улсын цэцэрлэгийн барилгыг буулгаж, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барих төсөлд 2020 онд нэр бүхий аж ахуйн нэгж шалгарч, холбогдох зөвшөөрлүүдийг авчээ.

Гэвч уг барилга 2025 онд ашиглалтад орж, улсын комисст хүлээлгэн өгөх явцад анхны төлөвлөгөөнд туссан 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга баригдаагүй, харин оронд нь 16 давхар орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга баригдсан нөхцөл байдал илэрчээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. 

Урьдчилсан байдлаар тухайн аж ахуйн нэгж нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд нөлөөлөх замаар барилгын зураг төслийг хууль бусаар өөрчлүүлж, дахин магадлал хийлгэн, цэцэрлэгийн барилгыг төслөөс хасуулсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Мөн төслийг хэрэгжүүлэх явцдаа хууль бусаар олсон орлогыг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулсан байх магадлалтай гэж үзжээ. 

Түүнчлэн тухайн аж ахуйн нэгж нь цэцэрлэгийн барилгыг шинээр баригдах барилгын нэг, хоёрдугаар давхарт байрлуулах талаар холбогдох байгууллагуудтай амаар болон гэрээгээр тохиролцсон ч уг заалтыг барилгын зураг төсөлд тусгаагүй нь ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан баримтаар тогтоогдсон аж. 

Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4, 18.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага үргэлжлүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ