Монголын чөлөөт бөхийн баг Америкийн багийг ялж, хүрэл медаль хүртэв

Монголын чөлөөт бөхийн баг Америкийн багийг ялж, хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд АНУ-ын Айова мужийн Коралвилль хотын "Xtream Arena"-д боллоо. Өнгөрсөн жилийн Белградын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 5 байрт орсон багаас гадна дэлхийн шигшээ гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Монголын эмэгтэй бөхчүүд өчигдөр хэсэгтээ Японыг 5:5-аар хожиж, Украинд 3:7-гоор ялагдсан. Хэсгээсээ хоёроор гарч өнөөдөр зохион байгуулагч орон АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөв. Тус барилдаанд манай баг Сэм авгын бөхчүүдийг нутгийн дэвжээн дээр нь 7:3-аар ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018, 2022 онд тус тус хүрэл медаль хүртээд байна. Сонирхолтой нь эмэгтэй бөхчүүд маань Дэлхийн цомд 4 удаа хүрэл медаль хүртэхдээ бүгдэд нь АНУ-ын багийг ялж байсан юм.

Манай зарим бөхчүүд визний асуудал, зардал мөнгөнөөс шалтгаалж бүтэн багаараа очиж чадаагүй. Хэрэв бүрэн бүрэлдэхүүнээрээ АНУ-д очсон бол эрэгтэй, эмэгтэй баг маань аль аль нь үүнээс ч илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой байв. "Чамлахаар чанга атга" гэдэг дээ, эмэгтэй баг маань хүрэл медальтай эх орондоо ирнэ.

Монгол - АНУ  7:3

  • 50 кг: Д.Отгонжаргал - Эрин Голстон цэвэр ялсан (1:0)
  • 53 кг: Г.Отгонжаргал - Фелисити Тэйлор 12:1 (2:0)
  • 55 кг: Б.Болортуяа - Женна Буркерт 7:6 (3:0)
  • 57 кг: Б.Эрдэнэсувд - Aлександра Хедрик 4:6 (3:1)
  • 59 кг: Э.Даваачимэг - Лекси Багам 13:2 (4:1)
  • 62 кг: С.Цэрэнчимэд - Кайл Миракл 16:5 (5:1)
  • 65 кг: П.Орхон - Мэллори Велт 9:6 (6:1)
  • 68 кг: Ө.Пүрэвсүрэн - Солин Пиерс 0:2 (6:2)
  • 72 кг: Э.Даваанасан - Скилар Гроте 7:1 (7:2)
  • 76 кг: О.Бурмаа - Димонд Гуилфорд 0:10 (7:3)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.