Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны хацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.01.24) болж, Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ. Тэрбээр энэ өдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг давснаар 13 даваа, хоёр унаатай болж ардаа байх бөхөөс даруй хоёр даваа илүүтэйгээр түрүүллээ.

Мөн хоёр озэки цолтон учраа таарсан бөгөөд Асанояама Шодайг давжээ. Хоёр озэки хоёулаа 11 даваа, дөрвөн унаатай энэ удаагийн башёг өндөрлүүллээ. Харин озэки цолоо эргүүлэн авах хүсэлтэй сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн өдөр маэгаширагийн долоод эрэмбэтэй Мэйсэйг давснаар 11 даваа, дөрвөн унаатай башёг дуусгав. Тэрбээр ирэх башёд найм болон түүнээс дээш даваа авбал сүүлийн гурван башёд нийт 33 даваа авсан үзүүлэлттэй болно.

Озэки цол олгох дүрмэнд сэкивакэ, комүсүби цолтой бөх гурван башё дараалан 33 даваа авах ёстой гэж заасан байдаг.

Магадгүй сүүлийн дөрвөн башёгийнхоо гуравт нь 10-аас дээш даваа авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн энэхүү амжилтыг сүмо бөхийн холбоо үнэлж, озэки цол өгч болзошгүй.

Бусад монгол бөхчүүдийн хувьд Тамаваши Б.Мөнх-Оргил Котоэког давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Митакэүмид, Ичиножо А.Ичинноров Хокүтофүжид, Хошорюү С.Бямбасүрэн Оношод тус тус өвдөг шорооджээ. Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн нар есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүлсэн бол Кирибаяама Лхагвасүрэн найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, есөн унаатай энэ удаагийн хацү башёг дуусгалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.