Л.Баттөр: Халдварын улмаас эндэж буй хүмүүсийн 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна

Л.Баттөр: Халдварын улмаас эндэж буй хүмүүсийн 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна

Ковид19-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээллээ. Мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр нар хүргэж байна. ХӨСҮТ-ийн захирал Баттөр “Сүүлийн өдрүүдэд орон нутгийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна.

Тодруулбал, сүүлийн 24 цагт нийт халдварын 30 хувь нь нийслэлд, орон нутагт 70 хувь нь илэрсэн. Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Дархан зэрэг аймагт сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтвортой нэмэгдэж байна. Баян-Өлгий аймаг саяхныг хүртэл тохиолдлын тоо багатай байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, аялал жуулчлалын бүс учир нийслэлээс зөөвөрлөгдсөн тохиолдол их гарч байж болзошгүй гэж таамаглаж байна.

Түүнчлэн тохиолдлын тоо үнэхээр буураад байна уу, шинжилгээний тоо багассан нь эерэг хариу багасаад байна уу гэх асуудал яригдаж байна. Энэ тал дээр тайлбар хийе. Бид PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь гэдгийг тодорхойлдог. Эерэг эзлэх нь нийслэлийн хэмжээнд 10 хүртэлх хувь руу шилжсэн. Бид дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед халдварын тохиолдол 300 илэрч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо 398 бүртгэгдсэн. Энэ нь нийслэлд халдварын тохиолдол буурч байгаагийн илрэл юм. Түүнчлэн 12-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол буурсан. Энэ нь вакцинжуулалтын нөлөөтэй холбоотой гэж үзэж байгаа. Эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 орчим хувьтай байна.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдол мөн буурсан. Гэхдээ үүнийг шууд вакцинтай холбох боломжгүй. Учир нь нийт 4000 орчим жирэмсэн эмэгтэй л Ковид19-ийн эсрэг вакцинд хамрагдсан. Мөн нас баралтын хөдөлгөөнт дундаж буурсан. Гэхдээ орон нутагт халдварын улмаас нас баралт бүртгэгдэж эхэлсэн. Тодруулбал, өдөрт бүртгэгдэж буй нас баралтын 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна. Мөн халдварын хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь вакцин хийлгээгүй хүмүүс байна” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.