Онцгойрсон П.Орхонд одоо Олимп л дутуу байна

Онцгойрсон П.Орхонд одоо Олимп л дутуу байна

Монголын олимпийн хороо, спортын сэтгүүлчдийн хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно-2017” наадам болоход хоёр хоног үлджээ. Энэ наадмаар тухайн жилдээ спортын төрлөөрөө амжилт гаргасан шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Өнөө жилийн шилдгээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон хоёрын нэг нь болов уу гэсэн таамаглал спортын хорхойтнуудын дунд бий.

Аль эсвэл энэ хоёр хоёулаа ч авах боломжтой. Ингээд “Бөртэ чоно-2017” наадмын шилдгээр шалгарах шаанстай, энэ жил онцгойрсон тамирчин П.Орхоны амжилтыг онцолмоор санагдлаа. Энэ жил болсон бүх тэмцээндээ түрүүлж, Франц улсын Парис хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Аварга болсон амжилттай. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монголын тав, эмэгтэйчүүдээс гурав дахь бөх болсон билээ.

Өдгөө 24 настай П.Орхон монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр үл барам, дэлхийн дэвжээг эзэгнэж, цахиур хагалж шилдгүүдийг дараалан өвдөг шороодуулсаар анхны түрүүгээ хүртсэн. Дэлхий аварга болох түүний зам дардан байгаагүй ч тойргийн барилдаанаас онцгойрсныг хэн бүхэн сайн мэднэ. 

Ингээд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ П.Орхоны гаргасан амжилтуудыг танилцуулъя.

2017 он гарсаар,
1. Монгол Улсын аваргын алт
2. Иван Ярыгины алтан гран пригийн алт
3. Оюутны Улсын аваргын алт
4. Монголиа Опен тэмцээний алт
5. Польшийн нээлттэй тэмцээний алт
6. Испанийн Мадридын гран пригийн алт
7. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн. Мөн түүний дараа Литви улсад зохион байгуулагдсан 2017 оны Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, алтан медалийн буухиагаа амжилттай үргэлжлүүлсэн гавьяатай. Тэрбээр нэг сар хүрэхгүй хугацаанд Насанд хүрэгчдийн болон Армийн гэсэн хоёр төрөлд Дэлхийн аварга болжээ.

Ийнхүү өнгөрч буй 2017 онд онцгойрсон П.Орхонд одоо олимп л дутуу байна. Түүний багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Онгирч байгаа юм бишээ, Орхон олимпийн аварга болно” гэсэн сайхан бахархмаар ярилцлагыг манай сайт нийтэлсэн. Тэгэхээр түүнд одоо 2020 оны Токиогийн олимпийн аваргын болох л дутуу байна даа. Олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат тамирчин П.Орхонд спортын өндөр амжилт хүсье.

О.Онон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.