Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв

Сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт томилгоогоо үргэлжлүүлж, Монгол Улсын эдийн засаг тартагтаа хүртэл муудаж, цалин мөнгөө тавьж чадахгүйд хүрсэн тухай Ерөнхий сайд, Сангийн сайд нар нь мэдээлж, хэмнэлт, таналтын тухай ярьж өнжив. АН-ынхан ч дуугүй суусангүй, ээлжит бус чуулганы хуралдааныг яаралтай зарлаж, төсвийн тодотголоо хэлэлцэх талаар шаардлага хүргүүлсэн. “Мэргэжлийн” гэх тодотголтой шинэ Засгийн газар ч мөн хуралдаж, төрийн өмчит байгууллагын дарга нарын цалингаас хасч, төсөв хэмнэх шийдвэр гаргасан. Мөн өнгөрсөн долоо хоногт Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам үргэлжилж, монгол тамирчдаа дэмжих хүмүүсийн уухай тасарсангүй, одоо ч үргэлжилж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан зарим хүний ярьсныг “Хэн юу хэлэв” булангаараа онцлон хүргэж байна.


Ж.Ганбат: ТАХ-ын цалинг бууруулахад гурван тэрбум төгрөг хэмнэнэ

/Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга/

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийхдээ төрийн албан хаагчдын цалинг бууруулж, төсөвт хэмнэлт хийнэ хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат “Сангийн яамаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар  бууруулах  тухай асуудал яригдаж байна. 

Асуудлыг ойрын үед Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.  Орон нутгийн  Засаг болоод   ИТХ-ын дарга нар, нийслэлд агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. Харин эдгээрээс доош  төвшний төрийн албаныхны цалин хөндөгдөхгүй байх үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь,  төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар тус тус  бууруулна. Энэ оны хувьд нийлээд гурав орчим тэрбум төгрөг, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

Мөн цалин бууруулахаас гадна үйл ажиллагааны зардлыг бууруулна. Үүнд, тэвчиж болох бүх зардлыг бууруулна. Тодруулбал, гар утас, тээвэр шатахууны зардлыг бууруулж, тавилга эд хогшлыг худалдаж авахыг зогсооно. Урсгал засварыг бууруулна. Зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулах арга хэмжээг авна. Гар утасны зардлаас  гэхэд жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ” хэмээсэн юм. Харин Засгийн газрын хуралдаанаар хамгийн түрүүнд албан тушаалтнуудын цалин хөлсийг хасах асуудлыг хэлэлцээд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болсон юм.

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоохоор шийдвэрлээд байна.

З.Нарантуяа: Хэзээ ч, аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй

/УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга/

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Сангийн сайдын хийсэн мэдээллийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувиар өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Мэдэгдлийг анхааралтай харж, сонсож, судалсан.

Үүнээс шинэ байгуулагдсан Засгийн газар болоод түүний Сангийн сайд бол өнөөдрийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг давж туулах өөрсдийн гэсэн арга зам, гарцаа олж чадаагүй юм байна гэж харлаа. Мэдэгдлийг нь багцлаад дүгнэх юм бол явж явж өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх, хүндрэлтэй зарим төслүүдээ санхүүжүүлэх, графикийн дагуу төлөх зээлийн төлбөрийг төлөхдөө олон улсын байгууллага эсвэл түншлэгч орнуудаас зээл авахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Зээл л авч үүнийг шийдэх юм байна гэсэн санааг энэ мэдэгдлээрээ хийж байна.

Сангийн сайдын дурьдсан гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн өсөлт 17 хувиас уруудсан, улсын валютын нөөц багассан болоод өр төлбөрийн тухай тоо бол шинэ тоо биш. Энэ бол 2012-2014 онд одоогийн МАН-ын нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Сангийн сайд Ч.Улааны үед ч, 2014 онд томилогдож 2015 оны есдүгээр сар хүртэл ажилласан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байх үед ч, АН-аас томилогдсон Б.Болор сайдын үед ч яригдаж л байсан тоонууд. Нөхцөл байдал ийм байна шүү, бид шийдлээ яаж олох вэ гэдэг дээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдлээ байнга хийж явсан. Гарцаа хайхын тулд УИХ-д олонхи болсон хоёр нам хамтарч УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталж байлаа. Өнөөдөр гэнэтхэн энэ тоонуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд гарч ирээд мэдсэн юм шиг ард түмнийг цочролд оруулахаар өндөр дуугаар ярих шаардлагагүй.  


Түүнээс гадна хүндрээд байгаа эдийн засагт хүндрэл болохоор мэдэгдлүүдийг Монголбанк, Сангийн яамны зүгээс хийж байгаа нь нөхцөл байдлыг улам муутгаж болзошгүй байгаа учраас мэргэжлийн хүний хувьд маш их санаа зовж байна. Яагаад гэвэл Монголбанкны ерөнхийлөгч бол мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн. Хэзээ ч, аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Тэр хүний хэлсэн үгнээс үүсэх үр дагавар их байдаг. Эдийн засаг савлаж, доргиж болно.

Монголбанкны ерөнхийлөгч ийм хэмжээний мэдэгдэл хийлээ. Зохиомол валютын хомсдолыг бий болгох алхам хийсэн нь туйлын харамсалтай. Ер нь Сангийн сайд дөрвөн жилээр, Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог нь бодлогын хувьд нэг нэгнээ хянах, төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг. Ийм атал Монголбанкны ерөнхийлөгч хүн улстөрч шиг ийм мэдээлэл хийсэн нь туйлын харамсалтай. Гарцын хувьд энэ Засгийн газар 100 хоногтоо ямар гарц гаргаж ирэхийг сөрөг хүчин ажиглаж байгаа. Цаг нь болохоор санаа оноогоо УИХ, Засгийн газарт тавих болно” гэжээ.

Д.Банди: Манай шүүгч олигтой хамгаалалт хийсэнгүй

/Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч/

Рио-2016 олимпийн наадамд манай улсаас зургаан боксчин оролцож, зарим нь шүүгчийн буруу шүүлтээс болж, Д.Отгондалай амжилтаасаа хасуулсан талаар цахим ертөнцөд нэлээд шуугисан. Тэгвэл энэ талаар “Олимпт эрх авч оролцдог болсноос хойш зургаан боксчин оролцсон нь хамгийн олон ширэн бээлийтэн оролцсон наадам боллоо. Сайн байна гэж гэж харж байгаа. Тамирчдын маань хувьд сайхан байсан.

Эрх авах тэмцээнүүдэд сайн тоглосон. Олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд ч сайн оролцсон. Бэлтгэлжилт овоо байсан гэж бодож байгаа. Би өмнө нь ч хэлж байсан. Ямар амжилт гаргах бол гэдэгт хоёр л юм байгаа. Нэгдүгээрт, дасгалжуулагчид хэр зэрэг тактик зохиож чадна вэ. Тамирчин түүнийг нь хэр гүйцэтгэж чадаж байна вэ. Хоёрдугаарт, тамирчныхаа амжилтыг хамгаалах шүүгчтэй байгаа. Шүүгч маань хэр хамгаалалт хийж чадаж байна вэ гэдгийг  хэлж байсан.

Энэ маань сая харагдлаа. Д.Отгондалайгийн хувьд сайхан тоглосон.  Идэвхи, хурд, дайчин байдал, өөрөө эхэлж ажилласан  зэрэг нь сайн. Гэтэл шүүгчид дандаа эсрэг талд оноо өгсөн. Манай шүүгч олигтой хамгаалалт хийсэнгүй. Хамгаална гэдэг нь хүнтэй яриа хөөрөөтэй байж,  наануу цаануу болж харилцахаас эхлээд байна. Тэгж чадсангүй. Дараагийн тоглолт бол финалд Бразилийн тамирчинтай тоглох байсан. Д.Отгондалай маань түүнтэй өмнө нь хоёр таарч хоёуланд нь ялсан. Гэтэл  нөгөө талаас асар их арга хэмжээ авсан байна. Дандаа өөрсдийн талын шүүгчдийг суулгасан байна.

Тэр байтугай Бразилийн шүүгч хажуугийн шүүгчээр сууж байгаа юм. Энэ нь манай тамирчин ялагдах нэг шалтгаан болсон. Дутуу оноо өгөх бас нэг шалтгаан манай талаас  гарсан. Яасан бэ гэвэл, Д.Отгондалай маань тактиктай ажиллаагүй. Үзэгч харахад түрүүлж ажиллаад, илүү байгаа. Гэтэл манай хүн зүгээр л зодох гээд дайраад. Тэгээд зодсон. Зодоход нь мань хүнийг ингэдэг юм байна, ингэхээр ингэе, тэгэхээр нь тэгье гээд тоглолтыг нь эртнээс судалчихсан эсрэг тал  тактиктай ажилласан. Яаж тоглох ёстой байсан бэ гэвэл, баруун гарын эсрэг угтуулдаг цохилтыг  шахаж явж байгаад зогсоох ёстой байсан.

Манай хүн ажиллана,  баруун гар шиднэ,  тэр нь оногдоод байсан. Шүүгч эхлээд цохисныг биш сүүлд цохисныг нь  хардаг байхгүй юу. Эсрэг талын тактикт орчихлоо, судлагдсан гэдгээ анхаарч үзсэнгүй алдаа гарлаа. Спорт хөгжиж байгаа орнуудад тамирчин ямар шагнал авч байна, түүнтэй тэнцэх хэмжээний шагналыг дасгалжуулагчид нь өгдөг. Тэгж байж дасгалжуулагчийг шаардах, шахах үүргийг бий болгоно. Энэ манайд дутагдаад  байна” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.