“Зүүнхараа-2016” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болно

“Зүүнхараа-2016” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болно

Сэлэнгэ аймгийн Мандал сумын   спортын ордонд энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Зүүнхараа-2016” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Зүүнхараа хүүхдийн ордон, тус ордны шатрын багш Д.Энхбаатарын үүсгэн байгуулсан “Бяцхан мастер” шатрын клуб, Мандал сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрийг хүртэл бүртгэж ажээ.

Өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрөлд, зургаан насны ангилалаар зохион байгуулагдах юм байна. Тухайлбал, 6 хүртэлх нас, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-17 насны ангилалд болох бөгөөд тэмцээн ОУШХ-ны дүрмийн дагуу явагдах аж.

Тэгэхдээ хүүхдийн тооноос хамаарч “Швейцарь систем”-ээр 7-9 өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлүүлэх юм байна. Хэрвээ оноо тэнцвэл хоорондын тоглолт, цэвэр хожил гэх мэт чанарын үзүүлэлтийг харгалзаж үзэх ажээ. Тэмцээн оролцохыг хүссэн өсвөрийн шатарчдын 100 мянган  төгрөгийн үнэ бүхий сийлбэртэй шатраар шагнах юм байна. Мөн тусгай байр эзэлсэн хоёр шатарчныг дурсгалын медаль, шатраар шагнах  ажээ.

Түүнээс гадна багийн дүнгээр эхний гурван байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна. Тухайлбал,  нэгдүгээр байр эзэлсэн багийг  өргөмжлөл, 150 мянган төгрөгөөр шагнах бол хоёрдугаар эзэлсэн багийг өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнах ажээ. Харин гуравдугаар байр эзэлсэн багийг өргөмжлөл, 50 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулах юм байна. Дээрээс нь тэмцээнд оролцогсдын мандатын дугаараар сугалаа сугалуулж, 10 хүүхдэд бэлэг гардуулах. Тоглолтоо хийхээр хүлээж буй хүүхдүүдийн дунд олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулж, шагнах ажээ.

Дашрамд дурьдахад, тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Дэлхийн Зөн Монгол-Зүүнхараа ОНХХ, ивээн тэтгэгчээр “Цант-Орхон” ХК, ШШГЕГ харьяа Хорих 0413-аар анги ажиллаж байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.