М.Шийрэвжамц: Өвөө, аав хоёрынхоо мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна

М.Шийрэвжамц: Өвөө, аав хоёрынхоо мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна

/Дэлхийн даамны холбооны мастер, Өсвөрийн дэлхийн аварга, Азмийн аварга, Улсын зургаан удаагийн аварга тамирчин/

-Юун түрүүнд Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Олон орны даамын мастеруудтай өрсөлдөж, дэлхийн аварга болсондоо маш их баярлаж байна. Энэ бүхэн бол миний аав, ээж, багш нарын минь ач. Амжилтад хүрэхэд тусалж, дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Тэмцээнийхээ талаар танилцуулахгүй юу. Ямар онцлогтой вэ?

-100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Измир хотод 28 дахь удаагаа боллоо. Энэхүү тэмцээнд нийт 30 орны 218 даамчин ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн. Харин манай улсын 24 тамирчин найман насны ангилалд өрсөлдөж, үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл медаль, блиц төрөлд нэг алт, хоёр хүрэл, турк даамын төрөлд таван алт, долоон мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Даамын бүх төрөлд бүх насны ангилалд залуучууд болон өвсөрийн тамирчид оюун ухаанаараа өрсөлддөгөөрөө онцлогтой. Дэлхийн аварга учраас ази, европ гэлтгүй бүх улсын тамирчид оролцдог.

-Дэлхийн аваргад оролцох эрхээ хэрхэн олж авсан бэ?

-Би дэлхийн аваргын тэмцээнд 11 настайгаасаа оролцож байна. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ их сонин олж авсан даа. Учир нь энэ жилийн Даамын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 12 дугаар байрт шалгарч, медаль авч чадаагүй. Үүнээс болж дараа дараагийн тэмцээнд оролцох эрх авах боломжгүй болсон. Хэрвээ өсвөрийн улсын аваргад медальт байрт шалгарсан бол “Азийн хүүхдүүд” наадмын даамын тэмцээнд оролцох байсан юм. Гэвч тэгээгүй.

-Улсын аваргад түрүүлээгүй болохоор сэтгэл санаагаар унаж байв уу?

-Үгүй. Аав минь надад нэг зүйлийг их захидаг л даа. Олон сайхан аавын хүүхдүүд дунд миний хүүг хожих хүү байлгүй яах вэ. Сайхан тоглоод л дуусга гэдэг юм. Тиймээс нэг их сэтгэл санаагаар унаад, хожих байсан юм гэж дайраагүй. Улсын аварга шалгаруулах тэмцээн учраас 21 аймаг, дүүргээс шалгарсан шилдэг хүүхдүүд өрсөлддөг. Өнгөрсөн жил гэхэд 94 тамирчин оролцсон. Тухайн үед Пүрэвдорж багш маань сэтгэл зүйн бэлтгэл дутуу байна гэж надад хэлж байсан. Би наймдугаар өрөг дээр хоёр оноогоор түрүүлж явсан ч буруу нүүдэл хийгээд тэнцчихсэн. Дараагийн өрөгтөө тоглохдоо бас хожигдсон. Энэ тэмцээнээс их зүйл сурсан. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ бүх ард түмний XIV дүгээр наадамд оролцож, хүрэл медаль хүртэж авсан. Гэхдээ тэмцээнд бараг хожигдох байх гэж бодож байсан юм. Учир нь багштайгаа учраа таарсан. Урьд орой нь багшийгаа хожихгүй байх гээд л тайван унтчихсан ч маргааш нь хожчихсон. Өөртөө ч итгээгүй. Тэр тэмцээнээс л дэлхийн аваргад оролцох эрхээ олж авсан даа.

-Дэлхийн аваргын тэмцээний тоглолтоосоо сонирхуулахгүй юу. Тэр дундаа сүүлийн тоглолт их өрсөлдөөнтэй болсон байх?

-Би нийт есөн тоглолт хийж, зургаа хожиж, нэг хожигдоод, хоёр тэнцсэн. Зургаа хожихдоо, Голланд, Беларусь, Украйн, Хятад, Истони, Казакстаны тамирчидтай тоглосон. Харин хоёр тэнцэж, нэг хожигдохдоо оросын тамирчидтай таарсан. Ер нь Орос улсын хүүхдүүд их сайн тоглодог. Сүүлийн үед Хятад улсын тамирчид их хүч төрөн гарч ирж байна л даа, даамны төрөлд. Миний шийдвэрлэх тоглолт хийсэн тамирчин маань ч Хятад улсын тамирчин байсан. Наймдугаар өргийн дараа хоёрдугаарт явж байсан учраас хожихын төлөө тоглоогүй. Тэнцвэл медальт байрт буух байсан болохоор тэнцэх зорилготой тоглож байсан. Гэтэл хятадын тамирчин буруу нүүдэл хийчихсэн. Би дэлхийн аварга болчихоод өөртөө итгэж өгөхгүй л байсан. Яах вэ, сүүлийн үед туркууд даамын тэмцээнийг сонирхож, эх орондоо зохион байгуулах болсон. Энэ жилийн тэмцээний зохион байгуулалт, тамирчдыг байрлуулах байр, хоол, ундны асуудал их сайн байсан. Магадгүй цаг агаарын байдал, идэж байгаа хоол унд маань таарсан болохоор сайн тоглосон байх.

-Тамирчин хүн бүрт тэмцээнд оролцохоосоо өмнө өрсөлдөгчөө судлах гэдэг том зүйл байдаг. Чиний хувьд судалгаа хэр хийв?

-Би тэмцээнд явахаасаа өмнө орос улсын тамирчин Марель Шарапутдинов, Иван Бусирцов, Анатоли Протодяаконовыг их судалсан. Тэр гуравтайгаа ч таарч тоглосон. Бид тоглож байхдаа өргөө бичиж тэмдэглэдэг. Тэр тэмдэглэлийг шүүгчид аваад интернэтэд байршуулдаг. Миний хувьд өрсөлдөгчдийнхөө тоглолтыг интернэтээс судалж, анализ хийсэн. Энэ жил өмнө нь нэг удаа тоглосон Анатоли Протодяаконовтой дахин таарсан. Бид орчин үеийн идэвхтэй тоглолт үзүүлсэн. Тэр нь бие бие рүүгээ дайрах маягийн тоглолт гэсэн үг. Энэ тоглолтоор дахин тэнцсэн. Өмнөх удаагийн тоглолт дээрээ ч тэнцэж байсан юм.

-Ангийнхан болон багш нар чинь чамайг тосч авч байгаа харагдсан?

-Манай ангийнхан намайг маш сайхан угтаж авсан. Би үнэхээр их баярласан. Бүгд миний зургийг барьчихсан, баяр хүргэе, дэлхийн аварга хэн билээ. шийрэв, шийрэв гээд л хашгарч байсан. Тэр үед их сайхан санагдсан. Хамт олонтой байх ямар сайхныг мэдэрсэн. Мөн манай даамны холбооныхон болон их мастерууд маань биднийг тосч авсан. Бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Нэг хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Би дэлхийн аваргын тэмцээнд явах эрхээ авсан ч санхүүгийн байдлаас болж яавах эсэх нь эргэлзээтэй болсон л доо. Бараг л явахгүй гээд бодчихсон байсан. Тамирчин хүн аливаа тэмцээн уралдаанд явахад санхүү маш их чухал байдаг. аав, ээж минь тэр болгонд намайг дэмжиж, тэмцээн алгасалгүй оролцуулдаг. Энэ жил улс орны санхүүгийн хямрал, ам.долларын ханш өссөнөөс болоод Туркийн тийзний үнэ өсчихсөн. Өнгөрсөн жил нэг сая  100 мянга байсан бол энэ жил хоёр сая болтлоо өссөн. Дэлхийн аваргад явъя гэвэл тийзний мөнгөнөөс гадна, идэх, уух, ойр зуурын зүйлд зарцуулах зардал нийлээд гурван сая гаруй төгрөг шаардлагатай болсон. Аав, ээжид маань шаардлагатай мөнгөний тал зардал нь байсан. Ивээн тэтгэгч, санхүүжилт ч олдохгүй байх үед аавын минь шавь Ганхуяг ах тал зардлыг минь даасан. Ингэж л тэмцээнд явах болсон. Тухайн үед тэмцээн болоход 14 хоног л үлдсэн байсан. Тэр хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.