М.Нямжаргал: Монголчууд Азид даамаар ноёрхдог ч улсын шигшээ баг байдаггүй

М.Нямжаргал: Монголчууд Азид даамаар ноёрхдог ч улсын  шигшээ баг байдаггүй

/Азийн хошой аварга, олон улсын их мастер, улсын өсвөр, залуучуудын найман удаагийн аварга тамирчин/

-Монголын анхны эмэгтэй Азийн хошой аварга тамирчин боллоо. Ямар амжилт үзүүлж, хошой аваргын болзлоо хангав?

-Анх Даамын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2010 онд манай улсад зохион байгуулагдсан юм. Тэр үед би 14 настай байсан ч Монгол Улсаа төлөөлж оролцох дөрвөн тамирчны нэгд багтсан. Намайг тоглож эхэлж байх үед даамын спортын тэмцээний насны ангилал нь харилцан адилгүй байсан л даа. Тухайлбал, 16-гаас доош насны  хүүхдүүд хоорондоо тоглодог. Тэгэхээр их харьцангуй шүү дээ.

Мэдээж найман настай хүүхдээс 16 настай хүүхэд нь илүү сэтгэнэ. Түүнээс болж би насанд хүрэгчидтэй хамт Азийн анхны эмэгтэйчүүдийн даамны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Одоо даамын тэмцээн 8-10, 11-13, 14-16 гэсэн насны ангилалтай болсон. Анхны Азийн аваргаас би хүрэл медаль хүртсэн. Тэгэхдээ өмнө нь ялж чаддаггүй байсан мастеруудаа ялж, хүрэл медалийн болзол хангасан.

Би Мандахнаран, Энхзаяа гэдэг мастер эгч нарыг хожиж байгаагүй. Гэтэл тэр тэмцээний үеэр Мандахнаран эгчийг зооноос гарахдаа, Энхзаяа эгчийг хүрэл медалийн төлөө тоглохдоо хожиж, медальт байрт шалгарч байсан юм. Дараа нь 2012 онд Малайз улсад болоход нь дахин оролцож, түрүүлсэн.

2012 оны Даамны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ази тивийн анхны их мастер цолыг хүртсэн. Маш их баярладаг. Гурван жил Азийн аваргад оролгүй өнжиж байгаад энэ жил оролцоод дахин түрүүлсэн. Тэгээд Азийн хошой аварга болсон. Энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид хятадууд байлаа. 2013, 2014 оны Азийн аварга тамирчидтай өрсөлдсөн.

Мөн 2013 оны дэлхийн залуучуудын аварга охин ч байсан. Гэхдээ энэ гурван охин гурвуулаа медаль авч чадаагүй. Эхний гурван байрт Монголын тамирчид орсон. Ер нь Монголчууд Азид даамын спортоороо ноёрхож байна.  Мөн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа болдог учраас тамирчдын дунд хүлээлт ихтэй, том тэмцээнд ордог. Дэлхийн аваргад орох эрхээ азийн аваргийн тэмцээнээс авдаг.

-Дэлхийн аваргад орох эрхээ олж авсан байна шүү дээ?

-Тийм. Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Азийн аваргад орсон. Дэлхийн аваргын тэмцээн маань ирэх жил Истони улсад болно. Энэ тэмцээн маань 16 эмэгтэй тамирчин тойргийн системээр тоглодог. Тэгэхээр Ази, Европын аваргуудтай өрсөлдөнө.

-Даам олон төрөл байдаг. Чи аль төрлөөр нь тоглодог вэ?

-Би оюуны спортын үндсэн төрөл болох 100 буудалт даам тоглодог. Яахав, бусад орны онцлогоос шалтгаалаад олон төрлийн даам бий.

-Хэдэн настайгаасаа даам тоглох болсон бэ. Даам тоглох болсон түүхээ хуваалцвал?

-Би зургаан настайгаасаа даамын спортоор хичээллэсэн. Манайх Завхан аймагт амьдардаг байсан юм. Аймгийн спортын их наадам бол миний анхны тэмцээн. Долоон настайдаа тэр наадамд оролцож, өөрөөсөө том хүүхдүүдтэй өрсөлдөн, мөнгөн медаль авч байсан. Тэр үед аав минь надад даам тоглохыг зааж өгсөн.

Би аав, ээждээ их баярлаж, бахархаж явдаг. Аав, ээж маань хүүхдүүдээ илүү хөгжүүлэх, даамын спортоор дагнуулахын тулд хот руу нүүх шийдвэрийг гаргасан. Хотод ирээд клубт хамрагдаж, даамын спортоор илүү хичээллэх болсон доо. Миний ээж, аав бидний төлөө маш их зүйлийг хийсэн. Бидний оюунд маш том хөрөнгө оруулалт хийсэн гэж би боддог.

-Зургаан настайгаасаа хичээллэсэн гэхээр даамын спортын тамирчдын жаргал, зовлонг мэддэг болсон байх. Даамын спортоор хичээллэж байгаа тамирчдад ямар асуудал тулгарч байна. Төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Ер нь тамирчин бүрт л санхүүгийн асуудал тулгардаг л даа. Ямар нэгэн тэмцээн, уралдаанд ороход. Зарим азтай гэх юм уу хөөцөлдөлгөө ихтэй хүмүүс ивээн тэтгэгчтэй байдаг. Би тэр азтай хүмүүсийн нэг. Намайг “Ялгуусан” компанийн захирал Санжаадорж ах таван жил ивээн тэтгэж, тэмцээний зардлыг маань дааж байна. Миний эмзэглэж явдаг нэг зүйл бий.

Шатрын спорт улсын шигшээ багтай болчихлоо. Гэтэл адилхан оюуны спорт хэрнээ даамын спортын улсын шигшээ баг байдаггүй. Тиймээс даамын спортын шигшээ багтай болоосой гэж их хүсдэг. Даамын тамирчид шатарчдаас илүү их амжилт гаргаж байна. Даамын спортоос өсвөрийн хоёр дэлхийн аварга төрчихлөө. Мөн Азийн аваргууд их төрж байна. Шатраас дутахааргүй амжилт гаргаж байгаа. Азийн аваргын шатрын тэмцээнээс ганц л медальтай ирсэн.

Гэтэл манай даамын тамирчид маш том амжилт үзүүлсэн шүү дээ. Сүүлийн үед даамын спорт Монголд хөгжиж, өндөр амжилт гаргаж байгаа нь их мастеруудтай холбоотой. Их мастерууд өөрсдийн клубтэй болж, хоорондоо их өрсөлдөж, хүүхдүүдээ чадавхжуулж байна. Их мастер Манлай ахын клуб дээр гэхэд л цуврал тэмцээн их болдог. Тоглохдоо насны ангилал хамаарахгүй тоглож байгаа учраас бие биеэсээ туршлага хуримтлуулдаг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.