Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар болох бөгөөд зөвхөн сүүлийн шигшээ шатны тоглолтууд нь дотоод сүлжээгээр болох юм.
Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд өнгөрсөн шөнө Францын "3DMAX" багтай тоглож 2-1 ( 13-11; Ancient 4-13; Inferno 13-11) харьцаагаар хожлоо. Улмаар гурав дахь хожлоо байгуулж Швед улсын Стокхольм хотноо үзэгдчийн өмнө тоглох найман багийн нэг боллоо. Тус тоглолт гуравдугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр сүүлийн гурван баг тодорсноор найман баг бүрдэж оноолт гарах юм.
Манай залуус эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багтай тоглож 2-0 (Nuke 19-17; Mirage 13-9; Inferno 0-0) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо "Aurora Gaming" багтай тоглож 2-0 (Dust2 13-9; Mirage 13-11; Inferno 0-0) харьцаагаар хожсон. Улмаар гурав дахь тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 0-2 (Ancient 1-13; Overpass 11-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдож хоёр хожил, нэг хожигдолтой болсон билээ.
Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт нэг хожил, гурван хожигдолтойгоор тус тэмцээний нэгдүгээр шатнаас хасагдсан юм.
"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар тоглож байна.

