Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын түгээсэн 10 обьектын талаарх ташаа мэдээлэлд хийх залруулга №1

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын түгээсэн 10 обьектын талаарх ташаа мэдээлэлд хийх залруулга №1

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв болон Ж.Хатанбаатар эмчийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь 2024.04.23-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тус дүүргийн Засаг дарга Алтаншагайтай хамт явахдаа илтэд гүтгэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн тул үнэн бодит мэдээллийг олон нийтэд үүгээр хүргэж байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв бол 1990-ээд онд өв соёл уламжлалаа сэргээн хөгжүүлэх боломж бүрдсэн шинэ ардчилсан нийгмийн үр шим болж байгуулагдсан эмнэлэг-сувилал. Ийм эмнэлэг сувиллыг байгуулахыг 1990-ээд онд төр засгийн холбогдох байгууллагууд даалгасны дагуу байгуулж, өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд манай хамт олон хичээн зүтгэж ажиллаж ирсэн. Олон түмэн “элэгний эмнэлэг”, “Хатанбаатарын эмнэлэг” гэж нэрлэж заншсан нь эмнэлэг сувиллын үйл ажиллагааны чиглэл алдагдаагүй, хүн ардыг эмчлэн сувилах үзэл баримтлалаасаа хазайгаагүй явж ирснийг гэрчилнэ. Өнөөдөр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь Нийгэм ахуйн барилга трестийн харьяа Барилгачин зочид буудал байсан барилгын гуравны нэгд тухайн үеийн Хотын гүйцэтгэх захиргааны 172 дугаар захирамжаар байрлаж, 30 гаруй жил, эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж байна. Харин “Барилгачин” зочид буудлын гуравны хоёрыг нь “Мон-инж-бар” компани 30-аад жилийн өмнө хувьчлан авч, 2010 оныг хүртэл буудлаар ажиллуулж байгаад яг ард нь 5 давхар байр барьж, тэндээ зочид буудлынхаа үйл ажиллагааг явуулж, харин хувьчилж авсан хуучин хэсэгтээ Жинст, Энэрэл-момац, Өгөөмөр зэрэг 10-аад хувийн эмнэлэг, хоёр эмийн сан гэх мэт 12 хувь хүн, аж ахуйн нэгжид түрээслүүлдэг юм байна.

Гэтэл Нямбаатар дарга хэлэхдээ: Хатанбаатар эмч энэ байрны урд талын багахан хэсэгт нь эмнэлгээ явуулж, бусад хэсгийг нь 30 гаруй жил хүмүүст түрээсэлж байгаа мэтээр нь ямар ч баримт нотолгоогүй ташаа мэдэгдэл хийж байгаа нь бусдын нэр төрийг гутааж, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Сүүлийн үед хотын дарга Нийслэлийн мэдэлд байгаа өмч хөрөнгөөс гадна эмнэлэг сувиллын ажилтнуудын байрыг хүртэл надад хамаатай гэж нийтэд ойлгуулахаар, мэдээллийн олон сувгаар ярьж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг ажилтнуудын байрыг хотын дарга та эзэмшдэггүйтэй адил эмнэлэг сувиллын ажилтнуудын байрыг би ч бас эзэмших эрх, боломжгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Мөн Хатанбаатар эмч нийслэлийн 10-аад өмчийг хувьдаа эзэмшдэг гэж ярих болсон нь ч бас л ямар ч үндэслэлгүй. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хамааралд байгаа эмнэлэг сувилал, эмийн үйлдвэрийн бүх обьектууд Нийслэлийн Засаг даргын харьяанд байгаа. Эдгээрээс нэг нь ч иргэн Ж.Хатанбаатар миний эзэмшилд байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Эрхэм хотын дарга Х.Нямбаатар танаас хичээнгүйлэн хүсье.

Нэгдүгээрт, Харьяа байгууллагуудын хариуцлагагүй албан тушаалтнуудын өгч байгаа ташаа худал мэдээллийг нягтлан шалгахгүйгээр түгээж бусдыг гүтгэхээ зогсооно уу.

Хоёрдугаарт, Та Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлнэ үү.

Гуравдугаарт, өнөөдөр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв Нийслэлийн харьяа байгууллага хэвээр байгаа тул та зохих шийдвэрээ, зүй зохистой гаргана уу.

Монгол Улсын ардын эмч, Анагаах ухааны доктор Ж.Хатанбаатар

Улаанбаатар 2024 04 30

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ