Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ

Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ

Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын агентлагуудын мэдээлснээр, концертын танхимын ихэнх хэсэг галд автсан байна.

“Крокус Сити Холл”-д зэвсэгт халдлага болсон тухай эхний мэдээ Москвагийн цагаар 20.00 цагийн орчимд гарчээ. Зэвсэгт этгээдүүд гал нээсний дараа концертын танхимд дэлбэрэлт болсон гэж ТАСС агентлаг шуурхай албаны мэдээллээс эш татан мэдээлсэн бол үүнээс цаг 30 минутийн дараа “Интерфакс” агентлаг дахин дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ. Улмаар барилгын дээврийн зарим хэсэг нурсан байна.

Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москва болон Москва мужид олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан байна. Дагестан, Умард Осет, Тула муж, Ненецийн автономит тойрог зэрэг ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэж ТАСС агентлаг мэдээлжээ. АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, эмгэнэл илэрхийлсэн байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк энэ хэрэгт Киев ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ