Т.Энхжин, Н.Батбилгүүн нар чөлөөт бөхийн “U23” насны Азийн аварга боллоо

Т.Энхжин, Н.Батбилгүүн нар чөлөөт бөхийн “U23” насны Азийн аварга боллоо

“Бишкек-2023” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Түвшинжаргалын Энхжин дөрөв ялж алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр финалд Энэтхэгийн Батериг 3:2-оор ялж алтан медалийн тавцанд зогссон. Түүний хувьд Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон долоо дахь эмэгтэй тамирчин болж байна.

Мөн өнгөрсөн жилийн залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт, Төв-Арж, "Монгол" группийн бөх Наадамбатын Батбилгүүн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 4 ялж алтан медалийн эзэн боллоо. 19 настай түүний хувьд шигшээ барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол бөх Сийлэнхүүг 7:1-ээр илүүрхснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс "U23" насны ангилалд Азийн аваргад түрүүлсэн 4 дэх эрэгтэй тамирчин болж байна. Түүнээс өмнө нь ОУХМ Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр нар 4 жилийн өмнө нь Улаанбаатарын дэвжээнд аваргалж байв.

79 кг-ын жинд 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга, ОУХМ  Алтанзулын Дөлгөөн мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр жиндээ нийт 4 барилдаан хийсэн бөгөөд Кыргызстаны Алинур Такировыг 5:0-ээр, Казахстаны Нурдаулет Куанышбайг 3:2-оор, Туркменистаны Атамырат Чарлиевыг 3:0-ээр тус тус "өвдөг шороодуулж" Энэтхэгийн Сагар Жакланд 0:11-ээр ялагдсан.

Харин хүрэл медалийг Доржсүрэнгийн Цогзолмаа хүртэв. Тэрбээр хэсгийн барилдаанд 3:3-аар ялагдсан Казахстаны Анастасия Панассовичтэй медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд дахин таарч 7:6-гаар ялсан. Д.Цогзолмаа 2019 онд нутгийнхаа дэвжээнд хүрэл медаль хүртэж байсан бол 4 жилийн дараа амжилтаа давтлаа. Ийнхүү Бишкекийн дэвжээнд барилдсан манай гурван эмэгтэй бөх маань 3 уулаа (1 алт, 2 хүрэл) медаль зүүв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ