Каховын УЦС-ын далан нурснаар Запорожийн АЦС-д одоогоор шууд аюул нүүрлээгүй

Каховын УЦС-ын далан нурснаар Запорожийн АЦС-д одоогоор шууд аюул нүүрлээгүй

Украины Каховын усан цахилгаан станцын далан нурж сүйдсэнээс болж Запорожийн АЦС-д одоогоор шууд аюул заналхийлсэн зүйл байхгүй гэж ОУАЭА-ын тэргүүн мэдэгдсэн байна. Рафаэль Гросси тэхдээ, нөхцөл байдал маш хүнд байгаа гэдгийг онцолж байжээ.

Запорожийн АЦС-ын зургаан реакторыг хөргөхөд ашиглагддаг Каховын усан цахилгаан станцын усан сан дахь усны түвшин унасан ч гэлээ, нөөц хувилбарууд байгаа, тиймээс одоохондоо цөмийн аюулгүй байдалд шууд аюул учрах эрсдэл байхгүй гэж тэр ярьжээ. Усан сан дахь усны түвшин 12,7 метрээс доош орвол Запорожийн АЦС руу ус татагдахгүй болох юм байна. Түүнээс гадна ОУАЭА-ийн тэргүүн ирэх 7 хоногт Запорожийн АЦС-д биечлэн очно гэдгээ “Твиттер” хуудсаараа мэдээлжээ. Энэ станцад ажиллаж байгаа ОУАЭА-ийн шинжээчид мөн энэ үеэр ээлж солилцох юм байна. Европт хамгийн томд ордог энэ станц сүүлийн жил гарны туршид Оросын цэргийнхний хяналтад байгаа юм. Тус станцыг булаан эзлэгдэхээс “хангалттай хэмжээнд хамгаалсан” талаар РИА “Новости” Оросын атомын энергийн оператор - “Росэнергоатом” концерний захирлын зөвлөхөөс иш татан мэдээлжээ. Каховын УЦС-ын далангийн эвдрэлээс болж Днепр мөрний ус хяналтгүй тархан урсаж байгаагаас 42 мянга гаруй хүн шууд эрсдэлийн нөхцөлд байна. Зарим сууринд усны түвшин маш өндөр байгаагаас хүмүүс тусламж иртэл байшин барилгын дээвэр дээр хоног төөрүүлж байна. Далан сэтэрснээс болж олон зуун мянган хүн ундны усны хомсдолд ороод байгааг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэж байна. “Бид хүмүүст тусламж хүргэж чадах бүх хүн хүч, үйлчилгээг дайчилсан” гэж тэр “Телеграм” сувгаар мэдээлжээ. Мөн амин чухал дэд бүтцийн байгууламжийг нь ингэж сүйтгэсэн ч Украины хүчнийхний газар нутгаа чөлөөлөх төлөвлөгөөнд саад учруулахгүй гэж мэдэгджээ. Энэ зуур хэвлэлүүд, дайны үед усны далан хоолойг сэтлэх нь Женевийн конвенцоор хориотой үйлдэл байдаг. Дайтагч хоёр талын аль нь ч эсрэг талаа буруутгаж байгаа үндэслэлээ нотлох баримт гаргаж тавиагүй байгааг дурдаж байна. Херсон мужийн Оросын хяналт  дахь бүсүүдэд мөн онц байдал зарлажээ. ТАСС-ын мэдээгээр, далангийн ус хальснаас хойш наад зах нь 7 хүн сураггүй болсон байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ