Хятадын “Zero-COVID" бодлого яагаад хэрэгжсэнгүй вэ?

Хятадын “Zero-COVID

Дэлхий нийтээр COVID-19-ийн халдвар эрчимтэй буурахын сацуу олон улсад үүссэн хоёр орны нөхцөл байдал нь цар тахлыг мартахад хүргээд байв. Ихэнх орон бараа бүтээгдэхүүний хомсдол, инфляцийн өсөлтөөс эдийн засгаа хэрхэн аврахад төрийн бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Үүн дээр бас нэгэн “аюул” нэмэгдсэн нь дэлхийн санхүүгийн төв гэгдддэг Хятадын Шанхай хотод халдвар тархаж, бараг нэг сарын туршид хөл хорио тогтоосон шийдвэр байв. Энэ нь олон орны бараа бүтээгдэхүүний импортыг зогсоож, эдийн засагт давхар цохилт өгсөн юм. Гэтэл Бээжинд халдварын тоо дахин нэмэгдсэн нь дэлхий нийтийн айдсыг улам нэмэгдүүлээд байна. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

 

BBC: БЭЭЖИН ШАНХАЙГИЙН “АЛДАА”-Г ДАВТАХ ВИЙ ГЭХЭЭС АЙЖ БАЙНА

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Чаоянь дүүрэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 26 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн үеийн хамгийн өндөр үзүүлэлт юм.   Үүнтэй холбоотойгоор Бээжин хотноо даваа гарагаас бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Тодруулбал, 3.5 сая хүнтэй Чаоянь дүүрэг иргэдээ гурван үе шаттайгаар лхагва гарагт шинжилгээнд хамруулж дуусчээ. Бүх нийтийг шинжилгээнд хамруулах нь аль бүс нутагт хөл хорио тогтоож, арга хэмжээ авах шаардлагатайг мэдэхэд тусална хэмээн анагаах ухааны шинжээчид үзэж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Бээжинд пүрэв гарагт 50 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 34-өөр нэмэгдсэн юм. Ингэснээр дөрөвдүгээр сарын 22-ноос хойш Бээжинд 160 тохиолдол батлагдсаны тал хувь нь Чаоянь дүүрэгт бүртгэгджээ. Чаоянь нь шөнийн идэвхитэй амьдрал, дэлгүүр, элчин сайдын яамд байрладаг алдартай дүүрэг билээ. Энэ долоо хоногт Бээжин 22 сая хүн амынхаа 20 саяыг гурван удаа шинжилгээнд хамруулаад байна. Эхний шинжилгээгээр үдээс өмнө 12, үдээс хойш 46 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэж  Бээжингийн Эрүүл мэндийн газар мэдээлжээ.

Халдварын тархалт эрс нэмэгдсэнээс үүдэн Бээжингийн иргэд дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэж, лангуунуудыг хоосолж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь Шанхай хотын 25 сая иргэн хэдэн долоо хоногийн турш хөл хорионд орсонтой ижил нөхцөлд орох вий гэдгээс Бээжин хотын оршин суугчид эмээж байгаа бололтой гэж “BBC” мэдээлэв.  Үүнтэй уялдуулан Бээжингийн томоохон супермаркетууд ажиллах цагаа уртасгаж эхэлжээ. Мөн Хятадын төрийн мэдээллийн “The Global Times” сонинд мэдээлснээр хүнс үйлдвэрлэгч компаниудыг мах, өндөг, хүнсний ногооны нийлүүлтээ нэмэгдүүлэхийг Засгийн газар нь үүрэг болгожээ.

Бээжин Шанхай хот шиг хатуу хөл хорио тогтоохгүйн тулд хяналтыг чангаруулж, 22 сая хүнээ COVID-19-ийн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ халдвар илэрсний дараа их сургууль, аж ахуй нэгж, орон сууцны хороолол, сургууль, аялал жуулчлалын сайтуудаа хааж, олныг хамарсан үйл ажиллагааг зогсоожээ. Мөн “Universal Studios” парк өнөөдөр буюу баасан гарагаас эхлэн үйлчлүүлэгчдээсээ заавал сөрөг шинжилгээний хариу шаардахаар болсноо зарлав. Гэхдээ Бээжин хот халдвар илэрсэн дүүргээс үл хамааран шинжилгээ өгсөн иргэдийг ажилдаа явахыг зөвшөөрчээ.

 

РОЙТЕРС: ШАНХАЙН ХӨЛ ХОРИО ГАДААДЫН ИРГЭДИЙН ТЭВЧЭЭРИЙГ ШАЛГАВ

Шанхай хотод халдварын дэгдэлтийн эхэн үед гуравдугаар сарын 1-10-нд өдөрт 100 орчим хүнээс халдвар илэрч байв. Гэтэл гуравдугаар сарын 20-ноос эхлэн энэ тоо 700-г давж, дөрөвдүгээр сарын эхээр 1000-д хүрсэн юм. Үүнээс үүдэн тус хотын 25 сая иргэн хөл хорионд орсон билээ. Шанхай хотод  даваа гарагт 217 тохиолдол бүртгэгдэж, 52 хүн нас барсан бол мягмар гарагт 171 тохиолдол илэрч, 48 хүн нас баржээ. Ингэснээр энэ сарын 17-ноос хойш Шанхай хотын нийт нас баралт 238-д хүрсэн байна.

Шанхай хотод тогтоосон хатуу хөл  хорио тус хотод амьдардаг гадаадын иргэдийн тэвчээрийг баржээ. Тухайлбал, нэг иргэн “Би үхмээр байна” гэж Хятад, Англиар ээлжлэн хэлэхэд  баривчилсан хүмүүсийн нэг нь “Чи Хятадад ирсэн. Тиймээс улсын хуулийг хүндэлж, зохицуулалтыг дагаж мөрдөж ёстой” гэж хариулсан талаар “Ройтерс” мэдээлэв.

Бээжингийн 53 настай, тэтгэвэртээ гарсан иргэн “ Сүүлийн хоёр өдөр дэлгүүр орох бүрт олон хүн дараалан зогсож байсан. Тэдэн рүү очих нь эрсдэлтэй санагдсан учир би гэр рүүгээ буцаж харьсан. Шанхайн иргэд ямар их цочролд орсныг би сая ойлголоо” гэж “France 24” сайтад ярьжээ. Харин Санхүүгийн чиглэлээр ажилладаг 31 настай Ген “Халдвар аваад гэр бүлийнхнээсээ тусгаарлагдах вий гэхээс их айж байна” гэв.

COVID-19-ийн анхны тохиолдол 2019 оны сүүлээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илэрснээс хойш Бээжингийн Засгийн газар хилийн хориг тогтоож, хатуу хөл хориогоор халдварыг хумихыг зорьж байв. Гэвч омикрон хувилбарын хурдацтай тархалт тус улсын "zero-Covid" бодлогыг шалгасан юм. Ихэнх оронд халдварын тоо буурч байхад Хятадад дахин өссөн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 86 (6818)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.