Ц.Цогтбаяр: А.Сүхбат намайг “Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд дотоожоо тайл” гэж хэлсэн

Ц.Цогтбаяр: А.Сүхбат намайг “Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд дотоожоо тайл” гэж хэлсэн

Монголын Чөлөөт бөхийн холбоо дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хассаны дараа тэд сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн. Тэр дундаа Ц.Цогтбаяр дасгалжуулагч Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж Риод хэрхэн аашилж, ямар зан гаргаж байсан талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

Тэрбээр “Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын чадвар чансаа сүүлийн жилүүдэд эрс дээшилж байгаа. Тэр дундаа 2015 оны дэлхийн аваргаар 8 жингийн тав нь дэлхийн аваргын медалийн төлөө барилдсан. Гурав нь медаль авч, хоёр нь шагналт тавдугаар байрт орж байсан. Бидний хоорондын атаа жөтөө, тэмцэл юунаас болоод үргэлжлээд яваад байгааг би ойлгохгүй байна. Өнгөрсөн жилийн буюу Чөлөөт бөхийн Олимпийн эрх олгох дэлхийн аваргын  тэмцээний өмнө МЧБХ-ны Ерөнхийлөгч гээд байгаа Д.Дагвадорж гэдэг нөхөр шигшээ багийн дөрвөн багшийг шүүхэд өгсөн. Бид тэмцээний өмнө шүүх дээр өнжиж байсан. Найм, есдүгээр сард бид байнга шүүх, цагдаагаар явсан. Заримдаа аргаа барахдаа бусад багш нарт хүүхдүүдээ захиж үлдээдэг байлаа.

Тийм учраас л бид Чөлөөт бөхийн холбоо эрэгтэй тамирчдын амжилтад ямар ч хамааралгүй шүү гэж хэлж байсан юм. Түүнээс хойш, хүн бүр сэтгэлээ өгч байгаа Олимпийн наадмын өмнө холбоо бидэнд тусалсан бил үү. Ирж уулзаагүй, утсаар яриагүй. Олимпийн бэлтгэлд гарчихсан байхад “Олимп” баазад ирж уулзсан нэг ч хүн байгаагүй. Риод Олимпийн тосгонд очоод, Д.Дагвадорж гэдэг нөхөртэй мэндэлэхэд муухай харчихаад л яваад өгсөн. Бид яах юм бэ. Айдастай байна шүү дээ бид.

Дээрээс нь, миний ойлгож байгаагаар Г.Мандахнаран луйвардуулна, Монгол Улс медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж, н.Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн. Яагаад гэвэл, эрэгтэй тамирчдын дөнгөж хоёр нь барилдсаны дараа Д.Дагвадорж “Бүх юм зүйл дууслаа. 0-ээс нь эхлэх хэрэгтэй юм байна” гэж мэдэгдсэн. Гэтэл цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах гээд үлдсэн байсан шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан.

Зэрэгцээ өрөөнд амьдарч байж цахилгаан шатны үүдэнд тааралдахад энэ холбооны нөхдүүд чинь буруу хараад явчихдаг байсан. Олимпийн тосгонд ингэж л амьдарч байсан. Чөлөөт бөхийн холбооны нарийн бичиг Баянмөнхийн хэлсэн үг маш ноцтой гэж би бодож байна. Узбекстаны бөхийг шүүгчтэй нь ялна гэх маягийн юм ярьсан. Ингээд бодохоор тэд луйвар орно гэдгийг мэдсэн байна. Түүнийг мэдсэн байж яагаад бидэнд ирээд, луйвар орно шүү гээд хэлчихэж болоогүй юм уу, монгол хүн байж. Хоёрдугаарт, Монголын чөлөөт бөхийг төлөөлж байгаа энэ нөхдүүд Дэлхийн бөхийн холбоонд “Шүүлт чинь булхайтай болох юм байна шүү. Манай бөх дээр луйвар гарах юм байна гэж яагаад урьдчилж хэлээгүй юм.

Би Б.Баяраа багштайгаа хамт хувцсаа тайлаад, аргаа бараад байж байхад Төмөрбаатар гэдэг манай шүүгч өөдөөс хараад, зураг аваад зогсч байгаа юм. Миний нүцгэн зураг тэрэнд тийм их хэрэгтэй байсан юм. Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат гэдэг хүн өчигдөр хурал дээр надад “Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдлаадах. Дотоожоо тайл” гэж байна. Ийм л хариуцлагагүйн дунд бид явж байна.

Бид уучлал гуйж болохгүй юм байгаа юм. Б.Баяраа багш бид хоёр буруу зүйлийн төлөө тэмцсэн юм уу. Тийм булхайтай шүүлт гараагүй бол бид хоёр хувцсаа тайлахгүй.  5 минут 59 секундэд барилдааныг зогсоогоод, манай бөхийг торгочихсон бол бид хоёр дүрмээ бариад буугаад л явна. Гэтэл дүрмийн бус шүүлт шүү дээ.

Энд булхай орчихлоо. Дэлхийн бөхийн холбоо болон Монголын чөлөөт бөхийн холбооны хоорондын тохироо явагдаж байж болно. Хэл амгүй асуудлыг даръя, хоёр багшаар нь туг тахъя гэдэг. Дээрээс нь тэдний цаад санаа нь бид хоёрт хариуцлага тооцсон гэсэн бичиг цааш нь явуулаад, Г.Мандахнарангийн медалийг авахаар хөөцөлдөх эрхгүй болгох гэж байна. Бид буруугаа хүлээчихвэл Спортын Арбитарын шүүхэд зарга үүсгэж чадах уу. Чадахгүй шүү дээ” хэмээн ярилаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.