Монголын хөлбөмбөгийн шигшээ эхний хожлоо байгууллаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ эхний хожлоо байгууллаа
“ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУД” ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА
 
Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг нутагтаа болж буй “Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн”-ий эхний тоглолтоо Макаогийн эсрэг хийж 4:1-ээр хожлоо.
 
Манай шигшээ багийн залуус талбай дээрээ, үзэгчдийнхээ өмнө хавь илүү тоглолтыг үзүүлсээр эхний үеийн 39’ дэх минутад С.Ганхуягийн гоолоор тэргүүлээд эхэлсэн. Хагас хамгаалагч М.Төгөлдөрийн алсын зайнаас цохисон цохилтыг эсрэг багийн хаалгач хаасан ч ойж гарч ирсэн бөмбөгийг С.Ганхуяг нэмж гоол оруулсан нь энэ юм.
 
Нэгдүгээр үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн Ж.Сүндорж шууд чөлөөт цохилтоос хаалганы баруун дээд буланд гоёмсог гоолыг оруулсанаар манай шигшээ хоёр гоолын илүүтэй болж ирэв. Гэсэн ч хоёр гоол оруулаад тайвширч болохгүйг Макаогийн залуус анхааруулж 49 дэх минутад тоог 2:1 болгон ойртууллаа.
 
Тоглолтын үр дүн эргэж болзошгүй эгзэгтэй мөчид, 71’  дэх минутад сэлгээгээр орж ирсэн Б.Балжинням ердөө гурван минутын дараа хувийн ур чадвараар гоол оруулж, манай баг дахин хоёр гоолын илүүтэй болов. Шигшээ багийн туршлагатай довтлогч Н.Наранболд 82’ дахь минутад мөргөж гоол оруулсан нь тоглолтын эцсийн цэг байлаа.
 
“Талын хөх чононууд” Макаогийн хаалгаруу чиглэсэн 23 цохилт гүйцэтгэж дөрвөн гоол оруулсан бол эсрэг баг нэг цохиж, нэг гоол оруулсан байна. 90 минутын турш үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж гайхалтай тоглолт үзүүлсэн Монголын шигшээ багийн залуус тэмцээний хоёр дахь тоглолтоо 09 сарын 04-ний 17:00 цагаас Умард Марианы Арлуудын эсрэг тоглоно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.