Улсын Их Хурлын (2026.05.29) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэллээ. Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цаг байдаг бөгөөд энэ удаа татварын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хөндөв. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос долоо хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлсэн бөгөөд асуултыг нэгтгэн parliament.mn цахим хуудсанд байршуулсан байна.
Дэвшүүлсэн аливаа бодлогын үр дүн гарах боломжит хугацаа учраас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл улс орны сүүлийн 10 жилийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас баримталсан татварын бодлогын талаар төвлөрч асууна гэдгээ тодотгов. Тухайн хугацаанд татвар зургаа дахин нэмэгдсэн иргэдийн орлого энэ хэрээр нэмэгдээгүй, дундаж давхарга хумигдсан, ядуурал буураагүй зэрэг нь бодлогын алдаа мөн эсэхийг асуулаа. Ерөнхий сайд Н.Учрал хариулахдаа “2016 онд 3,063,568 байсан хүн ам өдгөө 3,425,000 болсон. 29,9 их наяд төгрөг байсан нэрлэсэн ДНБ өнөөдөр 89,9 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр 10 жилийн хугацаанд бол ДНБ тэлсэн, хүн ам өссөн. Төрийн албан хаагчдын тооны тухайд төрийн захиргааны албан хаагчид гэхээсээ илүүтэйгээр төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо өссөн. Шалтгаан нь 10 жилийн өмнө сургуулийн насны хүүхэд 260 мянга байсан нь өнөөдөр 455 мянга буюу бараг 2 дахин өсжээ. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн үйлчилгээний албан хаагчдын өссөн гэсэн үг. Өнгөрсөн хугацааны алдаа гэвэл төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж чадаагүй. Мөн эдийн засгийн өсөлтийн үеийг бүрэн дүүрэн, зөв ашиглаагүй, алдагдалгүй төсөв батална гээд олсныхоо хэрээр зарцуулсан” гэв. Сүүлийн 10 жилийн хугацаанд татварын нэр төрлийг нэмэгдүүлсэн эсэхийг О.Цогтгэрэл гишүүн асуухад Татварын ерөнхий хуульд заасан 27 төрлийн татвар байгаа ба согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмсэн, хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоо руу шилжүүлсэн, нийслэл хотын албан татвар 1 хувь байсныг 2 хувь болгосон гэдгийг Ерөнхий сайд хариуллаа. Мөн согтууруулах ундааны онцгой албан татварыг хоёр жил тутам үе шаттай нэмэгдүүлэх хуулийг баталсан учраас энэ дагуу нэмэгдээд явж байгаа, агаарын бохирдлын төлбөр нэмэгдсэн гэлээ. Үргэлжлүүлэн хувь хүний орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр чинээлэг дундаж давхаргыг тэлэх бодлогод ямар нөлөө үзүүлэх, сүүлийн 10 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлтийн нөлөөлөл, төсвийн хөрөнгө оруулалттай ч гүйцэтгэлгүй том дүнтэй төслүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөө, жил бүрийн улсын төсөв дэх гадаад зээлийн хүүгийн төлбөрийн дарамт, төрийн болоод орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цөөлөх талаар О.Цогтгэрэл гишүүн асуулт асууж, Ерөнхий сайд хариулт өгсөн юм.
Дараа нь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Г.Ганбаатар, Д.Батбаяр, Г.Хосбаяр, Дав.Цогтбаатар, С.Ганбаатар нар өнгөрсөн 10 жилийн хугацааны 17 төрлийн татварын хувь хэмжээ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ гурав дахин нэмэгдсэн, иргэдийн цалин, орлого амьдралд нь хүрэлцэхгүй байгаа баримтыг дурдаж төрийн дунд шатны удирдах бүтцийг өргөтгөсөн асуудлыг хэрхэх, татварын өсөлтийг гүйцэхгүй байгаа иргэдийн орлогын талаар баримтлах бодлого, ард түмнээ татварын дарамтаас гаргах шийдлийн талаар тодруулж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг зургаа дахин томорсон ч энэ өсөлт өрхийн хаалгаар ороогүй хэмээн Н.Учрал сайд хариулаад “Арга хэмжээ авахаар ажиллаж байна. Хэрэглээг дэмжсэн бодлогоос салж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” хэмээгээд дэлгэрэнгүй хариултыг өгсөн. Татвар бол нийгмийн баялгийн хуваарилалт бөгөөд үүнийг шударга байлгахын тулд төрийн албаны цалингийн тогтолцоог нэгтгэж, халамжийг зорилтот бүлэгт оновчтой хуваарилах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа хэлж байв. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цөөлөх эсэх асуултад Ерөнхий сайд “Хувийн хэвшлийн орон зайд төр халдахгүй байх хүрээнд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулахаар ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг нэгтгээд, хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр зохион байгуулаад бирж дээр гаргах замыг сонгож байна. Үүний зорилго нь ил тод, хяналтай байх боломжийг бүрдүүлэх юм” гэдэг хариулт өгсөн. Түүнчлэн гишүүд татвар өндөр, төсөв хэтийдсэн, төр данхар байгааг дурдан сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн татварын бодлого, эдийн засагт авч хэрэгжүүлсэн бодлого зөв эсэх хариултад Н.Учрал сайд хариулт өгсөн.
Үргэлжлүүлэн олонхын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тамхины хяналтын чиглэлээрх бодлогын талаар, О.Саранчулуун гишүүн төрийн бус байгууллагын оролцоотойгоор ахмад настны хувилбарт асрах үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хэрэгжилт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хангах хүрээнд дэвшүүлсэн зорилтуудын талаар, сэргээн засах мэргэжилтнүүдийн хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээний талаар тодруулж хариулт авав. Төсвийн төслийн хамтаар онцгой албан татварын өөрчлөлтийн талаарх хуулийн өөрчлөлтийг боловсруулж, энэ хүрээнд тамхины хяналтыг хэрэгжүүлэх нь оновчтой хэмээн үзсэн хэмээн Ерөнхий сайд хариулсан. Хүүхдийн эрхийн асуудал энэ Засгийн газрын бодлогын төвд байгаа гэдгийг тэрбээр тэмдэглээд Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувиар анхны хурлаа хийгээд, зохих үүрэг, чиглэл өгсөн гэдгээ хэлсэн.
Ахмад настны хувилбарт асаргааны үйлчилгээний тухайд өнгөрсөн онд өдрөөр асрах болон гэрээр асрах, байнга байрлуулан асрах үйлчилгээг 23 байгууллага үзүүлэхэд 2500 орчим ахмад настан хамрагджээ. Халамжийн сангаас үүнд 1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээг хувийн хэвшил болон төрийн бус 37 байгууллага үзүүлж, давхардсан тоогоор 65000 ахмад настан хамрагджээ. Үүнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэв. Асаргааны хувилбарт үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлээд явж байгаа гэх хариултыг өгч байв. Д.Энхтүвшин гишүүн ажиллах хүчний нөөцийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төлөвлөлтийн талаар асууж, Ерөнхий сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан. Цөөнхийн гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Батбаатар нар асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авснаар татварын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хөндсөн Улсын Их Хурлын асуулгын цаг өндөрлөлөө.