Цагдаа нар хүнлэг сэтгэлтэй байж өргөсөн тангаргаа биелүүлээч

Цагдаа нар хүнлэг сэтгэлтэй байж өргөсөн тангаргаа биелүүлээч

Цагдаагийн албаны нэр хүнд угаасаа л иргэдийн дунд ёстой л нөгөө улных байж ирсэн. Учир нь зарим нэг албан хаагч нь иргэдтэй зүй бус харьцсан, эрүүдэн шүүсэн гэдэг гомдол маргаан тасардаггүй. Ямар сайндаа иргэд “Цагдаа нар том дарга нарт долигонож гүйдэг. Энгийн иргэдэд арслан барс мэд ханддаг. Сайн цагдаа сарын найз” ярихав дээ. Уг нь Цагдаагийн байгууллага хүчнийх бус үйлчилгээнийх болсон гэдгээ тунхаглан зарласан. Тэгээд Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартаа гаргасан байдаг. 

Энэхүү стандартад зааснаар Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлчилгээний зарчим гэж бий. Үүнд

  • -Хуулийг дээдэлж, шударга, ёс, тэгш байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.
  • -Байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.
  • -Ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын соёл, дэг журмыг сахина.
  • -Ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэнэ.
  • -Үйлчилгээний таатай орчныг бүрдүүлнэ.
  • -Ажил хэрэгч албаны шинжийг чухалчилна.
  • -Соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэнэ.

Өөрийгөө байнга хөгжүүлж, ур чадвараа дээшлүүлнэ хэмээсэн байна.

Гэтэл Сэлэн аймагт цагдаагийн дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарч нийгмийг цочирдуулав. Зарим мэдээллээр бүр 12 настай байхад хүчирхийлж эхэлсэн тухай дурдагдах болов. Уг нь ажил үүргийн хувьд нийгэмд ийм гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах учиртай сан. Гэтэл...

Үүнээс гадна цахим орчинд цагдаагийн албан хаагчтай холбоотой бас нэг хүнлэг бус үйлдэл гарсан бичвэр тархлаа. Тодруулбал, нэгэн иргэн цахим хуудастаа “Дөнгөж төрсөн нярайн бие нь муудаад аав, ээж нь яаралтай эх нялхас руу үүр цүүрээр явж байхад нь цагдаа зогсоожээ. Жолооны үнэмлэхийн хугацаа 10 жил болоод сунгалт хийх байсныг хүмүүс тэр бүр анзаарахгүй байх нь элбэг. Тэр бие нь муудсан нярайн аав ч жолооны үнэмлэхийн хугацаа  нь дууссан гэдгийг зогсоосон цагдаагийн шалгалтаар мэдэв.

Гэтэл улаан нярай хүүхэд нь халуурч, бүлээрч сандарч яваа тэр аавыг зогсоосон  цагдаа сануулах эсвэл торгох шийтгэл өгөлгүй шууд машиныг нь ачуулсан. Тэгээд  эхнэрийг нь өвдөж байгаа нярайтай нь хөөгөөд буулгачихдаг харгис цагдаа таардаг л юм байна.  Яаж ч учирлаад  хэл амаар дээрэлхүүлсэн аав нь машинаа ачуулаад эхнэр нярай хоёроо дагуулан  эх нялхас руу бараадах шиг боллоо. Хүүхэд өвдөх хамгийн хэцүү. Эмнэлгээр явахад  хөл дүүжлэх унаагүй бол нялх амьтныг автобус унаагаар нааш цааш дахин дахин явуулахад олон нийтийн унаа ямар хэцүү билээ.

Нярайн  аавыг согтуугаар машин бариад, дарвиж явсан аятай шийтгэлээр торгож машиныг нь ачуулж,  өвчтэй хүүхдийг нь шөнө тэврүүлээд алхуулчихдаг төрийн цагдаад хүний мөс гэж байна уу? СХД-ийн замын хөдөлгөөний цагдаа та ажлаа л хийсэн гэж  өөрийгөө зөвтгөж байгаа байх. Гэхдээ өөрийнхөө дотор хүн рүү нэг удаа ч болов өнгийж харах болжээ.  Одоогоор нярайг  Эх нялхсын эмч нар үзээд Яармаг дахь эмнэлэг рүү яв гээд нэлээн явдал суудал болж сүүлдээ хотын харьяалалгүй дээрээ тулав.  Унаа тэрэггүй баларсан залуус явдал суудал багатай гэж тооцон өөрсдийн нутаг Дундговь руу халуунтай нярайгаа аваад буцсан. Замдаа хүүхэд эндвэл яах вэ? Хэн хариуцлага хүлээх юм бэ?  Хүүхэд нь өвдөж сандарсан залуу хосуудад ачуулсан машинаа авах 500 мянган төгрөг байгаагүй тул арга буюу орхиод нутаг буцсан байна. Төрийн хууль хатуу ч хүн хүнээ гэх хүнлэг ёсыг уландаа гишгэхгүй байя хүмүүс ээ” хэмээн бичжээ. Уг нь хүнлэг энэрэнгүй нийгэмд ийм тохиолдолд  замын цагдаа нь тусламж үзүүлж зам чөлөөлж эмнэлэгт  дөхүүлж өгдөг бичигдээгүй хууль бий. Хэрэв тэр нярай замдаа эндвэл машиныг нь хураасан цагдаа, хүлээж аваагүй эмч буруутай. Яагаад гэвэл тэд иргэдийн сайн сайхны төлөө тангараг өргөсөн, үйлчилгээний байгууллагын ажилтнууд. Жолооны үнэмлэхийн хугацаа дуусах нь гэмт хэрэг яг мөн үү?. Харьяалалгүй байлаа гээд эмнэлэг бараадаж ирсэн иргэн эндэх ёстой юу? Монголд энэ мэт  дэндүү харгис иргэдийг туйлдуулсан хууль олон байдгийн нэг жишээ юм уу даа. Жолооны үнэмлэхийн хугацаа дуусвал өмнө нь 200 мянган төгрөгөөр торгодог байв. Тэгвэл энэ оноос эхлэн 400 мянган төгрөг болсон байна. Дээр нь ачилтын мөнгө гээд 500 мянга өлхөн хүрэх нь. Хууль хэдий чангарсан ч хүнлэг сэтгэл цагдаа нарт ямагт дутаад байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны дөрөвдүгээр сарын 09. Мягмар. №035 (5953)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ