Баянгол дүүрэгт энэ хичээлийн жилд хамгийн олон буюу гурван сургууль, дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

Баянгол дүүрэгт энэ хичээлийн жилд хамгийн олон буюу гурван сургууль, дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн Шуурхай зөвлөгөөн өчигдөр (2021.08.09) боллоо. Зөвлөгөөнд дүүргийн удирдах ажилтнуудаас гадна Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг дүүрэг дэх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, хороодын Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн оролцлоо.

Хуралдааныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан. Тэрбээр “Энэ удаагийн өргөтгөсөн хуралд дүүргийн удирдлагуудаас гадна дүүрэг дэх төрийн байгууллагуудын төлөөлөл танхимаар оролцож байна. Ковид-19 цар тахлаас үүдэн багагүй хугацаанд цахимаар хуралдсан байна. Нийт алба хаагчиддаа мэдээлэл өгөх үүднээс дүүргийн Эрүүл мэндийн төв болон дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын явцын  талаарх цаг үеийн мэдээллийг өгье. Мөн хичээлийн шинэ жил удахгүй эхлэхтэй холбоотойгоор боловсролын салбарын мэдээллийг сонсъё” гэсэн юм.

Баянгол дүүрэгт дархлаажуулалтын хоёр цэг нэмнэ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугарын мэдээлснээр “Ковид-19-ийн халдвар зургадугаар сард ихэссэн ч долдугаар сар болон наймдугаар сарын эхээр буурч байгаа аж. Гэхдээ хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор халдварын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын хоёр цэгийг нэмж байгуулна гэсэн юм. Мөн батлагдсан тохиолдлуудыг бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Цаашдаа батлагдаад эдгэрсэн  хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах эмчилгээнд хамруулна. Учир нь ковид-19-ийн халдвар авсан хүний дархлаа эхний гурван сардаа муу байдаг. Иймд энэ асуудалд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх нь буурч байгаа. Мөн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбоотойгоор хүүхдүүд болон багш ажилчид шинжилгээ өгөхөөр эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байна” гэсэн юм. Дүүргийн Засаг дарга мэдээллийн дараа “Одоо ажиллаж байгаа дархлаажуулалтын цэг нь хоёулаа аравдугаар хороололд байна. Иймд дархлаажуулалтын цэгүүдийг нэмэхдээ хүн амын нягтаршил, байршил зэргэд анхаарал хандуулаарай. Тухайлбал, нэг байршлыг нь Төмөр замын урд буюу Нарны хороолол, Алтай хотхон зэрэг хүн ам ихээр төвлөрсөн газар нөгөөхийг нь 3, 4 дүгээр хороололд байвал зүгээр байна гэсэн юм. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс хамтран 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах, шинжилгээнд хамруулах хамтарсан төлөвлөгөө боловсруулж ажиллаарай гэв.    

Дүүрэг дэх зам засвар, шинэчлэлийн ажил 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна

Дараа нь Баянгол дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар холбогдох алба хэлтсээс мэдээлэл өгсөн. Баянгол дүүрэгт энэ жил улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт зургаан багц зам засварын ажил хийгдэж байгаа бөгөөд үүнээс гадна, дээвэр засвар, дулаалга, хүүхдийн тоглоомын тохижилтын ажлыг хийж байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 6 багц замын ажлын гүйцэтгэл 30-40 хувьтай байгаа аж. Ингэхдээ зарим ажил хугацаандаа сайн гүйцэтгэлтэй байгаа бол зарим нь газар чөлөөлөлт, зураг төсөв байхгүй зэрэг шалтгаанаар түр хойшлоод байгаа аж. Мөн дээвэр засвар, барилга дулаалгын ажлууд барилгын материалын үнэ өссөн шалтгаанаас болж түр хүлээгдэж байгаа. Тодруулбал, тендерт шалгарсан зарим гүйцэтгэгч компани үнийн өсөлтөөс шалтгаалж ажлаа түр хойшлуулах хүсэлт тавьсан тухай онцолсон.  Дүүргийн Засаг дарга “Барилгын материалын үнийн асуудал дээр БХБЯ судалгаа хийж байгаа. Удахгүй таатай зохицуулалт хийх байх. Мөн зарим нь ажлын зураггүй байдгаас болж удаашрах тохиолдол байна. Иймд холбогдох газар хэлтсүүд одооноос энэ асуудалд анхаарал хандуулж, зайлшгүй хийх ажлуудын төлөвлөгөөг гарган зураг төсөвөө боловсруулахад одооноос анхаарч байгаарай. Мөн зам засвар, дээвэр, барилгын дулаалгын ажил нь улирлын чанартай. Аравдугаар сар гэхэд хийж дууссан байхыг шаарддаг. Иймд холбогдох харьяа хэлтсийнхэн болон хорооны Засаг дарга нар энэ ажилдаа анхаарал хандуулж, гүйцэтгэгч компаниуддаа газар дээр нь очиж хяналт тавьж ажиллах нь зөв гэсэн юм.  

Баянгол дүүрэгт энэ хичээлийн жилд 4 цэцэрлэг, 3 сургууль ашиглалтад орно

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж ажлын талаарх мэдээллийг мөн сонссон. 2021 онд Баянгол дүүрэгт боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа ба энэ хичээлийн жилд гэхэд 4 цэцэрлэг, 3 сургууль ашиглалтад орж байна. Ингэснээр дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, сургалтын таатай орчин бүрдэх, хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм.  Дүүргийн Засаг дарга хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор боловсролын байгууллагын гадна их цэвэрлэгээ, тохижилтын ажлыг хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 20-ны дотор багтааж дуусгах үүрэг даалгавар өгсөн.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар татвар бүрдүүлэлт 102 хувьтай байна

Баянгол дүүрэг дэх Татварын хэлтсээс мөн мэдээлэл өгсөн. Тус хэлтсийн өгсөн мэдээллээр хэдийгээр цар тахал гарч аж ахуй нэгжүүд багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй ч дүүргийн хэмжээнд татвар төлөлт сайн байгаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 102 хувийн биелэлттэй байна гэсэн юм. Гэхдээ ковид цар тахлаас болж хоёр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа хэмээн танилцуулсан. Дүүргийн Засаг дарга дээрх мэдээллийн дараа дүүрэг дэх Татварын хэлтэс болон Иргэний бүртгэл зэрэг харьяа газар хэлтсүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, татвар бүрдүүлэлт дээрээ анхаарч ажиллаарай гэсэн.

 Дүүргийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээний аяныг өрнүүлнэ

Мөн дүүргийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээний аяныг энэ сарын 20-ны дотор өрнүүлэх, өнгө үзэмж муутай хайс, хашаа солих ажлын хүрээнд хороод судалгаа гаргаж өгөх, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүд тухайн аж ахуй нэгж байгууллагуудад албан бичиг илгээж өнгө үзэмжийг сайжруулах тал дээр хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болгосон. Түүнчлэн дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаарай гэсэн. Учир нь наймдугаар сард хичээл, сургууль эхлэх гээд хүний хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд олон нийтийн газар, үйлчилгээний төвүүдэд бөөгнөрөл үүсгэхгүй байх, QR код уншуулах зэрэг УОК болон НОК-иос өгч буй үүрэг чиглэлийн хүрээнд холбогдох арга хэмжэг авч ажиллаарай гээд холбогдох газар, хэлтсүүдэд зарим үүрэг даалгавар  өгсөн юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.