Коби Брайнтай салах ёс гүйцэтгэх ёслолд Майкл Жорданы хэлсэн үг

Коби Брайнтай салах ёс гүйцэтгэх ёслолд Майкл Жорданы хэлсэн үг
Нэрт сагсан бөмбөгчин Коби Брайнт өнгөрсөн сарын 26-ны өдөр тоглолт үзэхээр явахдаа нисдэг тэрэг нь осолдож 13 настай охин болон зургаан хүний хамтаар амиа алдсан. Тэгвэл тэднийг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр Лос Анжелес Лейкэрс багийн "Степлс” ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааны үеэр алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан түүнд зориулж үг хэллээ.
 
Өглөөний мэнд гэх гэсэн ч одоо аль хэдийн үд болжээ. Ванесса болон Брайнтын гэр бүлд өнөөдөр надад үг хэлэх боломж олгосонд талархаж байна. Энд ирсэндээ, Жижигийн дурсгалыг хүндэтгэн, Кобигийн бидэнд өгсөн бэлгийг энд талархан тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна. Тэр сагсан бөмбөгчийн хувьд, бизнесмэний хувьд, түүх өгүүлэгчийн хувьд, эцэг хүний хувьд юу хийж бүтээв.
 
Сагсан бөмбөгийн тоглолтод, амьдралд, эцэг хүний хувьд тэр юу ч үгүй хоосон орон зай үлдээлээ. Тэр өөрийн гэсэн бүхнээ талбайд үлдээгээд явлаа.
 
Магадгүй Коби бид хоёрыг маш дотно найзууд байсан гэвэл олон хүн гайхшрах байх. Гэвч бид дэндүү дотно найзууд байсан. Коби миний дотны найз, дүү шиг минь байсан. Хүн бүр л бид хоёрыг харьцуулан ярихыг хүсдэг. Харин би зөвхөн Кобигийн талаар л ярьмаар байна. Бид бүгд л ахтай, эгчтэй, эрэгтэй, эмэгтэй дүүтэй. Тэд чиний эд хогшил, ханын шүүгээ, гутал, ер нь бүх зүйлийг чинь авчих гээд байдаг шүүдээ. Заримдаа энэ залхмаар, дургүй хүрмээр байдаг. 
 
Гэвч тэр яршигтай байдал хэсэг хугацааны дараа хайр болон хувирдаг. Учир нь тэд том ах, том эгч минь гэдгээр нь чамайг бишрэн хүндэлдэг учраас, амьдралын нарийн ширийн, жижиг хэсгүүдийн талаар мэдэхийг хүсдэг учраас тэр. Тэр надруу орой 11:30-д, шөнө 2:30, 3 цагт ч залгаж, мессеж бичиж, хөлийн хөдөлгөөн, зарим үед бэлтгэлийн талаар ярилцдаг байлаа. Эхэндээ энэ нь надад хүндрэлтэй, ядаргаатай байсан. Харин хэсэг хугацааны дараа энэ нь тодорхой хүсэл тэмүүлэл болж хувирсан юм. Энэ хүүд чиний хэзээ ч мэдэж чадахгүй тийм их хүсэл тэмүүлэл байсан юм. 
 
Энэ бол хүсэл тэмүүллийн тухай хамгийн сонгодог жишээ. Хэрвээ чи аливаа нэг зүйлд шунан дурлавал, хэрвээ чамд ямар нэг зүйлийн төлөө зориулах хүчтэй хүсэл тэмүүлэл байдаг бол тэр зүйлийг ойлгож авахын тулд урагшлах хэрэгтэй. Ер нь юу ч байж болно. Зайрмаг, кола, гамбургер.. чиний дуртай юу ч байсан хамаагүй. Чи алхмаар байгаа бол алх. Хэн нэгнээс царай алдан гуйх ёстой бол гуй! Кобигийн надад хамгийн их урам зориг өгсөн зүйл бол хэн нэгэн миний тоглох арга барилд маш их анхаарал хандуулж, өөрийн тоглохыг хүсдэг арга барилаа ч орхигдуулаагүй явдал юм. 
 
Тэр байж болох хамгийн шилдэг сагсан бөмбөгч болохыг хүссэн. Ингэж л би түүнийг мэдэж авсан юм. Би ч мөн байж болох хамгийн сайн ах нь байхыг хүссэн. Сайн ах нь байхын тулд та яршигтай дургүй хүрмээр байдал, шөнө бүр залгах утасны дуудлага, тэнэг асуултуудад бэлэн байх ёстой болсон. Коби миний мэддэгээс ч илүү сайн хүн, илүү сайн сагсан бөмбөгч болохоор хичээдгийг нь мэдээд би маш их бахархсан. Бид бизнесийн талаар ч ярилцдаг байсан. Бид гэр бүлийнхээ талаар, ер нь бүх зүйлийн талаар ярилцахад тэр зүгээр л илүү сайн эр хүн байх талаар хичээдэг байсан нь мэдэгдэж байлаа.
Тэр намайг чадчихлаа. Одоо би дахиад нэг уйлж буй “meme” зурагтай боллоо. Уг нь би эхнэртээ одоо би дахиж уйлахгүй, дараагийн 3,4 жилд энийг хармааргүй байна гэж хэлж байсан юмсан. Тэгсэн Коби намайг уйлуулчихлаа.
 
Ванесса болон түүний найзууд бүгд нэг ижил зүйл хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Коби чиний дотор чинь байгаа хамгийн сайн сайхан бүхнийг ил гаргаж, чамайг яг үнэндээ ямар хүн бэ гэдгийг харж, түүнд чинь яаж хүрэхийг мэддэг байсан. Тэр өвдөж шаналж байсан ч хамаагүй чиний доторхи сайн сайхан зүйлсийг гаргаж, түүнд хайртай гэсэн мэдрэмжийг чинь мэдрүүлж чаддаг. Коби надад яг л ийм зүйлийг хийсэн юм.
Хэдэн сарын өмнө тэр надруу мессеж бичсэнийг нь санаж байна. Тэр хэлэхдээ: “Би охиндоо хэд хэдэн хөдөлгөөн зааж өгөх гэж оролдож байна. Гэхдээ яг юу бодож, юу зааж өгөхөө сайн мэдэхгүй юм. Та ер нь энэ насан дээрээ ямар хөдөлгөөн хийж, юу бодож байсан бэ? Гэлээ. Тэгэхээр нь би охин чинь хэдтэй билээ гэхэд 12 гэсэн юм. Харин би хариуд нь би 12 настайдаа бэйсболл тоглох гэж л хичээж байсан гэж хариулсан. Тэгсэн тэр надруу юу гэж мессеж бичсэн гээч. “LMAO” гэж мессеж бичсэн. (Хөх инээд хүрчихлээ)
 
Уг нь тэр үед шөнийн 2 цаг болж байсан юм шүүдээ. Гэхдээ түүний тухай миний хэлэх гол зүйл бол бид сагсан бөмбөгтэй болон амьдралтай холбоотой олон зүйлсийг байнга ярилцдаг байсан. Бид өсөж том болох үед энэ талаар байнга ярилцах найз төдийлөн их байхгүй шүүдээ. Ялангуяа өрсөлдөгчтэйгээ ингэж ярих нь бүр ч ховор. 
 
1999 юм уу 2000 онд би явж байгаад Фил Жексонтой таарсан юм. Би Филийг Лос анжелест байж байна гэж мэдээгүй л дээ. Тэгээд яваад очтол Коби ч тэнд сууж байлаа. Би хослолтой явж байсан юм. Тэгсэн намайг очиход Коби шууд л чи пүүзээ авч ирсэн биздээ гэж байна. Тэгэхээр нь би үгүй ээ. Би тоглох бодолгүй байна гэсэн юм. Түүний царайнаас би түүний тоглолтыг сайжруулж, түүнтэй хүчтэй өрсөлдөх хэн нэгнийг хайж байгааг би мэдэрсэн юм. Ийм л учраас би тэр хүүд хайртай байдаг. Сагсан бөмбөгт чин сэтгэлээсээ дурласан хүү. Бид хаана ч тааралдсан байлаа гэсэн энэ нь миний хувьд шалгуур байдаг байлаа. 
 
Би түүнийг тэр их хүсэл тэмүүллээс нь болоод хүндэлж, биширдэг байсан юм. Өдөр бүр зөвхөн спортын хүний хувьд бус гэр бүл, эр нөхрийн хувьд ч сайжрахыг хичээдэг хүнийг бид тэр болгон хараад байхгүй. Би түүний эр хүний хувьд хийсэн болон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө хийсэн бүхнээс урам зориг авдаг. Би 30 настай охинтой. Би бас өвөө болсон. Бас 6 настай 2 ихэр охидтой. Гэртээ хурдан харьж, охидоо тэвэрч, тэднийхээ хайр гэрэлтсэн инээмсэглэлийг харахыг тэсэн ядаж байна. Коби надад яг энэ орой шиг хайртай хүмүүстэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хайрлах ёстойг зааж өгсөн юм. Цаашид ч эдгээрийг бид бүхэн Кобигоос суралцах ёстой. 
Ванесса, Наталиа, Бианка, Капри, би болон эхнэр минь чамайг үргэлж зүрхэндээ нандигнан хадгалж, хайрласаар байх болно. Бид үргэлж чамтай хамт. Үргэлж шүү. Энэхүү харамсалт явдал тохиолдсон бүх хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, та бүхнийг дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
 
Коби өөрийнхөө хийж буй бүх зүйлдээ эцсийн дусал бүрээ зориулдаг байсан. Сагсан бөмбөгөө орхисны дараа тэр өөрийн илүү бүтээлч талаа харуулж эхэлсэн. Би түүнд тийм их зүйл нуугдаж байсныг мэдээгүй. Зодог тайлсныхаа дараа тэр их баярласан байх. Тэр шинэ хүсэл тэмүүлэлтэй болсон шүүдээ. Тэр сагсан бөмбөгт дасгалжуулагчийн хувиар эргэн орсон. Гэхдээ үүнээс ч илүү зүйл бол тэр гайхалтай аав, гайхалтай нөхөр, охиддоо зүрх сэтгэлээ илүү их зориулах боломж олдсон явдал. 
 
Коби талбай дээр юу ч үлдээлгүй явсан. Тэр ч үүнийг бидний төлөө хүсч байсан биз. Хэн ч бидэнд ямар хугацаа үлдсэнийг мэдэхгүй. Ийм л учраас мөч бүрт амьдарсан шиг амьдрах нь чухал байдаг бизээ. Мөч бүрээс бид таашаал авах ёстой байх. Бид гэр бүлдээ, хайртай хүмүүстээ, найз нөхөддөө мөч бүрээ зориулж байх ёстой. Яг энэ мөчид амьдрах гэдэг бол хамааралтай хүн бүр бие биетэйгээ цаг мөч бүрийг жаргалтай өнгөрүүлэх нь амьдрал юм.
 
Коби нас барахад миний нэг хэсэг хамт явсан. Энэ ордонд болон дэлхийн хаа нэгтээ байгаа таныг харвал та бүхний ч гэсэн аль нэг хэсэг үхсэн байгаа. Бид хамтдаа амьдарч, юунаас суралцах ёстойг мэдрүүлсэн дурсамж болон үлдлээ. Амлая дүү минь! Энэ өдрөөс эхлээд цаашид би бяцхан дүүтэй гэдгээ, бүх талаар туслахыг хичээсэн гэдгээ санаж дурсамжтай амьдрах болно. Амар тайван нойрсдоо дүү минь!
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.