Монголын шигшээ баг Киргизстаны багт 1:2-оор ялагдал хүлээлээ.

Монголын шигшээ баг Киргизстаны багт 1:2-оор ялагдал хүлээлээ.
Монголын шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтоо Киргизтэй хийж 1:2-оор харамсалтай ялагдал хүлээлээ. 
 
Эхний хагаст Киргизийн багаас 8 дугаартай Гулжигит Алыкулов, 10 дугаартай Мирлан Мурзаев нар гоол оруулж, зочин баг 0:2-оор тэргүүлж эхлэв. 
 
Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад үндэсний шигшээ багийн 19 дугаартай О.Мижиддорж 11 метрийн торгуулийн цохилт авчирч, багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай болгосноор тоо 1:2 болж ойртсон юм. 
 
Тооны харьцаа ойртсоноос хойш манай шигшээгийн довтолгоо сэргэж Д.Төрбат, А.Дөлгөөн, О.Мижиддорж нар хэд хэдэн аюултай цохилтууд хийсэн ч амжилттай болсонгүй. 
 
Дэлхийн чансаа 86 урд бичигдэж байгаа Киргизтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч үр дүн эсрэг багийн талд шийдэгдлээ. Ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Бид маш их хичээж тоглосон ч эсрэг багт хоёр гоол зүгээр л бэлэглэчихлээ. Манай залуус хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадаж байна. Гэвч эерэг үр дүн авч чадахгүй байгаа нь биднийг улам хичээх ёстойг сануулж байна. Бид үр дүнгээ сайжруулах тал дээр анхаарч ажиллана." хэмээн тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр ярилаа. 
 
Чансаа хол илүү багуудтай эн тэнцүү тоглолтуудыг үзүүлж буй үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо 11-р сарын 19-нд Мьянмарын талбайд хийнэ. 
 
Шигшээ багийнхандаа дараа дараагийн тоглолтуудад нь амжилт хүсье.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.