Байтынхан 360 талбайдаа анхны олон улсын тэмцээнээ хийж байна

Байтынхан 360 талбайдаа анхны олон улсын тэмцээнээ хийж байна

Монголын байт харвааны хамт олон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “Дайчин чанар-тэсвэрийн талбар 360” талбайдаа анхны олон улсын тэмцээнээ хүлээн авч зохион байгуулж байна.

Тодруулбал, Монголын байт харвааны холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын цомын нээлттэй тэмцээнээ шинэ талбайдаа анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм. “Mongolian archery open cup-2018” нээлттэй тэмцээн энэ сарын 3-наас эхэлсэн бөгөөд гурван өдөр үргэлжилж өнөөдөр аваргууд тодрох юм.

Нээлттэй тэмцээнд Монголын арван байгууллагын 80 гаруй, ОХУ-ын Буриад улсын есөн тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт ирж цэц мэргэнээ сорьж байгаа юм. Тэд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй эмэгтэй багийн, холимог багийн гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодруулах юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан хэлэхдээ “Энэ тэмцээн Азийн наадам амжилттай болон өндөрлөж байгаа энэ үед болж байна. Мөн өнгөрсөн хавар, зуны 60 орчим хоногт байтын тамирчид, дасгалжуулагчид тэдний ар гэрийнхэн, спортыг дэмжигчид, хандивлагчдын хүч дэмжлэгээр бүтээн байгуулсан зориулалтын талбайд болж байгаагаараа онцлог юм. Азийн наадамд манай тамирчид амжилтаа ахиулж оролцлоо. Манай байт харвааны тамирчид БНСУ-ын багийг ялсан нь энэ наадмын түүхэн амжилт боллоо. Тив дэлхий, олимпийн аварга Өмнөд Солонгосын тамирчдыг ялсан нь манай тамирчид тууштай, сэтгэл зүтгэлээ гаргаж бэлтгэл сургуулилалтаа хийвэл  амжилт ойрхон байгааг харуулж байна” хэмээн бахдан хэлсэн юм.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын байт харвааны холбооны зүгээс Малайзын Куала Лумпур хотноо энэ сарын 5-нд зохион байгуулагдах ахмад мастеруудын олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа ахмад тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, амжилт хүсэн дурсгалын зүйлс гардууллаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлйин тэмцээн болж медалийн эзэд тодорлоо. Энэ төрөлд ОХУ-ын Буриад улсын тамирчин Соёлмаа Суринова тэргүүлсэн бол хоёрдугаар байранд Хангарьд клубын тамирчин ОУХМ Энхтуяа, гуравдугаар байранд Добуу мэргэн клубын тамирчин ОУХМ Б.Урантунгалаг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Энэ үеэр саяхан болсон Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчидтай уулзсан юм.

Б.Пүрэвсүрэн: Талбайтай болсноор байтынхан “бүл нэмсээр” байгаа

-Азийн наадмаас олсон, авсан, ололт амжилтаасаа хуваалцахгүй юү?

-Азийн XVIII наадамд оролцож, маш өндөр амжилт гаргасан. Хэдийгээр медаль авах боломжийг атгаад алдсан ч том амжилтын эзэд болж чадсандаа баяртай байна. Бидэнд олон улсын тэмцээнүүдээс цаашилбал дэлхийн, олимпийн медаль ч хүртэх боломж байгааг энэхүү тэмцээнээр харуулж чадсан байх. Тухайлбал, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг БНСУ-ыг, Азидаа өндөр зэрэглэлтэйд тооцогдох Казахстаны багийг яллаа. Бидэнд маш их боломж нөөц байна. Маш их урам зориг орсон.

-Энэ спорт нас харгалздаггүй гэдгээрээ онцлог. Хараад байхад залуус их сонирхдог бололтой юм аа?

 -Манай холбоо маш олон тамирчинтай байсан ч холбооны болон тамирчдын идэвх суларснаас цөөрч эхэлсэн. Гэтэл  энэ жил “Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360” талбай нээлтээ хийснээс хойш энэ спортыг бүх насны маш олон хүн сонирхож, нэгдэж байна. Маш их баяртай байна. Энэ спортоор хичээллэдэг, хайртай залуу хүний хувь  “манай гэр бүл” бүл нэмж байгаад баяртай байна. Холбооныхоо удирдлагуудад баярлаж байна. Тамирчдын амжилт, энэ спортын хөгжил дэвшил зэрэг нь холбооны удирдлагуудаас шууд хамааралтай  гэж бодож байгаа. Тухайлбал энэ талбай бидэнд үнэхээр ус агаар мэт дутагдаж байсан. Хэдийгээр талбайтай болоод удаагүй байгаа ч гэлээ тамирчид тогтмол бэлтгэл сургуулилалттай байгаа болохоор чадвар нь мэдэгдэхүйц өсч байгаа нь өнөөдрийн тэмцээнээс ажиглагдаж байна. Тиймээс бүх насныханд тэр дундаа залуус бидэнд ийм сайхан боломж олгож, дэмжиж байгаа холбооныхондоо баярлаж байгаа.

Б.Отгонболд: Залууст асар том боломж олгож байгаад баяртай байна

-Таны хувьд Азийн наадамд эрэгтэй ба холимог багт зэрэг оролцож бахдам сайхан амжилттай ирсэн. Оролцсон хоёр төрөл тань хоёулаа медалийн төлөөх харваа хийсэн. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Тийм ээ. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Дэлхийд тэргүүлдэг БНСУ-ыг ялахад маш олон хүн баяр хүргэж, амжилтыг маань сайшаасан. Бидэнд боломж байгаа юм байна гэдгийг бид ч мэдсэн. Энэ жилийн тухайд гагцхүү бэлтгэл сургуулилалт жаахан дутагдсан. Ирэх жил манай тамирчид улам чадавхижиж, энэ хэрээр үзүүлэх амжилт нь улам өснө гэдэгт итгэлтэй байна.

-Байт харвааны спортын онцлогийн тухайд?

-Манай спорт нас харгалзахгүй гэдгээрээ энэ спортыг сонирхсон хүн бүрт нээлттэй байдаг. Нөгөөтэйгүүр дандаа гадаа орчинд бэлтгэл сургуулилалт хийдгээрээ эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд бэлтгэл сургуулилалт хийх талбайгаас авахуулаад жаахан асуудал үүсдэг байсан. Монголын байт харвааны зүгээс ард түмний дэмжлэгтэйгээр энэ бүх асуудлаа шийдчихлээ. Одоо бид өдөр болгон бэлтгэлээ хийсэн ч болох тийм сайхан боломж бүрдчихсэн байна. Заавал тамирчид гэлтгүй чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөе гэсэн хэн бүхэнд энэ боломж нээлттэй болсон. Энэ бол байт харвааны спортын хувьд асар том дэвшил.

Б.Урантунгалаг: Бид медалийн төлөө харвана гэж тэнд очсон

-Дөнгөж сая харваад  хүрэл медалийн болзол хангалаа. Танд баяр хүргэе ээ?

-Шинэ талбай дээр маань анхны олон улсын тэмцээн болж байна. Тэмцээнд маань Буриадын тамирчид ирж оролцож байна. Рекурв болон компаунд гэсэн хоёр төрлөөр тамирчид өрсөлдөж байна. Миний хувьд эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцоод рекурвийн төрөлд хүрэл медалийн болзол хангачихаад байж байна.

Азийн наадамд манай эрэгтэй баг болон холимог багийн төрөлд харьцангуй эвшилттэй өмнө гаргаж байгаагүй амжилт гаргалаа. Холимог байгийн төрөлд медаль авах боломж байсан ч медалийн үзүүрээс зуураад л алдсан гэж хэлж болно. Би холимог багт орж харвасан. Бид эхний учраандаа Энэтхэгийн багийг ялаад дараагийн учраандаа дэлхийн болон олимпийн аварга БНСУ-ын багийг мөн ялсан. Харин түүний дараа Японы багтай өрсөлдсөн. Харамсалтай нь ялагдчихсан. Тэгээд хүрэл меалийн төлөө БНХАУ-ын багтай харвахаар болсон ч харамсалтай нь дахиад ялагдсан. Манайхан Азийн наадамд холимог багт асар их итгэл хүлээлгэж байсан. Учир нь энэ төрөлд олимпийн эрх олгож байсан юм. Гэхдээ бидэнд хангалттай боломж байгааг бид мэдсэн, мэдрүүлж чадсан.

-Олимп, дэлхийн аварга БНСУ-ын баг тамирчдыг ялчихаад Япон, БНХАУ-ын багт яагаад ялагдчихав. Юу нөлөөлөв. Цаг агаарын болон сэтгэлзүйн байдал, бэлтгэл сургуулилалт гээд мэдээж олон хүчин зүйл байдаг байх?

-Айж бэргэх ч юм уу сэтгэл зүйн ямар нэгэн зүйл байгаагүй. Яагаад гэвэл бид нэгэнт л тэмцээнд очсон юм чинь медалийн төлөө харвана гэж байсан. Холимог баг нэг эрэгтэй, нэг эмэгтэй багаас бүрдсэн. Миний хувьд өөртөө бэлтгэл жаахан дутчихав уу гэсэн дүгнэлт хийгээд байгаа. Яагаад гэвэл би шигшээ багийнхантайгаа нэлээн хожуу бэлтгэлд гарсан. Тэр бага зэрэг нөлөөлсөн байх. Манай эрэгтэй баг тамирчид бас маш сайн байгаа.

-Манай тамирчид энэ жилийн тухайд бэлтгэл сургуулилалт багатай байсан нь шалтгаантай. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360” нэртэй энэ сайхан талбайгаа барьж байгуулах гэж өчнөөн өдрийн бэлтгэлээ тасалсан. Одоо сайхан талбайтай болсон бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийж, улам их амжилт гаргах боломж бүрэн байгааг Азийн наадмын бахдам сайхан амжилтаараа харууллаа шүү дээ?

-Баярлалаа. Бэлтгэл хийх нөхцөл нь бүрдээд ийм сайхан талбайтай болчихсон юм чинь бэлтгэл сургуулилалт тасарна гэх аюулгүй болсон. Бэлтгэл хийх асар том дэвшил гарсан болохоор дараа дараагийн тэмцээн уралдаанаас манай залуус медаль их авах байх гэж бодож байна.

Байт харвааны спортын төрөл гадаа орчинд бэлтгэл хийдэг тэр дундаа олон улсын тэмцээнүүд бүгд 70 метрээс харвадаг болохоор бидэнд талбай зайлшгүй хэрэгтэй байсан. Жилийн дөрвөн улирал битгий хэл зуны гурван сар бэлтгэлээ хийж, тэмцээн явуулах газар олддоггүй байлаа. Одоо жилийн дөврөн улирал ч энэ талбай дээрээ бэлтгэлээ хийх боломжтой болсон. Дахиад өвлийн ордон баригдчихаар жилйин дөрвөн улиралд бэлтгэлээ тасралтгүй хийх боломж бүрэн бүрдэнэ гэсэн үг.

-Монголын байт харвааны спортын түүчээ болж яваа тамирчны хувьд таныг  олон уралдаан тэмцээн хүлээж байгаа байх. Хамгийн ойрын болон том зорилго тань юу байна вэ?

-Монголын байт харвааны холбооны ч тэр, тамирчдын хувьд ч хамгийн том зорилго нь 2020 оны олимп. Энэ олимпод оролцохын тулд бид олон улсын тэмцээнүүдэд аль болох олон орж байж эрхийн тэмцээнд орно. Олимпийн эрх олгох тэмцээн буюу Дэлхий аварга шалгаруулах тэмцээн 2019 оны зургадугаар сард болно. Түүнээс өмнө олон улсын тэмцээнүүдэд олон удаа орох шаардлагатай байгаа. Хамгийн эхний тэмцээн болох Азийн гранпри ирэх гуравдугаар сард болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.