П.Орхон дэлхийн аварга боллоо

П.Орхон дэлхийн аварга боллоо

“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эхний өдөр Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга,  Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлууллаа.

Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялсан.  Улмаар  “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр дарсан. Харин хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр ялж, финалдсан юм.

Тэгвэл  алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав. Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан билээ.

Барилдааны бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.