Ц.Монгол: Хууль зүйн маргаанд улс төр хутгалдах ёсгүй

Ц.Монгол: Хууль зүйн маргаанд улс төр хутгалдах ёсгүй

 

-Та сайхан хаваржиж байна уу? Сүүлийн үед олон нийтийн дунд анхаарлын төвд ороод байгаа ҮХЦ-ийн маргааныг таныг өмгөөлж байгааг мэдлээ. Энэ тухай мэдээлэл өгч болох уу?

-Сайхан хаваржиж байна. Би энэ хэрэг дээр иргэн Т буюу мэдээлэл гаргагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа.

-Тус маргаан дээр нэр бүхий улс төрчид өөрсдийн байр суурийг илэрхийлээд байна. ҮХЦ-ийн дарга болон УДШ-ийн ерөнхий шүүгч нарын асуудал гэж тайлбарласан. Таны зүгээс энэ асуудлыг юу гэж тайлбарлах вэ?

-Энэ нь мөн чанартаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгох энгийн л нэг маргаан. Түүнээс биш хувь хүний асуудалтай огт холбоогүй. Үндсэн хуулийн институтуудын хоорондын асуудлыг хувь хүн рүү чиглүүлж, асуудлыг улс төржүүлж байгаад харамсалтай байна. Улсын дээд шүүхийн үе үеийн Ерөнхий шүүгчид Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчиж байгаа талаар иргэд удаа дараа Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргаж байсан, эцэст нь бид баттай нотлох баримттайгаар үндэслэл бүхий мэдээлэл гаргасныг нэг удаа буцаасны дараа дахин үндэслэлээ тодорхой болгож мэдээлэл гаргахад хүлээж авсан байдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Үндсэн хуулиар баталгаажсан Шүүх эрх мэдлийн систем, түүний тогтолцоо гажуудсаар ирсэн. Одоо бүр Дээд шүүхийн хяналтын тогтолцоог хуулиар хязгаарласан нь Монгол улсын Шүүх Үндсэн хуульд заасан байдлаараа ажиллах боломжгүй нөхцөлд хүргэж байна. Хяналтын шатны шүүх бараг ихэнх хэргийг хянахаа больсон. Нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг хэлэлцэхгүй болсон. Энэ бол гажуудал мөн. Нэгэнт Шүүхийн тогтолцоо гажуудсан учир гарч байгаа шийдвэр нь алдаатай,иргэдийн эрх хууль ёсны эрх ашгийг илтэд хохироосон шийдвэрүүд хэвээр үлдэх тийм хүсмээргүй орчин бий болсон. Энэ нь яаж илэрдэг вэ гэхээр яг адилхан хэрэгт хоёр өөр шийдвэр гаргадаг. Хуулийн нэг заалтыг хоёр өөрөөр тайлбарлаж хэрэглэдэг, гэтэл факт нь адилхан, түүнд хэрэглэх хууль нь ижил байдаг. УДШ-ээс хийх гаргалгаа, дүгнэлт, хууль хэрэглээний асуудал нь ижил байх ёстой. Харамсалтай нь УДШ ижил төстэй ийм хэргүүдийг тэс өөрөөр шийдвэрлэдэг болсон. Дээд Шүүх Үндсэн хуульд заасан хууль тайлбарлах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Энэ нь мэргэжлийн бус, хяналтгүй УИХ-ын “муу хууль” баталсан гаж тогтолцоотой шууд холбоотой.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тайлбарлаж буйгаар ҮХЦ-ийн дарга тэтгэвэрт гарахгүй гэж энэ асуудлыг үүсгэсэн, улмаар Үндсэн хуулийн хямралд хүргэнэ гэсэн.  Гэтэл та энэ асуудлыг дурдсангүй. 

-Би дахин хэлье. Маргаан үүсгэсэн шалтгаан бол нэг хүний тэтгэврийн нас, шүүгч хоорондын зөрчилдөөнтэй холбоогүй. Хуулийн цоорхойг арилгах зорилготой, цэвэр хууль зүйн маргаанд улс төр хутгалдах ёсгүй. Хэрэг үүсгэсэн нь тэтгэврийн настай холбоотой гэж илтэд гүтгэж байна. Үүнийг бид Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж харж байна. Гэхдээ Үндсэн хуулийн хямрал байгаа юу гэвэл байгаа. Үүнийг залуу гишүүн Б.Энхбаяр өөрөө ч мэднэ, энэ талаар ярьдаг. Иргэд шүүхийн хараат бус байдалд итгэх итгэлгүй болсон. Шүүгчид хэрэг маргаанд хуулийг дур зоргоороо өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэх нөхцөлийг бүрдүүлснээс болсон асуудал. Энэ нь УДШ-ээс үүдэлтэй. Эцсийн шатны шүүгчид маань хууль хэрэглээний асуудал дээрээ жигдэрч чадахгүй болохоор анхан, давахын шүүгчид айж ичих зүйлгүй хуулийг санаатай, санаагүй буруу тайлбарлаж хэрэглээд хариуцлага хүлээдэггүй болсон. УДШ-ийн таван гишүүн шийдсэн маргааныг шүүгч биш энгийн захиргааны ажилтан хянаж байна. Хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч нь хянаж, хууль бус шийдвэрийг УДШ өөрөө хүчингүй болгох ёстой. Энэ процесс алдагдсан.  Сая шинэ хууль гарснаар хяналтын шатны Шүүх үндсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болсон.

-Шүүгчид хоорондын асуудал биш хууль хэрэглээний асуудал гэж та тайлбарлаж байна. Тэгвэл бидний шийдэл юу байх вэ?

-УДШ-ийн Ерөнхий шүүгч өөрөө дээд шүүхэд гаргасан гомдлыг хянаж, өөрийн гарын үсэг зурж хариу өгөх ёстой. Шүүн таслах ажиллагаатай холбогдох гомдлыг Захиргааны ажилтан хянаж, хариу өгөхийг хуулиар хориглосон байдаг. Цэц дээрх маргааны гол асуудал өөрөө энэ. Үндсэн хуулиар Дээд шүүхийн шүүгчдэд шүүх эрх олгосноос биш шүүгчдийн бичиг цаас, байр савыг хариуцсан хүмүүс шүүх эрх эдлэх ёсгүй, хавтаст хэрэг уншиж эрхгүй, энэ эрх зөвхөн хэргийн оролцогчдод болон Шүүхэд байдаг. Шүүгч ч биш, энгийн нэг албан хаагч хуулийг хүссэнээрээ тайлбарлаад байвал бид хуулийн сургууль, хуульчдын шалгалт, өмгөөлөгчөөр юу хийхэв дээ. Шүүх ийм байвал шударга ёсны талаар ярих ч хэрэггүй Монгол улсын иргэн хүн Үндсэн хуулиараа олгосон эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцэд хандаж маргаанаа шийдвэрлүүлж байхад УИХ-ын гишүүний хийсэн үндсэлэлгүй, байж боломгүй хариуцлагагүй мэдэгдэл нь Үндсэн хуулийн Цэцийн хараат бус байдалд шууд нөлөөлөх гэсэн ноцтой үйлдэл, мэдээлэл гаргасан иргэний нэр төрд халдсан ёс зүйгүй үйлдэл тул уг гишүүнийг бид Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд гэрчээр оролцуулж, ярьсан зүйлийг нь нотлуулсны дараа талууд Цэцийн гишүүдээс татгалзах эсэхээ шийдэх болоод байна. 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа. Танд ч мөн өндөр амжилт хүсье. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.