Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг уламжлалт цуврал барилдаанууд үргэлжилж байна.
2026.02.09-ний өдөр ахмад бөхчүүдийн барилдаан 50-аас дээш насны ангиллаар зохион байгуулагдахад Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Ээлт хан гал”-ын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлэв.
2026.02.10-ны өдөр “Тарвалин” хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан “Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан” зохион байгуулагдаж 832 бөх зодоглоход Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Амарсайханы Тодмагнай 10 давж түрүүллээ.
2026.02.11-ний өдөр Аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн сар шинийн барилдаанд 176 бөх барилдахад Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Хилийн цэргийн 0277-р анги, “Эв Монгол” клубын бөх, аймгийн харцага Болдбаатарын Ренчинжүгдэр 8 давж түрүүлэв.
2026.02.12-ны өдөр “Дашчойлин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан "Майдар бурхны авшиг" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний-014 анги, “Юү Эл И” ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Эбэг” ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож 8 давж түрүүллээ.
Цувралын 5 дахь барилдааны түрүү бөх 2026.02.17-нд битүүний өдөр тодорно.