Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар доктор Чулуунцэрэнгийн Отгочулуу өнөөдөр томилогдлоо. Тэрээр 2010 онд тус төвийн анхны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. ЭЗБӨЧСТ нь байгуулагдсан цагаасаа хойш улсын, аймгуудын, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг тогтмол гаргаж байгаа бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллага болжээ.
Шинэ удирдлага томилогдсоноор тус төв нь Монгол Улсын өрсөлдөх чадварын үнэлгээг нэмэгдүүлэх, бодлогын зөвлөмж боловсруулах, олон улсын жишигт нийцсэн судалгааг өргөжүүлэх зорилгоо улам эрчимжүүлэх юм байна.
ЭЗБӨЧСТ-ийн УЗ-ийн дарга, доктор П.Цагаан шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Ч.Отгочулууд хандаж, “Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсын өрсөлдөх чадварыг 5 улсаар урагшлуулах зорилт дэвшүүлсэн түүхэн үед ажиллах болж байна. Монгол Улс хэмээх нэг цул, энэ том айлыг дэлхийн дэвжээнд гарахад юу болж, юу болохгүй байгааг бодитоор хэлж хамтран ажиллах хэрэгтэй. Төвийн үйл ажиллагаа, Удирдах зөвлөлийг өргөжүүлэх саналаа бэлтгэж танилцуулаарай” хэмээн захилаа.
Ч.Отгочулуу нь эдийн засгийн бодлого болон судалгааны чиглэлээр төрийн болон хувийн хэвшилд 20 гаруй жил ажилласан. Мөн түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Уул уурхайн яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан туршлагатай.
Тэрээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад макро эдийн засгийн чиглэлээр бакалавр, мөнгө санхүүгийн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимд докторын зэргийг тус тус хамгаалж, Нээлттэй жижиг эдийн засаг дахь мөнгө валютын бодлого, Олон улсын зэсийн зах зээлийн өрсөлдөөн зэрэг сэдвүүдээр эрдмийн ажил хийсэн.
Өмнөх захирал Б.Лакшми тус төвийн зөвлөхөөр ажиллах юм байна.
.jpg)