"Бөртэ Чоно 2023"-ын шилдгийн шилдэг тамирчнаар Б.Отгонболд тодорч, шилжин явах цом хүртлээ

МҮОХ-ны дээд шагнал болох спортын салбарын шилдэг баг, тамирчдад гардуулдаг "Бөртэ Чоно 2023"-ын шагнал гардуулах ёслол боллоо. Уг ёслолд байт харвааны тамирчин Б.Отгонболд шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорч, шилжин явах цом хүртэв. 

2003 оноос эхлэн олгож эхэлсэн шагналыг шилдэг эрэгтэй, эмэгтэй болон баг гэсэн гурван төрлөөр олгодог.

Шилдэг эмэгтэй тамирчин:

1. Долгоржавын Отгонжаргал /Чөлөөт бөх/ - 55 оноо

Долгоржавын Отгонжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх хүртсэн, Дэлхийн чансааны 4 дүгээр тэмцээн - Унгарын Гран При хүрэл медаль хүртсэн амжилтаар, спортын сэтгүүлчдээс 55 оноо хүртэж, энэ оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа.

 

2. Энхсайханы Дэлгэрмаа /Чөлөөт бөх/ - 48 оноо

Энхсайханы Дэлгэрмаа спортын сэтгүүлчдийн санал хураалтаас 50 оноо хүртэж Бөртэ Чоно наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорлоо. Тэрбээр энэ онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, "Ханжоу 2022" Азийн наадмаас хүрэл медаль, Дэлхийн чансааны тэмцээнээс хүрэл медаль, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн амжилт үзүүлсэн билээ.

 

3. Лутсайханы Алтанцэцэг /Бокс/ - 21 оноо

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын спортын сэтгүүлчдээс 21 оноо хүртэж, энэ оны шилдэг эмэгтэй тамирчнаас шалгарлаа.
 

Шилдэг эрэгтэй тамирчин:

1.Баатархуягийн Отгонболд /Байт харваа/ - 57 оноо

энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх хүртсэн, Гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн санал хураалтаас хамгийн өндөр буюу 58 оноо хүртлээ.

 

2. Ёндонпэрэнлэйн Басхүү /Жүдо/ - 41 оноо

Тэрбээр энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, "Улаанбаатар их дуулга 2023" алтан медаль, "Тбилиси их дуулга 2023" мөнгөн медаль, "Токио их дуулга 2023" мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн санал хураалтаас 43 оноо хүртсэн байна.

 

3. Сайнбаярын Жамбалцамц /Дугуй/ - 35 оноо

 “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Испани улсын "BURGOS BH" мэргэжлийн багтай гэрээ байгуулсан, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн амжилтаар, спортын сэтгүүлчдийн санал хураалтад нийт 38 оноо хүртэж "Бөртэ Чоно"-ын эзэн боллоо.

Шилдэг спорт тоглоомын баг:

  1. 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй шигшээ баг - 22 оноо

Бөртэ Чоно 2023 наадмын оны шилдэг багаар 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, "Шанхай Их Дуулга" тэмцээний аварга, “FIBA Ulaanbaatar Challenger” тэмцээний мөнгөн медаль, "FIBA Suntory Shanghai Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Wuxi Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Ulaanbaatar Super Quest" тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар тодорлоо.

Шилдэг спортын холбоо

  1. Монголын гимнастикийн холбоо

Энэ онд олон улсын тэмцээнд баг тамирчдаа амжилттай хамруулж, МҮОХ үйл ажиллагааны оролцооны идэвхи, санхүү менежментийн ил тод байдлаах түлхүү өндөр оноо хүртэж, 1400 онооноос 1035 оноо авсанаар шилдэг спортын холбоогоор шалгарлаа.

 

Паралимпын шилдэг тамирчин:

  1. Ганболдын БОЛОР-ЭРДЭНЭ

Энэ оны паралимпын шилдэг тамирчнаар Дэлхийн паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, "Ханжоу 2022" Пара Азийн наадмын аварга, 2023-2024 оны Пара Гран При тэмцээнээс 2 алт 2 мөнгө тус тус хүртсэн амжилтаар Ганболдын Болор-Эрдэнэ шалгарлаа.

 

Шилдэг залуу тамирчин

  1.  Оюун-Эрдэнийн ЭНХСАЙХАН /БОКС/

"Бөртэ Чоно 2023" наадмын шилддэг залуу тамирчнаар Оюун-Эрдэнэ Энхсайхан "Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга, Залуучуудын улсын аварга, Казахстан улсын Шымкент хотод зохиогдсон Залуучуудын олон улсын тэмцээний аварга болсон амжилтаар шалгарлаа.

 

Шилдэг дасгалжуулагч

  1. Арслангийн МЭРГЭН

Энэ оны шилдэг дасгалжуулагчаар Монголын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Арслангийн Мэргэн тодорч, "Бөртэ Чоно"-ын эзэн боллоо.

 

Шилдэг шүүгч

 

  1. Баттулгын АЛТАНГАДАС /Чөлөөт бөх/

Бөртэ Чоно 2023 наадмын шилдэг шүүгчээр Баттулгын Алтангадас тодорлоо. Тэрбээр “Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам, U23 дэлхийн аваргыг амжилттай дэнсэлсэн билээ.

Шилдгүүдийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн саналаар тодруулдаг бөгөөд энэ жил нийт 36 сэтгүүлч саналаа өгчээ. Энэ жилийн тухайн ДАШТ-д амжилттай оролцсон ч Азийн наадмын дараа допингтой нэр холбогдсон боксын Б.Чинзоригийг нэр дэвшүүлэхээс татгалзсан юм.

Өнгөрсөн жил шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн Ц.Цогтбаатар, эмэгтэй тамирчнаар хүндийн өргөлтийн М.Анхцэцэг шалгарч байв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ