С.Амарсайхан: Халдвар хамгааллын дүрэм журмыг мөрдүүлэхэд цэцэрлэг, сургуулийн эмч нарын үүрэг оролцоо нэн чухал

С.Амарсайхан: Халдвар хамгааллын дүрэм журмыг мөрдүүлэхэд цэцэрлэг, сургуулийн эмч нарын үүрэг оролцоо нэн чухал
2021-2022 оны хичээлийн жил танхимын болон цахим сургалт хосолсон хэлбэрээр эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109, 119 дүгээр сургууль болон Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллаж, сургалтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж буйтай танилцлаа. 
 
Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан тушаалын дагуу цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах тал дээр сургуулиуд бэлтгэлээ сайтар базаажээ. Мөн багш, ажилтнуудаа вакцинд бүрэн хамруулснаас гадна 12-17 насны сурагчдын вакцинжуулалтын явц 90 шахам хувьтай байна.
 
Хоёр жил гаруй цахимаар хичээллэсэн хүүхдүүд анги танхим, найз нөхдөө үгүйлэхийн зэрэгцээ хичээлийн хоцрогдол их гарч байгаа учраас эцэг эх, хүүхдүүдийн 90 хувь нь танхимаар хичээллүүлэхийг дэмжсэн тухай сургуулийн удирдлагууд хэлж байв. 
 
Тухайлбал, 119 дүгээр сургуулийн багш нар хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанарыг сайжруулах гурван жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлсэн байна. 
 
Энэ хичээлийн жилээс сурагчдын “Үдийн хоол”-ны зардал нэг хүүхдийн 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлын эрсдэлтэй цаг үед хоол тэжээлээр дамжуулан хүүхдүүдийн дархлааг дэмжихэд тустай ажил болсныг эцэг, эхчүүд онцолж байлаа.
 
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Энэ хичээлийн жил олон талаараа онцлогтой. Өндөр эрсдэл, өндөр хариуцлагын дор танхимын болон цахим хосолсон хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь хүүхдүүдийн ирээдүйг бодолцсон хэрэг. Өнгөрсөн хоёр жилд хичээлийн хоцрогдол нэлээд гарсныг багш, сурагчид ч хэлж байна. Нөгөө талаас хүүхдүүд анги хамт олноосоо хол, нийгмийн амьд харилцаанд орохгүй удах нь тэдний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, танхимын сургалтаа хэвийн үргэлжлүүлэх нийгмийн шаардлага тулгараад байна. Үүний тулд төр засаг, цэцэрлэг, сургуулийн захиргаа, багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд хамтдаа хичээх хэрэгтэй. Ялангуяа сургалтын орчинд халдвар хамгаалал, эрүүл ахуйн шаардлага дүрэм журмыг мөрдүүлэхэд цэцэрлэг, сургуулийн эмч нарын үүрэг оролцоо их чухал” хэмээв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.