Халдварыг хумьж чадаагүй удирдагчдыг шийтгэжээ

Халдварыг хумьж чадаагүй удирдагчдыг шийтгэжээ
Дэлхийн 222 улсын 204 сая гаруй хүнийг халдварлуулж, 4.3 сая хүний аминд хүрсэн COVID-19 халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод жил гаруй хугацааны өмнө бүртгэгдэж байв. Ийн 76 хоногийн хатуу хөл хорио тогтоосны үр дүнд Ухань хот халдварын тархалтыг хумьж чадсан төдийгүй удалгүй хэвийн амьдралдаа шилжсэн билээ. Харин бусад улс орон халдварын хэд хэдэн давалгаатай нүүр тулан, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйгээс гадна чандарлах газрууд хүртэл дүүрсэн аймшигт өдрүүдтэй тулгарч байлаа. Гэвч өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн тус улсад COVID-19-ийн дельта хувилбар тархан, эрх баригчдыг сандаргаж эхэллээ.
 
Тодруулбал, Жяньсу мужийн Нанжин хотын Лукоу олон улсын нисэх буудлын есөн цэвэрлэгчээс долдугаар сарын 20-ны өдөр COVID-19 халдварын дельта хувилбар илэрсэн юм. Тэгвэл энэ хувилбар өдгөө 31 мужийн талаас илүү хувийг хамарч, гурван долоо хоногийн дотор 1000 гаруй хүнийг халдварлуулсныг Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо өчигдөр мэдэгдлээ. Тус улс өмнөх тархалтыг хөл хорио тогтоож, бүх нийтийг шинжилгээнд хамруулж, аяллыг цуцалсны үр дүнд зогсоож чадсан.
 
Тэгвэл эдгээр арга хэмжээг шуурхай хэрэгжүүлээгүйгээс дельта хувилбарыг тараасан гэх шалтгаанаар орон нутгийн 40 гаруй албан тушаалтныг торгох шийдвэрийг эрх баригчид гаргасан байна. Үүнд орон нутгийн засаг дарга, эрүүл мэндийн хороо, эмнэлэг, нисэх буудал тэргүүтэй газрын 47 удирдагч багтсан гэж төв хэвлэл мэдээлэв. Тухайлбал, дельта хувилбар анх тархсан Нанжин хотын засаг даргын орлогч, нисэх буудлын ажилтан тэргүүтэй 15 удирдах албан тушаалтныг хариуцлага алдсан хэмээн хатуу шийтгэл ногдуулсан гэж Хятадын эрх баригч Коммунист намын сахилга бат шалгах төв комисс мэдэгджээ.
 
Үүнээс гадна жуулчдын хамгийн ихээр зорьдог Хэнань мужийн Жанжиажэ хотын 18  даргыг шийтгэжээ. Учир нь тус хотод өнгөрсөн сард зохион байгуулсан театрын тоглолтод хэдэн мянган хүн очиж үзсний дотор Нанжин хотоос халдвар авсан хүн олон байсан юм.
 
Түүнээс гадна Нанжин хотын хөрш Янжоу хот халдварын голомт болж, шинээр 394 тохиолдол бүртгэгдсэний 26 нь хүнд, зургаа нь маш хүнд өвчилсөн байна. Иймд эрх баригч нар тус хотын өндөр албан тушаал бүхий зургаан хүнд хатуу анхааруулга өгч, хоёр даргыг шинжилгээний төвүүдийг буруу зохион байгуулан эмч нарын дунд халдвар тараасан хэмээн буруутгажээ.
 
Хятад өмнөх халдварын тархалтыг богино хугацаанд хянаж чадсанд орон нутгийн засаг дарга нарын өндөр хариуцлага нөлөөлсөн гэж холбогдох албаныхан тайлбарлав. Тиймээс дельта хувилбар хурдацтай тархсан нь удирдагчдын хариуцлага сул байсны илрэл тул торгосон хэмээн ажиглагчид үзжээ. Харин Хятадын Эрүүл мэндийн сайд асан Гао Цян “Америк болон Англи улс иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг үл тоон хөл хориог сулруулснаас үүдэн халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн. Тиймээс хөл хориогүйгээр цар тахлыг бид хумьж чадахгүй. Харин эртнээс иргэдээ сэрэмжлүүлэн, халдварын нөхцөл байдалтай уялдуулан хөл хориогоо алхам алхмаар сулруулах нь зүйтэй. COVID-19 бол бидэнтэй зэрэгцэн оршдог вирус биш. Гэхдээ урт хугацаанд тэмцэж байж “арилах” вирус юм” гэж ярьсан байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.