МОНГОЛЫН БАГ ТҮҮХЭН ТОГЛОЛТЫН ӨМНӨ

МОНГОЛЫН БАГ ТҮҮХЭН ТОГЛОЛТЫН ӨМНӨ
Монголын Үндэсний шигшээ баг маргааш буюу 10 сарын 10-ны өдөр Япон улсын шигшээ багийн эсрэг тэдний талбайд анх удаа учраа тааран тоглох болно. Сайтама 2020 цэнгэлдэхэд явагдах тус тоглолтыг 50 мянга гаруй хүн үзэх тооцоо гарсан бөгөөд тэдний 300 нь багаа дэмжин уухайлах Монголчууд байхнээ. 
 
Өнөөдөр тус тоглолтын өмнөх албан ёсны бэлтгэл явагдаж, хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Майкл Вайсс оролцлоо. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр: 
 
- Би 2000 оны эхээр Япон улсад ажиллаж байсан. Тэр үеийн хөлбөмбөгөөс одоогийн Японы хөлбөмбөг тэс өөр болсон гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд мэдээж зөвхөн хожлын төлөө тоглох ч гэлээ энэ тоглолтоос туршлага хуримтлуулах нь юу юунаас илүү чухал. Бүрэлдэхүүний хувьд би нэг солиод байхыг хүсдэггүй. 2 жил хагасын хугацаанд бид зөвхөн энэ төвшинд тоглохын төлөө хөлс хүчээ урсгасан. Одоо харин юу сурч мэдсэнээ харуулах цаг нь ирсэн гэж бодож байна. 
 
Их наран улсад өөрийн нэрийг мөнхөлж сумогийн дэвжээг донсолгосон Ёкозуна Асашёорюү Дагвадорж мөн энэ түүхэн тоглолтыг үзэх бөгөөд энэ нь залууст урам зориг өгөх эсэхийг сэтгүүлчид ахлах дасгалжуулагч Вайссаас тодруулахад: 
 
Майкл Вайсс: Тэр бол энэ цагийн домог. Түүнийг зорин ирж тоглолтыг үзэх гэж байгаад баяртай байна. Мэдээж энэ эрхэм манай залууст урам зориг өгөх болно.
 
Тэрбээр хэвлэлийн бага хурлын төгсгөлд: 
 
- Дашрамд хэлэхэд Монголын Хөлбөмбөгийн Холбоо тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нарт баярласнаа хэлмээр байна. Учир нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Японы Хөлбөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэх, багш дасгалжуулагчдыг бэлтгэх зэрэг бүхий л тал дээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Тиймээс та бүхэнд баярлалаа. 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.