Т.Цогтбаяр: Хамгийн зөв төлөвшлийг спорт олгодог

Т.Цогтбаяр: Хамгийн зөв төлөвшлийг спорт олгодог

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  харьяа “Хангарьд” спорт клубийн байт харвааны дасгалжуулагч спортын мастер  Т.Цогтбаяр багштай уулзлаа. Тэрбээр тун удахгүй Монгол Улсын өсвөр үе, залуучуудын баг тамирчдыг удирдан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд тун завгүй явахад нь түүнийг олж ийн ярилцсан юм.

-Саяхан болж өндөрлөсөн улсын аварга шалгаруулах тэмцээний дүнг хараад та бүхнээр бахархаж байна. Баяр хүргэе.

-Баярлалаа. “360” талбай байгуулагдаад яг жилийн ой болж байна. Энэ талбай байгуулагдсанаас хойш гадаа талбайн бүхий л тэмцээнүүд тэнд болж байгаа. Олон улсын стандартад нээгдсэнээс хойш хоёр дахь удаагаа улсын аварга болж байна. Өмнөх жил тамирчид талбайн бүтээн байгуулалтад оролцоод төдийлөн бэлтгэл муу байсан бол. Энэ жил өөрсдийн гараар барьж байгуулалцсан талбайдаа бүтэн жилийн турш бэлтгэл хийсэн үр дүнгээ гаргаж, улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гайхалтай гарлаа. Монголын нийт тамирчдаас 11 спортын мастер, 8 дэд мастер төрлөө. Манай “Хангарьд” клубээс гурван мастер, хоёр дэд мастер төрсөн.

-Таныг Монголын өсвөр үе, залуучуудын багийг удирдан Дэлхийн аваргад явах гэж байгаа гэж дууллаа. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?

-Испанийн Мадрид хотноо наймдугаар сарын 19-26-ны хооронд Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  болно. Тэнд Монголоос 10 тамирчин явах гэж байгаа. Өсвөр үеийнхэд нь зургаан тамирчин, залуучуудын ангилалд дөрвөн тамирчин оролцоно. Тэднийгээ би удирдаж, дасгалжуулагчаар авч явах хариуцлагатай үүрэг хүлээгээд байна. Арван тамирчны маань тав нь яг манай” “Хангарьд” спорт клубийн тамирчид байгаа. Орхон аймгаас бол найман тамирчин явж байгаа. Үлдсэн хоёр нь Улаанбаатар, Хэнтийгээс ирж оролцож байгаа тамирчин.

-Таны авч явж байгаа өсвөрийн тамирчид ирээд Хүүхдийн их наадамд орох юм байна. Бэлтгэл хэр байгаа вэ?

-Угсраа олон тэмцээнтэй байсан учраас манай хүүхдүүд бэлтгэл маш сайн байгаа. Ер нь ердийн үед ч гэсэн байнгын бэлтгэлтэй байдаг. Манай шигшмэл тамирчид байгаа. Хүүхдийн их наадмын дараа “Эрдэнэт” үйлдвэрийн нэрэмжит “Хангарьдын цом” хэмээх том тэмцээн есдүгээр сарын 20-23-нд хооронд болно. Энэ тэмцээндээ манай клубийнхэн нэлээн ач холбогдол өгдөг. Олон улсын чанартай зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ тэмцээнийг 2011 оноос хойш уламжлал болгон зааланд зохион байгуулдаг ч энэ жил гадаа талбайд, нээлттэй зохион байгуулж буйгаараа онцлогтой болох юм.

-Тамирчдын зардлыг Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэх үү?

-Эрдэнэт үйлдвэр өөрсдийн гэрээт тамирчдын бэлтгэлийн хэрэглэл, тэмцээний зардал мөнгийг бүрэн даадаг. Харин Эрдэнэт үйлдвэрийн бус Орхон аймгийн тамирчид энд явж байгаа. Тэд бол зардлаа хувиасаа гаргаж явна. Тамирчид, дасгалжуулагчдаа байнга дэмжиж, бүхий л боломжоор хангадаг “Эрдэнэт” үйлдвэрийнхээ удирдлагуудад баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Мөн хүүхдүүдийнхээ хөгжил, төлөвшилд анхаарч дэмжиж тусалдаг хүүхдүүдийнхээ аав ээж, ар гэрийнхэнд ч мөн баярлаж буйгаа хэлье.

-Багш, дасгалжуулагч хүний хувьд хүүхдүүдээ юуг хамгийн түрүүнд зааж сургаж төлөвшүүлэхийг хүсдэг вэ. Байт харваагаар хичээллэснээр хүүхдүүдэд ямар давуу тал бий болдог вэ?

-Байт харваа гэхээр нум татаад зүгээр зогсдог зүйл биш. Биеийн бүх булчинг хөгжүүлдэг учраас бие бялдрын хувьд өв тэгш хөгждөг. Аливаад маш сайн төвлөрч сурдаг. Тэвчээртэй болдог. Багаар ажиллаж, хүнтэй зөв сайхан харьцаж сурна. Ер нь спорт хүнийг бүх төлөөр нь хөгжүүлдэг бас хүмүүжүүлдэг шүү дээ. Хамгийн зөв төлөвшлийг спорт олгодог гэж ойлгодог. Наанадаж л зорилгогүй гадуур тэнэхгүй шүү дээ. Хообийгоо олсон, зорилготой хүүхэд бол маш гоё гэгээн тэмүүлэлтэй болдог.

Би 1981 оноос хойш байт харваагаар хичээллэж байгаад 1994 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж байна. Хүүхдүүдтэй ажиллах хамгийн гоё.

-Дасгалжуулагчаар 20 гаруй жилийн хугацаанд ажиллахдаа хэчнээн шавь бэлтгэв. Шавь нарынхаа амжилтаас дурдаач.

-1994 оноос хойш дасгалжуулагч, тамирчин гэж явж байгаад 2010 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 100 гаран тамирчин бэлтгэснээр олон хэмжээний мастер 6, спортын мастер 8, дэд мастерууд 5,6-г төрүүлжээ. Багш хүн шавь нараа харж баярлаж, бахдаж суудаг юм даа.

-Таны үеийнхэн энд тэнд талбай гуйж хичээллэдэг хэцүү байсан гэдэг. Тэр үеийг бодвол одоо байт харвааны спорт сайхан хөгжиж байна. Танай бодлоо?

-Тийм ээ. 360 талбай бол байт харваагаар хичээллэж байсан, хичээллэж байгаа, за тэгээд спортод хайртай хүн бүрийг баярлуулсан сайхан бүтээн байгуулалт болсон. Олон хүний сэтгэл зүрх, хөрөнгө мөнгө, цаг зав шингэсэн. Үнэхээр их баяртай байгаа. Хэдийгээр “Эрдэнэт”-д байдаг ч гэсэн тэндээс мөнгөн хандиваа өгч, тамирчин хүүхдүүдтэйгээ ирж гар бие оролцсон. Олны дэмээр олон улсын стандартад нийцсэн сайхан талбайтай болсон. Энэхүү санаачилгыг гаргасан Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн дарга, дэд ерөнхийлөгч М.Эрдэнэболд, Энэ санаачилгыг дэмжсэн Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан, бүтээн байгуулалтад гар бие оролцсон, эд материал, мөнгө санхүүгийн тусламж үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.