Охидын шигшээ баг Энэтхэгийн багийг буулган авлаа

Охидын шигшээ баг Энэтхэгийн багийг буулган авлаа

Ики Ёжи дасгалжуулагчтай Монголын охидын шигшээ баг өнөөдөр Азийн 16 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Энэтхэгийн багтай тоглож 2:1-ээр хожлоо.

Энэтхэгийн шигшээ багийн ахлагч Авека Син 7 дахь минутад чөлөөт цохилтоос гоол оруулсан ч манай охид талбайн эзэн багийн сүр хүчийг харуулан, хоёр гоолыг нөхөж оруулснаар хожил авч чадлаа. Азийн Хөлбөмбөгийн Холбооны тэмцээний эхний тоглолтод анхны гоол оруулж байсан Г.Тэмүүлэн 29 дэх минутад тооны харьцааг тэнцүүлж, эхний үе 1:1-ээр өндөрлөсөн юм.

Хоёр дугаар үед багууд хожил авахын төлөө бүхий л хүчээ дайчилж байв. Чухал үед Ики Ёжи дасгалжуулагч Г.Хулангоог 65 дахь минутад сэлгээгээр оруулсан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Г.Хулангоо 71 дэх минутад багийнхаа хоёр дахь, өөрийн шигшээ багийн төлөөх анхны гоолыг оруулсан нь хожлын үнэтэй байсан юм.

Анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа ч охидын шигшээ баг маань 11 гоол оруулж, хоёр хожил авч, хэсгийнхээ хүчирхэг багуудын зүрхэнд шар ус хуруулж чадлаа. Монголын Хөлбөмбөгийн Холбоо сүүлийн гурван жилд охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлж, шигшээ баг байгуулан, амжилт гаргах бодлого барьсан нь үр дүнгээ өгч эхэлсэнд нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс таатай байна.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давсан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, Азийн АШТ-ий урьдчилсан шатанд амжилттай оролцсон 16 хүртэлх охидын шигшээ баг, ирэх 11 сард Ливан улсад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх 19 хүртэлх насны охидын шигшээ багийнхандаа амжилт хүсье.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.