Малчдаас татвар авдаг болъё

Малчдаас татвар авдаг болъё

Хөдөөгийн малчид хөөрхий гэж хөөрхийлсөөр хэдэн өвлийг ардаа үдэв. Хөөрхий муу малчид минь халуунд халж, хүйтэнд хөрсөөр нийслэлийн биднийг идэх мах, уух сүүтэй байлгаж байгаа юм шүү дээ гэх өвгөдийнхөө үгийг их сонссоных уу, хөдөөнийхөн гэхээр л хошуу дэвсдэг нь нийслэлчүүдийн зан болоод удсан.

Гэтэл сүүлийн хэдэн жил байдал эсрэгээрээ эргэж, хөдөөгийнхөн хөлжиж, хөөрхий нийслэлчүүд нь элдэв төрлийн татвар, банкны зээлэнд дарлуулж амьдрах болсон нь бодит үнэн.

Нийслэлийн иргэд хувийн унаагаа унахдаа хүртэл зам ашигласны төлбөр, хорт утааны төлбөр гээд л элдэв төрлийн татвар төлөөсөнд ээрэгдээд зогсохгүй, эвгүйдвэл л торгуульд уначихна. Хэдийгээр энэ мөнгө улсын төсөвт төвлөрдөг ч гэлээ, үүнд хөдөөнийхөн ч гэсэн ижил тэгш эрхтэй оролцож баймаар санагдана. Бидний төлсөн татвар, торгууль, шимтгэл бүхэн улсын төсөвт төвлөрч түүгээр нь хот хөдөөгийн гэж ялгалгүй бүгдийнх нь нийтийн эрх ашигт зарцуулагддаг.

Гэтэл хөдөөнийхөн гэхээр наснаасаа эрт тэтгэвэрт гарч болно, ноос ноолуур, тариа будаагаа улсад тушааж урамшуулал хүртэнэ. Малчны гэх тэтгэлэг, урамшуулал олонтой. Тэгсэн атлаа улсад татвар мөнгө төлдөггүй. Эрхээ хэтрүүлэн эдэлж, үүргээ умартаад байна уу гэлтэй. Нийслэлийн бидэнтэй ижил, зарим талаараа бүр илүү эрх эдэлдэг хөдөөнийхөн өөрсдийнхөө болоод үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж амьдрах гэж мал маллах замыг сонгосон. Тэгсэн атлаа бусдын төлөө амьдарч буй мэт малын тэжээл, өвөлжилтийн бэлтгэлээ хангаагүйнхээ төлөө нийслэлийн цэцэрлэг, сургуулийн багачуудаас хүртэл тусламж хүсдэг болоод 10, 20 жил болж байна.

Алийн бүр нийслэлчүүдийн татвараар амьдарч, алийн болгон багачуудаас тусламж хүсч амьдрах вэ. Ноос ноолуур, сүү сааль гээд улсад, үйлдвэрт тушаадаг бүхнээс урамшуулал авдаг шигээ татвар бас төлдөг болмоор байна. Ингэснээр хот, хөдөөгийнхөн гэлтгүй эн тэнцүү эрх эдэлж, эрх тэгш үүрэг хүлээдэг болно шүү дээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.