Доналд Трамп Амазон руу дайрав

Доналд Трамп Амазон руу дайрав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын шуудангийн үйлчилгээ үзүүлдэг гол компаниудын нэг UPS-ийг хохироож байна хэмээн Амазоныг шүүмжиллээ. Учир нь тэрбээр онлайн худалдааны аварга том компани болох тус Амазон компанийг бараа хүргэлтийн шуудангийн үйлчилгээнд хангалттай мөнгө төлөхгүй байна хэмээн үзэж буйгаа хэлсэн байна. Тэрбээр твитерт жиргэхдээ “Амазоны хүргүүлсэн ачаа бүрээс дунджаар 1.5 ам.долларыг UPS алдаж байна” гэжээ. Мөн Трамп Вашингтон Пост сониныг Амазоны “лоббичин” хэмээн нэрийдэж, бичжээ.

Амазоны эзэн Жефф Бэзос Вашингтон Постыг мөн эзэмшдэг бөгөөд Ерөнхийлөгчийн тухай таагүй мэдээлэллүүдийг нийтэлдэг аж. Тухайлбал, тус сонин Трампын сонгуулийн компанит ажил болон Оросын хоорондын холбоог шалгаж байгаа тухай, мөн Трампын порно од Сторми Даниелстэй ойр дотно харьцаатай тухай нийтэлж байсан юм байна. Хамгийн сүүлд тус сонины өнгөрсөн Бямба гаригийн дугаарт Ерөнхийлөгч Трампын эзэмшдэг байгууллагуудын дансыг гурван өөр хуулийн компани шалгаж эхлээд байгаа тухай дурдсан аж. Харин Ерөнхийлөгч Трамп “Амазонтой хийсэн гэрээнээс болж UPS тэрбумаар тоологдох ам.доллар алдаж байна. Хэрэв UPS илгээмж хүргэлтийн үйлчилгээний үнээ нэмэх юм бол Амазоных ч мөн адил 2,6 тэрбум ам.доллараар нэмэгдэх болно. Амазон бодит үнэ болон татвараа төлж, шуудангийн байгууллагыг луйвардахаа зогсоох ёстой”  хэмээн Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа Амазон руу дайрсан хандлагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Амазон ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм. Харин Амазоны дэмжигчид тус компанитай хийсэн гэрээнээс UPS ашиг олж байгааг Шуудангийн үйлчилгээ зохицуулах комисс илрүүлсэн гэж тэмдэглэсэн байна.

Б.Саруул

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.