Байнгын хороодын хуралдаан болж, зарим томилгоог хэлэлцлээ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжив. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой холбоотой нээлттэй сонсголыг зохион байгуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр үүрэг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны тоймыг хүргэе.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд “П.Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүнээс чөлөөлөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, чөлөөллөө. Сонгуулийн ерөнхий хорооны дараагийн даргыг сонгохын тулд хуулийн хүрээнд сонсгол явуулах ёстой. Иймд сонсголын хүн нь одоогоор тодорхойгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаас чөлөөлөх тухай тогтоол гаргана. Мөн дараагийн дарга томилогдох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг орон тооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир даалгасан тогтоол гаргажээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн. МАН-ын бүлгийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох санал гаргасныг дэмжсэн байдаг. Тэгвэл өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арван нэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Та өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-д байсан юм байна. Яагаад Хөгжлийн банк ийм хүнд байдалд орсон бэ?
Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:
-Хөгжлийн банк дунд хугацаанд импортыг дэмжих зорилготойгоор байгуулагдсан. Хэтэрхий ерөнхий явсан. Экспортыг дэмжих төслүүдээ төрөөс зарлаад түүнийгээ дэмжих байдлаар ажиллаагүй. Ерөнхий экспортыг дэмжих гэдэг нэрийн дор замбараагүй явсан. Чанаргүй зээл олгосон. Үүнээс болж одоог хүртэл сэргэж чадахгүй байгаа. Тухайн үед ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа энэ талаар хатуу байр суурь илэрхийлж байсан.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
- Та эдийн засгийн ямар онол баримталдаг вэ. Таны хувьд ажилгүйдэл чухал уу, инфляц чухал уу эсвэл эдийн засгийн өсөлт чухал уу. Та эдгээрийг нэг, хоёр, гуравдугаарт эрэмбэлээд өгөхгүй юу?
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:
-Би эдийн засгийн неоклассик онол баримталдаг. Энэ нь нээлттэй, чөлөөт эдийн засаг дээр төрийн тодорхой, зөв оролцоог хангаж ажиллах ёстой гэдэг дээр би итгэл үнэмшилтэй байдаг. Миний хувьд поп улстөрчдийн санаачилгыг дэмжиж ажиллахгүй.
Эдийн засагч Б.Дөлгөөн:
-Монгол Улсад бизнес эрхлэхэд зээлийн хүүгийн дарамт үнэхээр өндөр байгаа нь бодит асуудал юм. Үүнийг бууруулах зайлшгүй шаардлагатай ч захиргааны аргаар, хиймлээр хязгаарлаж шийдэх боломжгүй гэдэгтэй санал нэг байна. Зээлийн хүү нь зах зээлийн олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд нэр дэвшигчийн ярианд дурдсанчлан түүнд нөлөөлөх дөрвөн хүчин зүйлийн дотроос эх үүсвэрийн өртөг хамгийн том нөлөө үзүүлдэг. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлд та ямар бодит бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?Нөгөө талаас иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй үнийн өсөлтийн асуудлыг ч хөндөх нь зүйтэй. Өмнө нь 100 мянган төгрөгөөр тор дүүрэн хүнс авдаг байсан бол өнөөдөр ижил мөнгөөр авах бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс багассан нь иргэн бүрт мэдрэгдэж байна. Инфляц ийнхүү өрхийн бодит орлогод дарамт учруулж буй энэ үед дунд хугацаанд инфляцыг 5±2 хувийн түвшинд барина гэсэн зорилт дэвшүүлээд байгаа. Гэвч сүүлийн таван жилийн турш бодлогын баримт бичгүүд байсан ч хэрэгжилт сул байсныг бодитоор харж байна. Иймд энэхүү зорилтыг бодит ажил болгохын тулд та ямар бодлогын зарчим баримталж, ямар механизмаар хэрэгжилтийг ханган ажиллах вэ? Гуравдугаарт, тэтгэврийн зээлийн хувийг бууруулах боломжтой юу гэдгийг асуумаар байна.
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:
-Эх үүсвэрийн зардал бол зээлийн хүүгийн асуудлын суурь шалтгаан бөгөөд энэ нь суурь инфляцтай шууд холбоотой. Тиймээс гаднаас харьцангуй хямд эх үүсвэр татах эрх зүйн боломжуудыг өргөжүүлэх, санхүүгийн зохистой механизм бүрдүүлэхэд төв банк бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлээс урт хугацаатай, хямд өртөгтэй эх үүсвэр татах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн зээлийн сувгуудыг нэмэгдүүлэх нь чухал юм. Мөн банкуудыг хямд эх үүсвэр татахад нь дэмжих бодлого хэрэгжүүлснээр зээлийн өртгийг аажмаар бууруулах боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ хамгийн чухал нь эдийн засагт үүсээд буй хөөсөрсөн, тэнцвэргүй байдлыг зогсоох явдал юм. Энэ асуудал нь зөвхөн зээлийн хүүтэй бус, цаашлаад үнийн өсөлт, инфляцтай шууд уялдаатай. Өнөөгийн нөхцөлд инфляц нь төгрөгийн бодит худалдан авах чадварын уналтыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа тал бий. Монгол Улсын эдийн засгийн бүтэц үйлдвэрлэл сул хөгжсөн, харин төсвийн тэлэлт шууд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ рүү бууддаг онцлогтой. Иймээс хөрөнгийн зах зээл хөгжиж байж, тодорхой хэсэг нь тийшээ шингэж орж байх ёстой юм. Тэтгэврийн зээлийн асуудлаар олон талын байр суурь, санал яригдаж буй ч зохицуулагч байгууллагын хувьд зээлийн багцын хэмжээнд макро тэнцвэрийг хадгалах бодлогын зохицуулалт хийх тодорхой орон зай бий гэж үзэж байна.
Хууль зүйн байнгын хороогоор УЕП-ын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм. Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцуулсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn