Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар: Өвөрхангай аймаг ирэх 30 жилд Монгол Улсын хөгжлийг тэргүүлнэ

Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар: Өвөрхангай аймаг ирэх 30 жилд Монгол Улсын хөгжлийг тэргүүлнэ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа – 2050”, тэр дотроо эхний 10 жилд хэрэгжих “Шинэ сэргэлт” бодлогыг танилцуулах дөрвөн өдрийн сургалт өнөөдөр Өвөрхангай аймагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ, Удирдлагын академи, аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, сумдын 200 гаруй албан хаагчид хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар хэлэхдээ “Өвөрхангай аймагт хөгжлийн маш их боломжууд байгаа.

Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Өвөрхангай шат ахисан дүнг үзүүлсэн. Байршлын хувьд давуу, дэд бүтэц хөгжсөн учраас хэд хэдэн томоохон төсөл хэрэгжихээр яригдаж байна. Тухайлбал, Өмнөговь - Өвөрхангай аймаг, Арвайхээр – Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам тавигдана. Говийн бүсийн аймгуудын усан хангамжийг сайжруулж, орлогыг Өвөрхангай аймагт төвлөрүүлэх “Хөх морь” гээд том төсөл яригдаж байна. Удахгүй шинэ нийслэл Хархорин хотын суурийг тавих ажил эхэлнэ.

Ингэснээр Өвөрхангай руу хөгжил ойртож, боловсролын түвшин нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна. Аялал жуулчлалын олон гарцууд нээгдэнэ. Өвөрхангай аймаг ирэх 10 жил, цаашлаад 30 жилийн дотор Монгол Улсын хөгжлийг тэргүүлсэн, өөрөө өөрийгөө санхүүжүүлсэн том аймаг болох ирээдүй харагдаж байна. Үүнийг л бид энэ дөрвөн өдрийн сургалтаар ярилцах юм” гэлээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ