Л.Оюун-Эрдэнийг тоссон гурван “даваа”

Л.Оюун-Эрдэнийг тоссон гурван “даваа”

Шинэ он гарлаа. Нийтээрээ нижгэр тэмдэглэлээ. Гэвч өнөөх COVID19 цар тахал намжаагүй. Омикрон хэмээх шинэ хувилбар гарчихсан, улс орнуудад тархсаар байна. Дагаад дэлхийн эдийн засгийн их хямралын чимээ улам ойртон сонсогдож эхлэв. 

Гэхдээ Монгол Улсын хувьд өнгөрсөн 2021 он чамлахааргүй өгөөжөө хүртээсэн гэхэд болно.

Бид 2020-2021 онд шилжих “шинэ жил”-ийн өдрүүдийг COVID19 цар тахлын хатуу хөл хорио, айдас хүйдэс дунд өнгөрөөж байлаа. Он гараад ч цар тахлын тархалт нэмэгдсээр байв. Тэр сацуу засаг солигдож, одоогийн Ерөнхий сайд томилогдсон.

Улмаар хавраас цар тахлын эсрэг вакцинуулалт эхэлж, хөл хорио аажмаар суларсаар 2021-2022 оны шинэ жилийг жинхэнэ задгай тэмдэглэсэн нь энэ.

Одоо Онцгой комиссоос тогтоосон хөл хорионы дэглэм “улбар шар” гэх авч, бодит байдал дээр өнгөрсөн “ногоорчихсон” юм. Дэлгүүр хоршоо, баар сав гээд үйлчилгээний бүхий л газар хэвийн ажиллаж буй.

Энэ 2022 онд Монгол Улс юу туулах вэ гэдэг их сонирхолтой цэг дээр ирээд байна. Мэдээж хэрэг, дэлхий нийтээр өвчин зовлон, эдийн засгийн хүндрэл гээд таагүй явдал ихтэй. Түүний нөлөө бидэнд тусч л таарна. Гэхдээ өнгөрсөн онд, ялангуяа оны сүүлийн хагаст өрнөсөн үйл явдлууд, түүний үр дүн ийн анхаарал татаад байгаа юм.

Юу гэвэл, Үндсэн хуулиар урьд өмнөх Ерөнхий сайд нараас илүү эрх мэдлийг авсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс оронд болоод өөртөө тулсан цагийн шалгуурыг муугүй давчих шиг болсон юм.

Нэгдүгээрт, вакцинжуулалтыг маш сайн явуулсан. “...Үр дүн нь гардаг юм бол вакциныг хангалттай тарилаа” гэцгээж байв. Одоо ямар байгааг бид харж байна.

Хоёрдугаарт, “10 их наядын хөтөлбөр” хэрэгжүүлж, тодорхой үр дүнгүүд бас үзсэн. Гол “тоо” нь болох эдийн засаг -5.3 байсныг 3.4 хүртэл өргөжээ. Оны сүүлч гэхэд дээрх “10 их наядын хөтөлбөр” нь зургаан салбар бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” болон томорч, түүнийг УИХ 2021 оны сүүлчээр тогтоол болгож батлав.

Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын суудлыг хадгалж, улмаар Ардын намын даргаар баталгаажин сонгогдогдох гол шалгуур нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тэрбээр экс Ерөнхий сайд, намын даргаа Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд ялуулсанаар замаа зассан гэхэд болно.

Дөрөвдүгээрт,Оюутолгойн хэлэлцээрийг Л.Оюун-Эрдэнээс салгаж ойлгох боломжгүй. ЗГХЭГ-ын дарга байхаас нь эхэлсэн энэ хэлэлцээрт 2021 оны сүүлч гэхэд Засгийн газар үндсэндээ ялалт байгуулсан. Хэдийгээр төгс биш ч гэрээ байгуулагдсанаас хойш хөрөнгө оруулагчдынхаа хувьд хамтрагч гэдгээ Монгол Улс мэдэрч авсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд хөрөнгө оруулагчдаас Ерөнхий сайдад ирүүлсэн саналыг он солигдохын өмнөхөн УИХ-ын тогтоол болгож баталсан юм.

Тавдугаарт, Дээрх хэдэн гол асуудал дээр “унаагүй” Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр эрх баригч Ардын намын Их хурлаас намын даргаар сонгогдсон. Ингэснээр түүнд хуулиар авч болох бүх эрх мэдэл ирсэн.

Энэ бүхэн өнгөрсөн онд үлдсэн.

2022 он дөнгөж гарч байна. Тэгэхээр энэ онд Засгийн газрын тэргүүний чихэнд чийр болтол ярьсан олон бүтээн байгуулалт, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрхэн эхлэхийг нийтээр харж, хүлээж байна.

Үүний зэрэгцээ юу юугүй хаяанд ирчихсэн хүндрэлүүд бас бий. Үүд тогшиж байна гэхэд бараг болно.

Цар тахлын омикрон хувилбарт санаа зовохгүй байж болохгүй. Хоруу чанар багатай гэсэн сурталчилгаа багагүй явж байна. Мэргэжлийн байгууллагууд ч ийм мэдээлэл өгөөд байгаа нь зохисгүй. Бид анх яалаа даа. “...Олон зуун төрлийн эмийн ургамлаар хооллодог малын махаа идээд байхад цар тахал тусахгүй” гэж ярьцгааж яваад л яая даа гэтлээ халдвар авцгаасан. Олон давхар вакцин, бас халдвар аваад эдгэсэндээ эрдсэн монголчууд маскаа тайлж шидээд л шинэ жил тэмдэглэцгээлээ Нөгөөх нь ороод ирвэл одоо бид сэрэмжээ алдсан байгаа шүү.

Цар тахлаас дутуугүй хямраах бас нэг том асуудал бий. Үнийн өсөлт, төгрөгийн үнэгүйдэл буюу инфляцтай тулна. 2021 оны сүүлчээс бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ хөөрчихсөн. “...Баяраа тэмдэглэж байвал үхсэн ч яахав” гэдэг логиктой бид яаж ийгээд торт, шампаанскаа өндөр үнэ, урт оочер давж авч байгаад л өнгөрөөлөө. Ам.долларын ханшийг 2850 орчимд багагүй хугацаанд барив. Одоо үүнийгээ хэзээ мөдгүй алдана. Нэг алдвал юу болох бол?! Эдийн засагчид, мэдээлэлд ойр хүмүүс энэ талаар таатай зүйл хэлэхгүй байна. Тэгээд л инфляц гэдэг юм жинхэнэ галзуурна даа.

Түүнчлэн Монголын эдийн засгийн бүхэлд нь хямрааж, савлуулж байгаа ганц буруутан бий болоод байгаа юм. Тэр нь урд хил хаагдсан явдал. Учир начрыг нь ярихаар гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг Монголоос ч, Хятадаас ч шалтгаалдаг гэдэг.

Гэхдээ урд хөрш хүсвэл манийгаа шалтагт унагачихаад үүдээ түгжээд байхаа мэдэх байлгүй дээ. Тэгж ч байгаа аж. Гэхдээ урд хил нээлттэй байх нь бидэнд юу юунаас илүү чухал болоод байна. Сарын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад очиж Бээжингийн өвлийн олимпийн арга хэмжээнд оролцоно гэж мэдэгдсэн. Чуулган дээр түүний хэлсэн “...Олимп бол хүн төрөлхтний спортын наадам. Үүнийг улстөржүүлж болохгүй. Харин улс төрөөс хол байх ёстой” гэснийг Хятадын мэдээллийн агентлагууд онцолжээ. Харин энд Ерөнхий сайд Бээжингийн өвлийн олимпийн арга хэмжээнд очих нь чухал, учир нь энэ үеэр хил, боомтын асуудлыг ярих байх гэсэн хүлээлт үүсээд байна.

Эцэст нь хэлэхэд, омикрон, инфляц, хил гааль гэсэн гурван “даваа” Л.Оюун-Эрдэнийг тосч байна. Яаж шийдэхийг нь харж байя даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 3 № 1 (6733)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.