Өндөр дэнжийг өөрчлөх төлөвлөгөө цаасан дээр үлдэх вий

Өндөр дэнжийг өөрчлөх төлөвлөгөө цаасан дээр үлдэх вий

Өөрчилнө, сайжруулна гэсээр өчнөөн жилийн нүүрийг үзсэн  “Өндөр дэнж” буюу Гандантэгчинлэн хийд орчимд  авто угаалга болон  засварын газар олширч, хорих ангитай андуурам блокон хашаа сүндэрлэж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа дурдсан. Учир нь тус газрыг шашин, соёл, аялал жуулчлалын бүс болгох шийдвэр гарахтай зэрэгцэн дээрх нөхцөл байдал  бий болж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Хэдийгээр  хувь хүн өмчилж авсан газар, хашаандаа юу барих нь өөрийн эрх гэж байгаа ч  гэлээ тэр нь  Засгийн газрын шийдвэр,  хот төлөвлөлтийн  бодлоготой уялдах учиртай баймаар. Гэтэл шашин, соёл, аялал жуулчлалын бүс болгоно, тооцоо судалгаа, зураг төсөл гаргана   гэсээр байтал  нь төрийн бодлогоос өрсөөд  иргэд  авто угаалга, машин засварын гудамж болгоод тохижуулчих бололтой.

Ер нь бол үе үеийн Засгийн газар Гандантэгчинлэн хийд орчмыг шашин, соёлын төв болгоно хэмээн тунхаглаж ирсэн. Тэр нь сонгуулиар иргэдийг хошгируулж санал авах арга хэлбэр байснаас биш  дорвитой ажил хэрэг болж байсан удаа үгүй. Олон уулзалт, хэлэлцүүлэг явагдаж, иргэдээс санал авсан байдаг. Гэвч тэр нь айл, өрхийн, ам бүлийн, сонгогчдын судалгаа авахад чиглэж байсан  байж   мэдэх юм. Энэ явцын  дунд ганц нэг төсөл хэрэгжсэн.  Эхний эгнээний хэдхэн гудамж,  Гандантэгчинлэн хийдийн төв хаалганы  урд хэсэг нүүрээ угаасан юм мэт болсон, бусад нь халтар хултар, хогтой хэвээр үлдсэн. Хотод нэр дэвшиж, “Хогтой дэнж” –ийг өөрчилнө хэмээн ам өгч сонгогдсон УИХ-ын гишүүд олон  байдаг ч өнгөрсөн 20 гаруй жил хэн  юу хийсэн нь  олны нүдэн дээр ил байгаа нь энэ.

Нийтийн байр, “Дэн буудал”  олонтой атал сургууль, цэцэрлэг байхгүй 

Энэ удаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Гандантэгчинлэн хийд орчмыг шашин, соёл, аялал жуулчлалын бүс болгоно” гэсэн. Өмнөх Засгийн газруудаас  ялгаатай нь  “аялал жуулчлалын бүс болгоно”   гэдэг үг нэмэгдсэн. Эндээс  шашин, соёл, аялал жуулчлалын бүс болгох  гурван талт зорилгыг хангана гэсэн үг. Дээр нь оршин суугч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг хангах  бүтцийн асуудал яригдана. Нийслэлийн салхин дээрээс өмхийгөөр “сан тавьж” байдаг гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг яаж өөрчлөх вэ гэдэг зохицуулалт шаардагдана. Сургууль, цэцэрлэг байхгүй атлаа гудамж болгонд үүрлэсэн “Дэн буудал”,  нийтийн байрнууд,  хоёр гуравхан жилийн өмнө илэрч бөөн шуугиан тарьж байсан биеэ үнэлдэг нууц газрын асуудал, сүүлийн үед шинээр бий болоод байгаа авто угаалга, машин засварын төвүүдийг яах вэ гээд шийдэл хүлээсэн асуудлууд  бий.  Гэтэл  түүнээс урьтан тав, зургаан айлын хашааг нэгтгэж аваад гурван метрийн өндөртэй  блокон хашаа бариад эхэлсэн хүмүүс ч байна. Ямар санаа зорилготой нь тодорхойгүй.

Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаад  өнгөрсөн зургадугаар сарын дундуур, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр   ТЭЗҮ болон  зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг холбогдох газруудад  өгсөн. Түүний мөрөөр ямар ажлууд хийгдэж байгааг тодруулахаар хэд хэдэн газар руу холбогдсон ч хариуцсан мэргэжилтнүүд ээлжийн амралтаа авсан гэсэн хариу сонсов. Хариуцсан хүн нь амарсан ч  төрөөс төлөвлөсөн ажил дагаад амарчихна гэж баймгүй. Ааг зоог гэсээр байтал нь Гандангийн дэнж “Машин угаалгын төв” болох төлөвтэй. Эхэлж байхад нь л зогсоохгүй бол  нэгэнт барьсан хойно нураана гэвэл хөрөнгө зарсан иргэний хувийн өмчид халдах  болно. Эсэргүүцэл тэмцэл өрнөвөл төр шийдвэрээ буцаах уу, зөвшилцлөө гэхэд нөхөн төлбөрт унах ийм л эрсдэл үүсч байна. Эсвэл чи тэг, бид ингэе гэсэн “дундын луйвар”  тэнд цэцэглэж байна  уу, хэн мэдлээ. Эцэст нь  өндөр дэнжийг өөрчилнө гэсэн засгийн  төлөвлөгөө  сурсан, дассанаараа цаасан дээр үлдэх вий...

55.8 га талбайд 1642 айл,  2538 барилга байна

Өнгөрсөн хавар нийтэд цацсан мэдээллээр бол  Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчинлэн хийд орчим   55.8 га талбайг хамардаг. Дээр нь 1642 өрхийн 5743 иргэн оршин суудаг гэжээ.  Түүнийг тойрсон 2538  барилга, байгууламжтайгаас   174  нь аж ахуй нэгж,  шашны эд зүйлсийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг гэсэн байна.  Түүхийн ховор дурсгал гэдэг утгаар сүүлийн жилүүдэд  гадаадын жуулчдын хамгийн түрүүнд очиж сонирхдог газруудын нэгээр Гандантэгчинлэн хийд тодорсон. Тэгвэл зөвхөн Жанрайсэг дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25.000, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 болж жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн судалгааг   гаргажээ.

Өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлаас тоймтойг дурдвал 2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, НИТХ-аар  баталсан. Энэ  төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн  6740  иргэн оршин суухаар тооцсон. Ингэхдээ  барилгын  давхрын  дээд хязгаарыг  таван давхар, барилгын  өндрийн дээд хязгаарыг  15  м байхаар төлөвлөсөн. 2012  оноос  “Монголын  зүрхэн  шүтээн”,  “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин  хийд  орчмын төв  хаалгыг  бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авахад түүнд  хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөөг  шинэчлэх  шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байгаа аж.  Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж   Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудаст мэдээлжээ.

Х.Энх-Эрдэнэ \БГД-ийн XVI хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч\:  Хорооны дэд бүтэц сайжирна гэсэн хүлээлттэй байна

Хэд хэдэн төрийн байгууллагууд руу холбогдсон ч хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай гэснээр мэдээлэл авч чадсангүй. Харин БГД-ийн XVI хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Энх-Эрдэнээс  цөөн асуултад хариулт авсан юм.

-БГД-ийн XVI хороо, Гандантэгчилэн хийд орчмын дэд бүтцийн ажил ямар шатанд яваа талаар мэдээлэл өгнө үү?

- Энэ тухай бид  өмнө нь ч ярьсан, ер нь байнга ярьдаг сэдэв. Одоо дахиад ярих шаардлага байгаа эсэхийг мэдэхгүй байна. Засгийн газар, БХБЯ, Соёлын яам, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар,  Баянгол дүүрэг гээд төрийн байгууллагууд хамтран Ажлын хэсэг гаргасан. Ажил хаанаа гацаж урагшлахгүй байгаа шалтгааныг гаргаж, ТЭЗҮ, зураг төсөл, төсвийн тооцооллыг Сангийн яам хийгээд  явж байна. Цаашид байдал өөрчлөгдөнө, хорооны өнгө зүс, дэд бүтэц сайжирна  гэсэн хүлээлттэй байгаа.

-Гэр хорооллын айлууд хашаагаа тойруулж жорлон, муу усны нүх ухсаар  хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж ярьдаг. 00-оо соруулдаг айл цөөхөн байдаг гэсэн. Үүнийг шийдэх ажил ямар шатанд яваа бол?

-Нийслэлийн хамгийн анхны  суурьшлын бүс шүү дээ, тийм болохоор хөрсний бохирдлын асуудал хэчнээн жилээр хуримтлагдсан хамгийн эмзэг, бас  яаралтай шийдэх ёстой асуудал. 200-300 жил ужиграад ирсэн байна гээд үзэхэд энэ хугацааны бохирдол аймшигтай  зүйл байгаа.  Хорооны нийт айл өрх энэ асуудлыг шийдэхийг 20, 30 жил хүлээсэн. УИХ-ын гишүүнээр сонгогдож гарч байсан бүх хүнд л хэлж ярьж байсан. Бодитой шийдсэн юмгүй өдий хүрснийг хүн болгон мэдэж байгаа.

Манай хорооны Орхон тал гэж ярьж заншсан  Гандантэгчилэн хийдийн баруун талын хэсэгт цэвэр, бохирын шугамаа бол тавьсан, ашиглалтад оруулаагүй байгаа. Хоёр өдрийн өмнө тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн бие төлөөлөгч ирж бид хамтраад газар дээр нь  очиж танилцуулсан.  2015 онд шугамыг  хаагуур хэрхэн тавьж байсныг үзүүлж, хаана хүрээд  зогссоныг  нь ч харууллаа. Нэгэнт ажил эхэлсэн юм чинь цаашаа үргэлжлээд явах байх. Хорооны зүгээс бол Засгийн газраас хийж байгаа ажил дээр  иргэдийг татан оролцуулах, гүйцэтгэж байгаа компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээллээр хангах талын ажлыг хийж байна. Улсаас цэвэр, бохирын шугамыг тавиад өглөө гэхэд иргэд хашаа, байшин руугаа татаж оруулах ажил яаж явах вэ гэдэгт анхаарч хамтарч ажиллах тал дээр үйл ажиллагаа явуулж байна.

-Бид Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн олон нийттэй харилцах албанаас албан ёсны хариу авч чадсангүй.  Тэдний зүгээс ажлын хэсэгт ямар оролцоотой явж ирсэн бэ. Ямар санал дэвшүүлдэг бол, та хэлж болох уу?

-Гандантэгчинлэн хийд бол төрийн бус байгууллага, тийм статустай явж ирсэн. Тэр талаараа л оролцож байгаа байх. Түүнээс шийдвэр гаргах түвшинд гэх юм уу, дэд бүтцийн тал дээр  оролцоогүй. Харин Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүтцийн талаас асуудлыг ярьж байгаа. Гэр хорооллын модон жорлонгоос салж аялал жуулчлалын бүс рүү хандуулах, худалдааны төв болгох асуудал ярьж байна шүү дээ. Дээр нь шавар шавхайтай гудамжуудыг өөрчлөхгүй бол гадаадын жуулчид ирэх, явахад бололцоо муутай. Иймд чулуун зам тавих талаар ярьж байна. Энэ мэт дэд бүтцийн асуудалд Гандантэгчилэн хийд оролцох шаардлагагүй. Харин жуулчдыг татах эвент талаас Соёлын яамтайгаа хамтарч ажиллах байх гэж бодож байна.

-Сургууль, цэцэрлэг нэн  шаардлагатай байтал “Дэн буудал”, нийтийн байраар гудамжууд дүүрсэн гэж оршин суугч, иргэд шүүмжилдэг. Сүүлийн үед авто угаалга, засварын газрууд эрс  нэмэгджээ. Энд ямар стандарт  байх ёстой вэ?

-Яагаад гудамж болгонд зочид буудал, нийтийн байр байгаад байна гэвэл тэнд гэр хороолол байдаг. Иргэд өмчилсөн газар, хашаандаа хоёр давхар байшин барихад нийслэл, дүүргээс ямар нэгэн зөвшөөрөл авдаггүй. Тийм болохоор хувийн байшин бариад түүнийгээ нийтийн байр болгож хөлслүүлдэг. Хотын төвд ойр амьдрах гэсэн иргэд тэнд нь ирж амьдардаг шиг байгаа юм. Гэхдээ нэгэнт Гандантэгчилэн хийд орчмыг шашин, соёл, аялал жуулчлалын бүс болгоно гэсэн шийдвэр гарч хуульчлагдахаар  энп  дахиж ямар нэгэн нийтийн байр, авто угаалгын газар нэмэгдэх, ажиллах боломжгүй болно. Одоогоор бол нийтийн байр, угаалгын газарт  тавигдах стандарт байдаггүй. Тэгэхээр шалгаж хянах боломжгүй болчихоод байгаа юм. Зөвхөн нийтийн байранд хэдэн хүн амьдарч  байна гэсэн тоог авах, судалгаа гаргах, ямар хүмүүс байрлуулж байна, баасан гариг бүрт хог ачдаг машин үйлчилдэг учраас хогоо тэр дагуу гаргаж ачих ёстой. Шөнө орой архидан согтуурах, иргэдийн  амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй гэдгийг анхааруулах, жижүүрийг 24 цагаар гаргах хэрэгтэй байна гэсэн хэлцлийн журмаар нийтийн байрны эзэдтэй  харилцаж байна. Цаашид хөгжлийн төлөвлөгөө, концепц нь батлагдахаар бүх зүйл тодорхой болно. Тэр үед авто угаалга, нийтийн байр ажиллах ямар ч боломжгүй болж зөв голдрилдоо орох юм. Энэ бүх асуудал Засгийн газар дээр  бодлогын түвшинд нь яригдаж байгаа болохоор хорооноос иргэдийнхээ хүсэлт, саналыг уламжлах, гүйцэтгэж байгаа компаниудтай хамтарч ажиллах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг л хийж байна.  Барилга, байшин, хашаа хайсны тухайд НИТХ-ын 2015 онд бүсчилсэн байдлаар  журам гаргасан. Хорооны нутаг дэвсгэрийн захаар таван давхар, төв хэсгээр хоёр давхар байшин барьж болно гэх мэтээр, ингэхдээ өндрийн  хэмжээг нь нарийн зааж өгсөн байдаг.

-Хүн амын тоо таван мянга гаруй гэсэн судалгаа  гарсан байдаг юм байна. Нийтийн байраар тооцох юм бол хэд нугалсан тоо гарахаар санагдана?

-Өнөөгийн байдлаар 5743 хүн амьдардаг гэсэн мэдээлэл байгаа. Энэ бол цаасан дээрх тоо. Шилжин ирэгсэд, түр оршин суугчид, нийтийн байраар байрласан иргэд судалгаанд сайн ороогүй.

-Энэ бүхний эцэст Гандантэгчинлэн хийд орчмын ирээдүй ийм болно гэсэн ирээдүйн зураг ямар байх бол. Тэр төсөөллийг хэлж өгөөч?

-Засгийн газрын түвшинд яригдаж, ажил явж байхад хороо хариуцсан бид нэмж юу хэлэх билээ. Харин та бүхэн ажлын хэсэг ахалсан, холбогдох яамдын хүмүүсээс  асуу. Тэд л  тодорхой мэдээллийг өгөх байх.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.17 МЯГМАР № 160 (6637)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.