Хумбагарын Батмэнд: Анх удаагаа л уухайлах наадамчингүй наадах гэж байна даа

Хумбагарын Батмэнд: Анх удаагаа л уухайлах наадамчингүй наадах гэж байна даа
Энэ удаагийн дугаартаа дуучин бөхийн тайлбарлагч Хумбагарын Батмэндтэй ярилцлаа. 
 
-Заа та сайхан зусаж байна уу? Өнөө жилийн баяр наадмын босгон дээр тантай уулзаж ярилцахыг хүссэн. Та дуучны зэрэгцээ бас үндэсний бөхийн улсын тайлбарлагч хүн шүү дээ. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд бөхийн барилдааны талаар ярилцахаас өмнө бөх тайлбарлагч хүн чухам ямархан үүрэг хариуцлагатай ажилладаг вэ? 
 
-За бөхийн тайлбарлагч байх гэдэг зүгээр микрофон барьж бөх зарладаг хүн болгоныг ч хэлдэггүй байх. Бөх тайлбарлах гэдэг нь мэдээж хэрэг бөхчүүдийнхээ барилдааны онцлог шинж чанар, яаж, яг ямархуу мэх хийж барилдах талаар бол тэд нартай цуг дэвжээн дээр барилдаж яваа юм шиг мэдэрч ярих хэрэгтэй. Түүнээс гадна үндэсний язгуур өв соёлоо сайтар мэддэг байх учиртай. Монгол эрчүүдийг бөхөөр л зүйрлэж үздэг шүү дээ. Тиймээс бөхчүүдийнхээ сэтгэл зүйг хүртэл засаж сайжруулах хэмжээний байх ёстой. Тэр нь учиргүй сургаал номлол айлдаад байхгүй ч, цөөхөн цэгцтэй үгсээр дуу хоолойны өнгө аясаар мэдрүүлнэ. Ер нь бөх тайлбарлах гэдэг нь зай завсаргүй их ярьж амьтан хүний чих ядраахын нэр биш. Манай зарим тайлбарлагч залуучууд нэг л сүрхий хоолойгоо шахаж ирээд л хамаагүй бүдүүн дуугарах ёстой юм шиг андуурдаг. Тэр нь гоо сайхны ямар ч таашаал авах байтугай, бүүр залхмаар болдог шүү дээ. Брэнд хоолой гэж бас байдаг тун сонсголонтой бөгөөд уран хурц хэллэгтэй, хэл яриа цэгцтэй байх гээд л анхаарах зүйлс өчнөөн бий шүү дээ. Тун нарийн мэдрэмжтэй байх учиртай. 
 
-Та хэзээнээс бөх тайлбарлаж эхлэв?  Маш их судалгаа, өөрийн гэсэн арга зүй хэрэг болно биз?
 
-Хүүхэд байхад Радиогоор бөх сонсоод бүүр тэмдэглэл хөтөлж ирсэн байдаг. Тэр үед Улсын начин Агвааны Ганбаатар гэж сайхан тайлбарлагч нүдэнд харагдтал ярьдаг сан. Мөн Улсын начин Ш.Чанарав гуай бол телевизийн тайлбарыг тун амттай тайлбарлаж хүргэдэг байж билээ. Тэр агуу хүмүүсийн хэн хэнийх нь хоолойны өнгө тембэр сонсууштай чихэнд чимэгтэй гэж жигтэйхэн. Тэдгээр хүмүүс бол бөхийн тайлбарыг урлагийн хэмжээнд хүргэсэн гэж боддог шүү. Тэр ч утгаараа бөхөд олон залуус татагдаж, барилдаж ноцолдох, биеийн тамираар хичээллэх болсон болов уу гэж боддог. Учир нь хүний сэтгэл зүрхийг өөрийн эрхгүй татаж авчирч бөх рүү ойртуулсан хэрэг.. Өөрөөр хэлэх юм бол, тэгж хүний сэтгэлийн утас татсан хэрэг. 
 
-Таны багш хэн бэ? Хэзээнээс бөх тайлбарлаж эхлэв. Ярианаас тань анзаарснаар бөхийн мундаг тайлбарлагчид таны сэтгэл зүрхийг бөх тайлбарлагч болох хүртэл татсан уу.
 
-Хүүхэд байхаасаа бөх тайлбарлах хүсэлд хөтлөгдсөөр л явсан. Хээр гадаа малын бэлчээрт ганцаараа яриад тайлбарлаад явж байдаг байж дээ. Хөдөөний л хүүхэд болсон хойно найзуудтайгаа барилдана. Бас тэд нарыгаа тайлбарлаж хөгжилдөх зэргээр амьхандаа мөрөөдөөд л, дасгал сургууль хийгээд байсан хэрэг. 2003 онд бөхийн тайлбарлагчдын улсын уралдаан болсон юм. Тэр үед яг над шиг хүсэл мөрөөдөлтэй 200 гаруй залуучууд бүртгүүлж оролцсоноор, би тавдугаар байранд орж байлаа. Тэндээс их урам зориг авч,тайлбарлаж болох юм байна гэж өөртөө итгэсэн гэхүү дээ.. Бөхийн холбооны нарийн бичгийн дарга улсын тэргүүн тайлбарлагч Б.Цогтбаатар. О.Батмөнх нар бол миний багш нар гэж хэлж болно. Тэд нараас бас дэг жаяг суралцсан. Батмөнх ахтайгаа Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэхээс тайлбарлаж орон даяар дамжуулж байлаа. 
Энэ жилийн наадмын бөхчүүдийн хувьд хэн хэн яаж барилдах бол гэсэн таамгийг бөх сонирхогчид дор бүрнээ дэвшүүлж байгаа байх. Таны хувьд урьдчилан хэлбэл.  
Жил жилийн бөхийн өнгө аяс өөр өөр байдаг. Урьдчилж таахад бас хэцүү. Ер нь үзмэрч байсан ч таахгүй дээ.  Наадамд бөх яаж барилдах вэ гэдэг тухайн өдрийн од, хийморь лүндаа гээд олон юмнаас шалтгаална. Заа тэгээд мэдээж хэрэг Улсын Гарьд Б.Гончигдамба Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын аварга Ч.Санжаадамба. Улсын аварга Н.Батсуурь гэх зэрэг бөхчүүд түрүү, үзүүр, их шөвөгт хүрч барилдах магадлал өндөр байгаа даа.Сайн бөхчүүд сайн барилдах байх.  Мөн харцага цолтнууд маань энэ жилийн наадамд сайн барилдана байх. Улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Д.Анар зэрэг залуучууд маань дээшээ барилдана.  Заа улсын начингууд дундаас. Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа,. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяатулсын начин Д.Амарсайхан. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын начин Ч.Хөхчирэнгэр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын начин Б.Орхонбаяр нарыг цолоо баталж, улмаар цолоо ахиулах боломжтой хэмээн харж байна. Улсын цолонд ойрхон байгаа бөхчүүд гэвэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр харъяат, аймгийн арслан Ц. Сандагдорж. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат. аймгийн арслан Б.Зоригбаатар, Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн хурц арслан Ууганбаяр, Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл. Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар, Мөн. Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Мөнхтөрийн хүү. Аймгийн заан Лхагвагэрэл зэрэг залуучууд Улсын цолонд хүрэх болов уу гэж харж байна.
 
Энэ жилийн наадам үзэгчгүй зохион байгуулагдана гэхээр ямар мэдрэмж төрж байна вэ?
 
Заа энэ жилийн хувьд бол түүхэндээ анх удаагаа  “үзэгчгүй наадам “ болох гэж байна. Бөхчүүд маань сэтгэл зүйн хувьд харьцангуй их тайван тогтвортой байх болов уу. Бөхчүүд маань заримд нь сэтгэл зүйд нөлөөлж мэдэх л дээ. Зарим бөхчүүд олон үзэгчид уухайлж шуугилдахаар сайн бариллдаг бол, манай зарим бөхчүүд яг наадмаар сэтгэл нь хэт догдлоод ажилтандаа хүрч чадахгүй нөлөөлдөг тал ч байдаг л даа. Гэхдээ мэдээж хэрэг үзэгчтэй байж л урлаг спорт жинхэнэ утгаараа зүйд нийцнэ шүү дээ. Бөхчүүдийн хувьд наадамчин олноо үгүйлсэн сэтгэл эзгүйрсэн л наадам байх болов уу даа.
 
Цаг заваа зориулан ярилцсанд баярлалаа.  Сайхан наадаарай гэж уншигчдынхаа өмнөөс хүсье. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.