Малала төрсөн гэртээ очжээ

Малала төрсөн гэртээ очжээ

Нобелийн шагналт Малала Юсафзай охин Талибануудад толгойдоо буудуулснаас хойш анх удаа өөрийн төрж, өссөн гэртээ эргэн иржээ. Түүний сэтгэл ихэд хөдөлж, “Би хэзээ ч ийм их аз жаргалтай байгаагүй” гэсэн байна. Түүнийг Пакистаны армиас гаргаж өгсөн нисдэг тэргээр төрсөн нутаг Мингора руу нь хүргэж, явах замынх нь хөдөлгөөнийг хааж, маш өндөр хамгаалалтан дор гэрт нь хариулсан аж. Тэрбээр аав ээж, ах дүүсийн хамт гэртээ харьсан бөгөөд энэ тухайгаа твиттер хуудаснаа нийтэлж, зургаа байршуулжээ. Малала “Би Пакистаны юм бүхнийг санадаг. Гол ус, уул толгод, тэр ч байтугай бохир заваан гудамжуудыг нь хүртэл. Гэрийн минь эргэн тойронд хөглөрдөг байсан хогийг ч хүртэл. Сургуулийнхаа найз нарыг, хөршүүдтэйгээ муудалцдаг байснаа ч мөн маш тод санадаг байсан” гэжээ. Малала охин Оксфордын их сургуулиа төгсөөд Пакистандаа бүрмөсөн буцаж ирэх төлөвлөгөөтөй байгаа юм байна.

Эргэн сануулахад, 2012 онд түүний сургуулийн автобусан дээр Талибаны алан хядагч үсрэн гарч “Малала гэж аль нь вэ” хэмээн хашгираад, Малалагийн толгойд буудсан юм. Мөн Пакистаны Талибууд Малалаг одоо хүртэл онилсоор байгаагаа мэдэгддэг. Ийм учраас түүний аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтыг нь улам нэмэгдүүлээд байгаа аж.

Малала 2014 онд Нобелын шагнал хүртсэн хамгийн залуу хүнээр тодорсон юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.