“Дорноговь бага олимп-2017” шилдгүүд тодорлоо

“Дорноговь бага олимп-2017” шилдгүүд тодорлоо

Олимпийн үзэл санааг орон нутагт дэлгэрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг  хөгжүүлэх, хүүхэд залуусын бие бялдрыг сайжруулах, ирээдүйн залуу тамирчдыг тодруулах, олимпийн наадамд багтдаг топ спортын төрлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулдаг “Дорноговь бага олимп-2017” спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-нд Дорноговь аймагт боллоо.

Тус наадмын нээлтэд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг,  “Рио-2016” олимпийн наадмын паралимпийн жүдо бөхийн хүрэл медальт МУГТ Б.Ууганхүү,  Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт,  ОУХМ Я.Дорж, “Жюу-жицү”  бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жудо, самбо, жюу-жицү бөхийн олон улсын хэмжээний мастер О.Болд-Эрдэнэ нарын  шилдэг тамирчид  оролцлоо. Тэмцээнийг нээж, тус аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг “Спортын Бага олимп маань 2014 оноос эхлэн зохиогдсон бөгөөд “Дорноговь бага олимп” спортын их наадам бидний хувьд нэр хүнд, цар хүрээ өргөнтэй спортын их баяр болсны зэрэгцээ Монгол түмний дараагийн олимпийн аваргыг төрүүлэхэд сэтгэлийн их дэм, тив, дэлхийн тавцанд олон олон  амжилт, ялалтуудыг авчирах бэлтгэл болсон томоохон арга хэмжээ болж байгаа гэж ойлгож байна.

Хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын билэгдэл Олимпизмийн үзэл санааг  дэлгэрүүлэн хөгжүүлэх, спортыг сурталчлах, ард иргэдийн эрүүл мэндийг спортын тэмцээн, уралдаанаар дамжуулан дэмжин хамгаалах, бүх нийтийн хүртээл болгоход чухал үүрэг,  үлгэр дууриал болж чадаж байгаад Дорноговьчууд та бүхнээрээ бахархаж байна. 2016 онд дэлхий нийтээрээ Бразилийн их олимпийн спортын  тэмцэлд Монголчууд, тэр дундаа Дорноговьчууд бид паралимпийн анхны медальтнаа өлгийдөн авсан. Магадгүй өнөөдөр та бүхний дундаас дараагийн 2020 оны Токиогийн олимпийн  амжилт гаргах тамирчид байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Говь нутагт Дорноговь Бага Олимп уламжлал болгон зохион байгуулж байгаад баяртай байна, бахархаж байна.

Энэхүү  спортын наадамдаа амжилттай оролцож, эрч хүчтэйгээр сум, багаа төлөөлөн шударгаар өрсөлдөж, олон түмний сэтгэл тэнийсэн  сайхан арга хэмжээ болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Ингээд “Дорноговь бага олимп 2017” спортын наамад албан ёсоор нээснийг сонордуулъя. Дорноговьчууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсч, нийт баг тамирчиддаа  шударга өрсөлдөөний талбар  болох спортын дэвжээнд амжилт, ялалт дүүрэн байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье” гэв.  Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах энэхүү спортын наадам нийт есөн төрөлд болов. Тодруулбал, олс таталт, 100 буудалт даам, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, аэробек, үндэсний бөх, шатар, хөнгөн атлетик зэрэг есөн төрлөөр тамирчид хурд хүч самбаагаа сорин өрсөлдлөө.

Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр 2016 оны Бразилын Рео де Женерогийн Паралимпийн жүдо бөхийн хүрэл медальт, МУГТ Б.Ууганхүү олимпийн бамбарыг асааснаар тэмцээн албан ёсоор эхэлсэн юм. Энэ удаагийн тэмцээнд 12 сумын  800 гаруй тамирчин дөрвөн өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.  Энэ үеэр “Дорноговь бага олимп-2017” спортын наадмын ерөнхий шүүгч, БТСГ-ын сагсан бөмбөгийн дасгалжуулагч, ерөнхий шүүгч Н.Сугарбаатар “Манай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт бага олимп зохион байгуулах тухай тусгасан байдаг.

Энэ хүрээнд бага олимпийн наадмыг Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байна. Бага олимп нийт есөн төрөлд болно. Спортын төрөл бүрт мэргэжлийн шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Олимп гэдэг хүн төрөлхтөн улс төр, шашин шүтлэг хамаарахгүйгээр эвлэлдэн нэгддэгийн бэлгэ тэмдэг байдаг. Тиймээс орон нутагт нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор энэхүү наадмыг нийт сумынхаа тамирчдын дунд зохион байгуулдаг” гэсэн юм.

Түүнчлэн бага олимпийн нээлтийн үеэр МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг,  Дорноговь аймгийн Мандах сумын ахмад багш н.Пүрэвийг шагнасан бол МҮОХ-ны “Алтан медаль”-иар Дорноговь аймгийн БТСГ-ын бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагч,  МУСМ А.Зоригтбаатар, Дорноговь аймгийн Айраг сумын биеийн тамирын багш, сумын заан Э.Ариунбаяр, Дорноговь аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагч Ж.Баяр-Отгон нарыг тус тус шагнаж урамшуулсан юм. Ийнхүү дөрвөн өдрийн турш үргэлжилсэн  "Дорноговь-бага олимп"-ийн наадмын нийлбэр дүнгээр тэргүүн байрт Сайншанд сумын баг тамирчид, дэд байрт Айраг сумын баг тамирчид,  гутгаар байрт Замын-Үүд сумын баг тус тус шалгарсан юм. Энэ үеэр бид зарим тамирчин, дасгалжуулагчтай уулзаж, ярилцлаа.

Б.Ууганхүү: Олимп бол эв нэгдлийн наадам

/Паралимпийн жүдо бөхийн хүрэл медальт, МУГТ/

-“Рио-2016” олимпийн наадмаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Намайг нутгийн минь зон олон маш сайхан хүлээж авсан. Өнөөдөр манай аймагт бага олимп зохион байгуулагдаж байгаад маш их баяртай байна. Учир нь олимпийн наадам гэдэг эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон маш том үйл ажиллагаа байдаг. Энэхүү том спортын наадмын есөн төрлийн тэмцээн нутагт маань болж байна. Тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Тиймээс нийт тамирчиддаа амжилт хүсье.

Я.Дорж:Залуусын оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байна

/Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ/

Олимпийн бага наадам өмнө нь нэг удаа зохион байгуулагдсан. Тухайн  үед  хүмүүсийн оролцоо бага байсан. 2016 он Дорновьчуудын хувьд түүхэн жил боллоо. Учир нь “Рио-2016” олимпийн наадмаас Б.Ууганхүү хүрэл медаль авч, аймагтаа анхны гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг авч ирсэн. Үүнтэй холбогдуулан энэ жил бага олимпийг зохион байгуулж байгаа. Ер нь Дорноговь аймгийн Тамгын газар, ИТХ-аас мөрийн хөтөлбөртөө хоёр жилд нэг удаа бага олимпийг зохион байгуулахаар тусгасан. Энэ удаагийн бага олимпийн наадамд тамирчид маш сайхан өргөн бүрэлдэхүүнтэй  оролцож байна. Бүх нийтээр спортоор хичээллэснээр бие бялдарын хөгжилд сайнаар нөлөөлнө. Мөн эмтэй эмчилгээг халах сайн нөлөөтэй. Хөдөө орон нутагт спортыг хөгжүүлэхэд дутагдалтай тал их бий. Хөрөнгө мөнгөний асуудал гарч ирнэ. Спортын хэрэглэл, материалын асуудал ч яригдана. Манай Дорноговь аймагт дэд бүтэц их сайн хөгжсөн. 5-6 сум төмөр замд холбогдсон. Тийм учраас төвд зохион байгуулагдаж буй тэмцээнд идэвхтэй оролцдог. Энэ нь бусад аймагтай харьцуулахад сайн давуу талтай байдаг. Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчиддаа амжилт хүсье.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.