А.Эрдэнэбаяр: Нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлээс салж гэмээнэ Монголын төр сэргэнэ

А.Эрдэнэбаяр:  Нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлээс салж  гэмээнэ  Монголын  төр сэргэнэ

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа

 

-Монголын нам бусчуудын холбооны  чиг хандлага, үзэл баримтлал нь юу юм бэ?

-Монгол Улсад эдийн засгийн хямрал, улс төр, эрх зүйн хямрал нүүрлэсэн энэ цаг үед  МАНАН  засаглалын тогтворгүй байдлыг  25 жил үргэлжлүүллээ.  Энэ  нь  Монголыг элгээр нь мөлхүүлсөн.  Үүний улмаас нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авч, ард түмэн олон намын тогтолцооны гайгаар талцан хуваагдаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, иргэд, төрийн албан хаагчдын амьжиргаа эрс хүндэрч байгаа нь нэгдмэл бодлоготой эх оронч үзэл баримтлалтай, хариуцлагатай төр байхгүй байгаагийн илэрхийлэл бус уу.

Дэлхийд нэг хүнд оногдох хэмжээгээр хамгийн их байгалийн баялагтай газар нутагтай, 60 сая малтай,  гурван  сая хүн яагаад ядуу, зүдүү амьдарч байна вэ.  үүнээс гарах гарц  нь юу вэ байна гэдэг бидний тулгамдсан асуудал мөн.

   Улс орон, иргэдээ  намаар хувааж талцуулан  өөр хооронд нь зөрчилдүүлж, дайсагналцуулаад зогсохгүй   олигархиуд эрх мэдэл албан тушаалыг гартаа авч баялагт эзэн суун  офшор руу мөнгөө зөөж байна. Иймд шудрага иргэд олон нийт Нэгдмэл бодлоготой эх оронч, хариуцлагатай шинэ төрийг бэхжүүлэх шаардлагатай. Өнөөдөр манай улсад цаг алдалгүй засч залруулан зөв болгох зүйл улам ихээр нэмэгдсээр л байгаа.  Эрх мэдлийг авилга, хээл хахуулийн аргаар авсан улс төрийн тодорхой бүлэглэл, бие хүмүүсийн хуйвалдааныг таслан зогсоож, тэдэнтэй хуулийн дагуу хариуцлага тооцох, тэднийг улс төрийн талбараас шударгаар зайлуулах бодлого, арга механизмыг баримтлан ажиллах нь эх оронч  хүн нэг бүрийн үүрэг мөн.

Тэд урьдын адил сонгогчдын саналыг худалдан авах, үл биелэгдэх хуурамч хөтөлбөр дэвшүүлж,  олон түмнийг төөрөгдүүлэх зэрэг хуучин бохир аргаа дахин хэрэглэсээр 2016 оны Их хурлын сонгуулийг мөнгөн дээр суурилсан сонгууль болгож санал авч чадлаа. Төр болон нийгмийн бохирдолыг бид хамтын хүчээр зогсоох нэгдмэл бодлоготой эх оронч, хариуцлагатай төрийн тогтолцоо бидэнд нэн шаардлагатай байгааг анхаарах хэрэгтэй.

Өнөөдрийн нөхцөлд нийгэмд ус, агаар шиг дутагдаж байгаа зүйл бол сахилга хариуцлага, эв нэгдэл.  Тиймээс хаа хаанаа хариуцлагын тогтолцоог бий болгох явдал юм.Ер нь олон намын тогтолцоо хийгээд намын гишүүнчлэлийн асуудлын нэн тэргүүнд тавьдаг байдлыг халах ёстой  гэж үздэг. Манай улсын нийт хүн амын 83 хувь нь намын харьялалгүй, гишүүн бус иргэд байдаг шүү дээ. Тэгэхээр үлдсэн хувь дээр сонгуулийн тоглолт нам төв дээр төвлөрөн явагдаад байгаа юм.

Аль нэгэн намын гишүүн байж, тэр намдаа үхэн хатан харанхуйгаар зүтгэхгүй л юм бол төрд үнэнч шударгаар зүтгээд ер нь бараг л нэмэргүй, яагаад гэвэл нэг л өдөр аль нэг намын боловсон хүчин нэртэй хийрхэгч ирээд ажлыг чинь авна. Тиймээс төрд ажиллагсад өөрийн эрхгүй намжиж, намчирхаж эхлэнэ дээ. Иймд төрийн албыг улс төрөөс ангид цэвэр мэргэжил, боловсрол, шинжлэх ухаан дээр суурилсан төрийн албыг бий болгох хэрэгтэй юм.

 -Сахилга хариуцлага гэж улс төрийн намууд ярих мөртөө  ажил хэрэг болгож чаддаггүй. Та бүхэнд  энэ асуудалд ямар өнцгөөс хандаж байна вэ?

-Манай улсын эдийн засгийн байдал эрс хүндэрч гадаад өр 23,5 тэрбум ам. долларт хүрсэн, хөрөнгө санхүүжилт хомсдож,  улсын нэр хүнд олон улсад эрс унаж зээлийн зэрэглэл буурсан, дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улс эсрэгээрээ улс төрийн зорилгоор эдийн засгийн хямралыг  бий болгож байна. Иймд сахилга хариуцлага, зохион байгуулалтаа дээшлүүлж ажиллах ёстой. Нийгмийг бүхэлд нь сахилга хариуцлагатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харагдаж байна. Ер нь бол ардчиллыг анархи байдал гэж ойлгодог, ардчиллыг дур зоргоороо авирлах байдал гэж ойлгодог, хууль, дүрэм, журмыг үл хэрэгсдэг, улс төрчдөөс хэлсэн ярьсан үг, ам ажил нь зөрдөгт нийгэм иргэд ихээхэн бухимдаж явдаг шүү дээ. Тиймээс монгол төрийн эртнээс уламжилж ирсэн төрийн өмнө хүлээсэн үүргээ яг таг чанартай биелүүлдэг, биелүүлээгүй тохиолдолд төрийн албан тушаалтад хатуу хариуцлага хүлээлгэдэг хууль журмыг хэрэгжүүлэх ёстой. Хүн төвтэй төртэй болье л гэсэн үг.

МАН-ынхан албан тушаалыг мөнгөөр үнэлж, худалдаж төрийн албыг хар зах болгон хувиргав. Төрөөс хүлээлгэсэн итгэл найдвар, үүргийг төрийн албан тушаалтан шат шатандаа хатуу  биелүүлэх ёстой. Төрөөс мөнгө олж баяжих явдал эрс хавтгайрч шудрага албан хаагч ховордсон, ийм зүйлд дахин бусдыг уриалах, төрөөс мөнгө босгох боломж, шат шатны дарга нарт байдаг гэдэг үзэгдлийг давтах тохиолдолд тэр нөхрийг ажлаас халах бусдын өмнө цээрлэл хүлээлгэх цаг нь болсон.

Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа авдаг байдлыг бүр халах ёстой. Төрийн мэдэлд байгаа байгууллага ямарч ашиг үгүй, үргүй зардал их гаргадаг мэтээр ард иргэдийн тархийг угааж төрийн өмчийг хамгийн хямдаар бараг л үнэгүй шахуу хувьдаа завшиж ирсэн хэсэг бүлэг нөхөд, төрд дахин сайн үйлдвэр байвал үнэгүйдүүлж хувьчилал нэрийн дор авах үйл ажиллагаа үргэлжилсээр Монголын төрийг олон нийтийн өмнө хүчгүйдүүлж байна. Тэд төрийн эрх мэдлийг мөнгөөр удирдаж, иргэдийн тархийг худал зүйлээр угаасаар ирсэн.  Уг нь төр өмчтэй байж гэмээн хүчтэй байж улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид байж чадна. Төр сайн менежмент хийж чадах боловсон хүчинг ажилд авч, улс төрөөс ангид хуулийн хүрээнд ажил  хийх боломжоор хангаж хамтран эх орныхоо хөгжлийн түүчээ нь болох хэрэгтэй.

-Ер нь бидэнд сонгуулийн хэрэг байна уу?

- Монголын нийт сонгогчдын 83 хувийг дангаар эзлэж байгаа нам бусчуудын эрх ашгийг нэгтгэн, нийт ард иргэд уул уурхайн баялагаасаа тэгш шудрага хүртдэг болж  иргэн бүрийн амьдралыг эрс дээшлүүлж,  эв нэгдэлтэй элбэг хангалуун амьдралтай, боловсролтой, оюунлаг хариуцлагатай монгол хүнийг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа нийгэмд идэвхитэй үйл ажиллгааг явуулсаар ирсэн. Манай холбооны үйл ажиллагаа нийгмийн тусгал  байдаг  учраас одоо ард түмэнд  хамгийн их үгүйлэгдэж  байгаа нэгдмэл бодлоготой, шудрага ёс, эв нэгдэл, хариуцлагын тогтолцоог тогтоох хувьсгалд ард иргэдээ уриалж байна.

Манай холбооны зүгээс эв нэгдэл, шудрага ёс, хариуцлага гэдгийг хамгийн энгийн байдлаар тодорхойлж, тэр нийгмийг цогцлоохын төлөө ард түмнээсээ дэмжлэг хүсч байгаа. Эв нэгдэл, шудрага ёс, хариуцлага гэдэг зүйл маань одоогоор хамгийн сайн засаглал гэж үнэлэгддэг эрх чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоонд иргэд бүгд эрх тэгш байхыг хэлнэ гэж энгийнээр тодорхойлж болох бөгөөд Монгол хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, байгалийн баялгаасаа үүдсэн эдийн засгийн өсөлтөөс тэгш хүртдэг болох нь л бидний зорилго билээ .

Миний хувьд намын хатуу гишүүнчлэлгүй байя гэдэг байр суурийг хадгалж ирсэн. УИХ-ын 76 гишүүнийг Монголын нийт ард түмнээс сонгоё гэсэн байр суурьтай байдаг. Тйимээс  2016 оны УИХ-ын сонгуульд 51 тойрогоос бие даан ард түмнээсээ санал авахын төлөө ажилсан. Гэвч жалга довны асуудал үүсгэх, намын гишүүнчлэлээр иргэд сонгогчидын тархийг угаах, талцуулах, тодорхой тооны бүлэг нөхөд мөнгө тараах, иргэдийн ядуу зүдүү байдлыг ашиглан түц дэлгүүрийн өрийг нь дарж өгөх замаар санал авах явдал их байна. Үүнийг бид, сонгогчид өөрсдөө халах ёстой. Эх оронч үзэлтэй, нэгдмэл бодлоготой, хариуцлагатай шинэ төрийг бий болгох л хэрэгтэй байна даа.Энэ л хамгийн шударга.

-Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах эрх зүйн зохицуулалтыг шинэчилье гэсэн санааг таны ярианаас анзаарагдлаа?

-Төрийн албаны тухай хууль анх 1994 онд батлагдсанаар төрийн алба хуулиар зохицуулагдсан нийгмийн харилцаа болж, өнгөрсөн хугацаанд уг хуулийг боловсронгуй болгох чиглэлээр олон удаа нэмэлт өөрчлөлтүүд орж, улмаар 2002 онд шинэчлэн найруулсан бөгөөд 2008, 2011, 2012, 2013 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Төрийн алба нь мэргэшсэн, чадварлаг, тогтвортой, хяналттай, улс төрөөс ангид байх, төрийн албан хаагчдыг зөвхөн ажил хэргийн шалгуураар сонгон шалгаруулах, тухайн албан тушаалыг эрхлэх боловсрол, мэдлэг, мэргэшил, дадлага, туршлага, ур чадвар, сэтгэл зүтгэлийг үндэслэн томилдог журмыг хэвшүүлэх, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох нь төрийн албаны шинэчлэлийн гол зорилго байх ёстой гэж бодож байгаа.Гэвч төрийн албыг мөнгөжүүлж, албан тушаалд томилох явдал газар авсаар бүр өргөжин тэлж байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар бүлэгт “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ“. Мөн төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын ангилалын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ хэмээн заасан байдаг хэдий ч төрийн албанд мэргэжил, боловсрол, ур чадварыг үл харгалзан ялсан намын гишүүн, мөнгө өгч албан тушаалд томилуулах хүсэлтэй хэн нэгнийг, сонгуульд идэвхитэй ажилсан, жалга довны үзлээр авч байгаа нь төрийн ажил цалгардах, албан бичиг үйлдэх чадвар суларч байгаагаар илэрч байна.

Тиймээс  төрийн өмнө тулгарч буй зорилт, чиг үүргийг цаг алдалгүй амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн бол хүний нөөцийн хөгжлийн зөв стратегиас шалтгаалах учиртай. Төрийн байгууллага хөгжлийн стратегид үндэслэн тухайн байгууллагад шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээ, түүнийг хянах боломжийг зөв үнэлэх, оновчтой төлөвлөн ажилласнаар амжилтад хүрэх нь ойлгомжтой шүү дээ. Төрд алба хашиж буй хэн ч болов шудрага, хариуцлагатай, эх оронч үзэлтэй, эв нэгдлийг эрхэмлэх ёстой.Эс бөгөөс төрийн нэгдмэл бодлого үгүй болж эх орон газар нутгаа хэн мөнгөтэй нөхөрт алдах магадлал өндөр юм.

- Тэгвэл намын гишүүнчлэл гэж  давхихын хэрэг байна уу?

 

-Намын хатуу гишүүнчлэл ёоц тогтолцооноос салья. Одоо МӨНГӨ гэдэг том намтай болсон цаг үеийн гэрч нар нь бид болоод байна. Тэр л хэн ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдууд, дарга болохыг зааж өгнө. Энэ хэлийг сайн сурсан нь өшөө их мөнгө олно. Хар л даа,  ямар мөнгө хөрөнгөтэй хүмүүс сайд дарга болсныг.  Тэдэн дунд ядуу болон боловсролтой хүн байна уу , байхгүй шүү дээ.

Бид ярьсаар л намаар төдийгүй нутаг усаараа, ах, дүү хамаатан саднаараа талцах үзэгдэл газар авчээ. Намын гишүүн болон зоосны нүхээр албан тушаал хардаг хүнийг төрийн албанд оруулахгүй байвал  төр цэвэршиж төрийн дархлаа бий болно. Намаа дагах уу, төрийн албандаа үлдэх үү гэдэг   асуулт иргэдэд үлдэж байна.

Хэвлэлээр гарч буй мэдээллээс үзэхэд МАН-ын хувьд 220 мянган гишүүнтэй, АН-ын хувьд 165 мянган гишүүнтэй, МАХН –ын хувьд  115 мянган гишүүнтэй гэсэн хийсвэр бодит бус тоо баримт байна. Ер нь манай төрийн тэргүүний  санал болгосон нэг зүйлийг би дэмжиж байдаг тэр нь бүх намыг татан буулгаад бодит гишүүнтэй бодлогын нам байгуулах шаардлагатай.

Ер нь монголчуудаа хагалж, талцуулж гадны хоол болгохоос гарах эхний алхам бол намын хатуу гишүүнчлэлийг халах явдал мөн. Ирээдүйд намууд мөнгө амлаж биш, бодлого ярьж өрсөлддөг болох ёстой. Мөнгө хавтгайруулж тараагаад хөгжсөн орон байхгүй шүү дээ. Манай намууд улстөрийн үзэл суртлын хувьд баруун, зүүнээрээ ялгарах гэж оролддогч бүгд л амлалт өгөөд, нийгмийн халамжийн асуудал яриад явдаг. Ингэхээр ядуурал улам газар авна. Хүн шиг амьдрах асуудал мөрөөдөл болж, үндсэндээ эрх баригчдын явуулж байгаа улстөрийн бодлого алдаатай байгааг харуулаад олон жилийн нүүр үзлээ огт өөрчлөгдөх юм алга.

Тархи нь зөв ажилладаг, таван үг эвлүүлээд хэлчихдэг, эдээр биш эрдмээр биеэ чимж яваа залуусаа дэмжиж, шинэчлэлийн үйл хэрэгт түлхүү оролцуулах шаардлагатай байна гэж УИХ-ын болон орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшсэн нам бус иргэдийн төлөөлөл харж байгаа.

Намын даалгавар биелүүлэх зорилго тавьсан хэсэг бүлэг нөхдөөс болж нам бус иргэд өдөр болгон хохирдог.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш 22 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагч халагдаж, солигдсон гэсэн албан бус тоо гарсан.Нам солигдоход дагаад төрийн байгууллагын албан хаагчдыг сольж томилдог гаж тогтолцоог халах ёстой.Төр болон нийгмийн бохирдолыг бид хамтын хүчээр зогсоох нэгдмэл бодлоготой эх оронч, хариуцлагатай төрийн тогтолцоо бидэнд нэн шаардлагатай байгааг анхаарах хэрэгтэй. Иймд монгол хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө бид хамтдаа тэмцэнээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбогдуулан танай холбооны байр суурийг сонирхвол?

-Өөдлөх айлын үг нэг, өсөх малын зүс нэг гэдэг юм. Монгол Улсын  Ерөнхийлөгч,  УИХ, Засгийн газар азар нь гурвуулаа нэг чигт , нэгдмэл бодлоготой ажиллахгүй бол хүч тарамдаж нэг нэгдээ чөдөр тушаа болно. Иймд хамгийн шударга, хамгийн зөв бодлоготой, эх оронч үзэлтэй, хариуцлагатай шинэ ерөнхийлөгчийг сонгох нь мэргэн сонголт болно.

Хэдийгээр Засгийн газрыг байгуулахад оролцох Ерѳнхийлѳгчийн оролцоо мэдэгдэхүйц хязгаарлагдсан ч тэрээр бүх нийтийн сонгуулиар ѳндѳр мандаттай сонгогддог хэвээр тѳдийгүй түүний хориг тавих болон гадаад харилцаа, зэвсэгт хүчин, шүүхтэй холбоотой эрх мэдлүүд нь хѳндѳгдѳѳгүй үлдсэн юм. Улмаар 2006 онд ерөнхийлөгч нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг санал болгох эрх мэдлийг олж авснаар Ерѳнхийлѳгч хүчирхэг “араа соёотой” ч болсон явдал. Тиймээс, Ерѳнхийлѳгч, Засгийн газар хоёрын хооронд харилцан бие биенийгээ “боомилон”, гүйцэтгэх засаглалыг бусниулдаг тогтолцоо үүссэн юм.

Парламентын засаглалтай манай улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага болох парламент нь тухайн улсын хамгийн хүчтэй засаглах байгууллага гэж ойлгож болно. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалын тэргүүн болох Ерөнхий сайдыг томилох ба Ерөнхийлөгч нь улсын тэргүүн гэсэн бэлгэдлийн чанартай үүрэг гүйцэтгэнэ. Харин манай улсын хувьд анх 1992 онд анхны Ардчилсан Үндсэн Хуулиа батлахдаа яг таг парламентын засаглалтай гэсэн нөхцөлийг бүрдүүлэлгүй дээр дурдсанчилан зарим нэгэн ерөнхийлөгчийн засаглалын шинж тэмдгийг үлдээснээр зарим үед холимог эсвэл “semi-presidential” буюу хагас ерөнхийлөгчийн засаглалтай мэт харагддаг.  Энэ нь Хөгжлийн жолоог тушсан нь явдал болоод олон жил болж байна даа.

Харин Ерѳнхийлѳгч, Ерѳнхий сайд хоёр нэг намынх байгаа тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийн тѳлѳѳх тэмцэл эрх баригч намын лидерийн тѳлѳѳх тэмцэлтэй давхар явагддаг. Энэ нѳхцѳл байдал Монголын эрх зүйн системийн ѳѳр нэгэн гаж зүйл болох Ерѳнхийлѳгчийн нам бус статусаас болж үүсдэг. 1991 онд Улсын бага хурлаар батлагдсан “Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай” хуулийн дагуу Ерѳнхийлѳгч нам бус байх ёстой.

Энэ зохицуулалт нь  нэгдүгээрт,  ардчилсан улс тѳрийн үзэл санаанд харш,  хоёрт,  хэрэгжих боломжгүй гуравт,  улс орны улс тѳрийн систем, соёл, намуудын тѳлѳвшилд ноцтой уршиг тарьсаар байгаа юм. Ерѳнхийлѳгч нь УИХ-д суудалтай намаас нэр дэвшин, бүх нийтийн сонгуулиар сонгогддог, улиран нэр дэвшихдээ мѳн л УИХ-д суудалтай намаас нэр дэвшдэг, улс тѳрийн албан тушаалтан. Гэтэл дээрх хуулийн дагуу энэхүү улс тѳрийн албан тушаалтан нам бус буюу улс тѳрийн бус байх ёстой юм шүү дээ.

Намуудын улс тѳрийн орон зайд, намаа тѳлѳѳлѳн, намынхаа зорилт зорилгыг мѳрийн хѳтѳлбѳрѳѳ болгон дэвшиж, намынхаа дэмжлэгтэйгээр сонгогдчихоод намгүйгээр буюу намынхаа тогтвортой дэмжлэггүйгээр мѳрийн хѳтѳлбѳрѳѳ Ерѳнхийлѳгч хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ялангуяа ѳѳрѳѳ гүйцэтгэх эрх мэдэлгүй, тиймээс мѳрийн хѳтѳлбѳрийнх нь хэрэгжилт нь парламентын олонх болон Засгийн газрын дэмжлэгээс шууд хамаарах нь илт байхад Ерѳнхийлѳгч намынхаа дэмжлэггүйгээр мѳрийн хѳтѳлбѳрѳѳ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал цаана нь хөвөрч байна.

Тиймээс дээрх хууль хэрэгжих боломжгүй бѳгѳѳд үнэндээ нам бус статус нь нүд хуурсан зүйл гэдгийг улс тѳрчид тѳдийгүй энгийн иргэд ч мэднэ.

Эцэст нь  хэлэхэд манай улс ерөнхийлөгчийн засаглалтай болбол одоогийн Засгийн газар шиг парламентын олонх үүсгэхийн тулд эвсэл байгуулах, эвслээ шингээхийн тулд Засгийн газрын бүтцийг томруулах, тэр ч байтугай ганц хоёр суудалтай нам, хүчнийг ч үнэтэй тоглогч болгох зэрэг парламентын засаглалын аливаа хүндрэл бэрхшээлүүд алга болох нь ойлгомжтой.

-Улс төр яагаад танд, бидэнд хүн бүрт хамаатай юм бэ?

-Улс төр гэдэг нь биднээс хол байдаг хоосон нэр томьёо биш харин бидний амьдралын алс холын, ойрын буюу өдөр тутмын, жижиг болон том бүхий л асуудлыг шийдэж байдаг механизм болоод байна.  Жишээ Та хувийн хэвшлийн буюу бизнес эрхэлдэг хүн байлаа гэж бодоход улсын орлогын татварыг хэд нугалж нэмэх юм уу, тодорхой бизнес эрхлэхийг хориглосон улс төрийн шийдвэр гарахад мөн л таны амьдралд их хохирол учирна. Мэдээж зөвхөн сөрөг талаасаа биш улс төрийн таатай шийдвэрүүд гаргахад таны амьдралд бас л шууд болон шууд бусаар нөлөөлнө. Гагцхүү таны амьдралыг шийдсэн улс төрийн таатай эсвэл сөрөг шийдвэр төрийн түшээдээр гаргуулах эсэх, мөн төрийг хэт урт гартай эсвэл оршиж байгаа эсэх нь мэдэхгүй байлгах нь иргэн таны улс төрийн оролцоо буюу сонгууль өгөх эсэхээс шууд шалтгаалах явдал болоод байна.

 -Улстөрийн намуудын үйл ажиллагаа мөнгөн дээр тогтдог учраас олон ч хүн золиос болсон доо?

-Монгол Улс 1990 онд социалист төрийн тогтолцоог өөрчилж, ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжиж эхлэв. Улс төрийн олон нам бий болж, “устаж” явсаар эдүгээ МАН ба АН хоёр л дангаараа, эсвэл эвсэн төр засгийн эрхийг барих боллоо. Гэхдээ энэ хоёр нам хоёулаа зөвхөн удирдлага, тэдэнтэй холбоотой ил тод бус бизнесийнхэнд үйлчилдэг тойрон хүрээлэгчдийн гар хөл болоод байна. Тэрхүү ил тод бус бизнесийнхэн төсвийн болон зээлийн хөрөнгийг захиран зарцуулах болсноор нийтийн хөрөнгө оруулалтын эцсийн үр өгөөж нь буурч, бизнесийн орчин муудан, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зогсов. Улаанбаатарт гэхэд л сүүлийн зургаан жилд 140 тэрбум төгрөгийг зуух, түлш солих зэрэг хэдэн арван төсөлд зарцуулсан ч гэр хорооллын утаа хотын агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх, хатан туул голын ус бохирдож ширгэх түвшинд хүрэх боллоо. Засгийн газар нь тодорхой төлөвлөгөөгүй атлаа гадаадад бонд гарган өр тавьж, 2017 онд Монгол Улсын нийт орлого 5.9 их наяд төгрөг атал гадаад зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөрт 6.6 их наяд төгрөг төлөх болсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн саяхан мэдэгдэв. 2018 онд ч гадаад өрийн төлбөр төсвийн орлогоосоо давах гэнэ. Нөгөө  бондын хөрөнгийг нь авсан, намтай холбоотой бизнесийн бүлэглэлүүдэд энэ огт хамаагүй бололтой таг жиг .

Улмаар эдийн засаг хямран, улс төрийн институцтэй холбоогүй хувийн хэвшлийн хувьд өрсөлдөх чадвараа сайжруулах байтугай бизнесээ үргэлжлүүлэх ч боломж, сонирхол багасчээ. Улс төрд орж ил тод бизнестэй холбогдох, эсвэл бизнесээ царцаан, гадагшаа гарах сонголт тэдэнд үлдэж байна. Энэ бүхнийг ил тод хэлж байх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 75 хувийг бас л улстөрчид эзэмшиж буй юм.Ижил тэгш үйлчилдэг улс төрийн институц бол хөрөнгө мөнгөнд биш, зарчимд суурилсан, санхүүжилт нь ил тод, зорилго, хүрэх арга зам нь тодорхой, гишүүн бүр нь мэддэг, удирдлага нь ашиг сонирхлын зөрчилгүй, ажил, ам нь нийлдэг жинхэнэ манлайлагч байх ёстой.

Эцэст нь одоогийн улс төрчид болон иргэдэд нэгэн зүйлийг сануулах  гэсэн юм “Эх орноо хамгаалах явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэн бүхний гүйцэтгэх ариун үйлс мөн болно. Эх орноосоо урваж тангаргаасаа няцах, дайсны талд орох, улс цэргийн сүр хүчинд хор хүргэх, гадаад улсын тусын тулд тагнуул хийх эдгээрийг хамгийн хүнд хорт хэрэг хэмээн гэж үзэж хүндээр цээрлүүлэн шийтгэнэ” гэж Үндсэн хуулийн 91 дүгээр зүйлд заасныг жич анхаарвал зохино.

 -Иргэддээ хандаж та юуг онцолж  хэлэх вэ?

-Монгол хүний эрх ашгийн төлөө бид үргэлж дуугарна, тэмцэнэ.Бид намгүй амьдарч хөгжиж чадна харин эх оронгүй бол монгол үгүй болно.Шууд хэлхэд хятаджиж үгүй болно л гэсэн үг

Өнөөдөр монголын ард түмэн хаа сайгүй л шудрага ёс алдагдлаа, тэр идэж уулаа, ингэж ч завшлаа , тэгж ч идлээ гээд л 8 настай балчираас 80 настай буурай хүртэл ярих бөгөөд сүүлдээ  шудрага ёс гэдэг үгийн үнэ цэнэ ойлгогдохоо байжээ.

Харин эрдэмтэн судлаачид шудрага ёсыг тодорхойлох гэж урт удаан хугацааны турш маргалдан мэтгэлцэж ирсэн бөгөөд Аристотель Платон гэх агуу сэтгэгч ялгаатай ч хүмүүсийг аз жаргалтай амьдруулах тэр нийгэм л шудрага нийгэм гэж тодорхойлж байжээ. Харин хожуу үеийн сэтгэгчид хүмүүсийг аз жаргалтай амьдаруулах нийгмийн хамгийн сайн тогтолцоо нь ардчилсан буюу эрх чөлөөт нийгмийн тогтолцоо гэж тайлбарлажээ.

Эндээс дүгнэвэл шудрага ёс гэдэг зүйл маань одоогоор хамгийн сайн засаглал гэж үнэлэгддэг эрх чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоонд иргэд бүгд эрх тэгш байхыг хэлнэ гэж энгийнээр тодорхойлж болох талтай юм.

Тэгвэл энэ тэгш  байдал монгол улсад оршин тогтнож чадахгүй байгаа нь монгол улсын ард иргэдийн дургүйцэлийг төрүүлж, хөгжлийг хойш нь татаж байна. Дэлхийд алт нүүрсний нөөцөөрөө дээгүүрт бичигдэх Оюу Толгойн орд газрыг ашиглаж эхлээд байгаа бөгөөд үүнээс ард иргэд тэгш хүртэх ёстой байтал өнөөдөр бидний ядуу зүдүү өдрийн хоолныхоо төлөө амьдрал маань үргэлжилсээр....

Ер нь намын ч бай, нам бус бай эцсийн эцэст Монгол эх орныхоо төлөө зохилох зүрхтэй эх оронч үзэлтэй нэгдмэл бодлогыг баримталдаг хариуцлагатай, шудрага хүн л төрийн бүх шатны байгууллагт байх ёстой гэж үздэг.

Монгол Улс Их засаг хуулиа дэлхий дахинаа анх тунхаглаж, шударга ёсыг тогтоож байсан агуу түүхтэй гүрэн, Монголчууд бид шударга, Хариуцлагатай байхдаа зоригтой, Нэгдмэл бодлоготой эх оронч үзэлтэй, уул усаа шүтэж амьдардаг агуу ард түмэн билээ.

Ард түмний минь буян заяа, ажил үйлс, хийморь нь өөдөө байг.

Эх орон минь Мөнхөд оршиг ээ...

Б.Алтанбагана 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.