Б.Ганзориг: Ирэх дөрвөн жилд багтаан сумдаа инженерийн шугам сүлжээ, нэгдсэн халаалттай болгох нь бидний зорилт

Б.Ганзориг: Ирэх дөрвөн жилд багтаан сумдаа инженерийн шугам сүлжээ, нэгдсэн халаалттай болгох нь бидний зорилт
Дорноговь аймгийн  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-“Хүнд  хийе, бүтээе  гэсэн сэтгэл байвал санасандаа хүрч чаддаг юм байна” гэсэн сайхан үгийг Засаг дарга  хэлж байсан. Тиймээс  энэ удаагийн ярилцлагаа дорноговьчуудын 2017 онд хийхээр төлөвлөсөн ажлаас эхлэх нь зөв байх?
-Дорноговьчууд  цас зудгүй, мал сүрэг тарга хүч сайтай, зон олон маань эрүүл саруул, өнтэй сайхан өвөлжиж байна. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, цагаан сар  айсуй эл өдрүүдэд айлчлан ирж буй алтан унжлагат гал тахиа жилийг  дорноговьчууд их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Хэдийгээр төсөв мөнгө тааруу, эдийн засгийн хүндрэлтэй ч боломжоо ашиглан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж, ажиллаж байгаагаа хэлэх нь зөв байх.
 
-Их бүтээн байгуулалтын хүрээнд багтах ажлаа онцлооч гэвэл? 
-Таныг өнгөрсөн намар манай нутагт ажиллах үеэр бид 266 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах болсон тухайгаа онцолж байсан шүү дээ. Тэгвэл эхний орон сууцны хорооллын эхний ээлж ирэх тавдугаар сараас хэтрэхгүй ашиглалтад орох болов уу.   Иргэдийг хямд үнэ бүхий орон сууцаар хангах төсөл, хөтөлбөр маань ийн амжилттай хэрэгжиж байгаад бид бүхэн баяртай байгаа. Хоёр, гуравдугаар ээлжийнхэн аравдугаар сартай уралдан шинэ орон сууцандаа нүүж орно. Түүнчлэн усан спортын төвийн барилгыг шинэчлэх ёстой. Иргэдийн хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй ахмад, залуучуудын төвийн барилгын засвар үйлчилгээний ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан. Аймгийн төв доторхи авто болон явган хүний  замыг  шинэчлэх гээд хийх ажил олон  бий. Заримынх нь зураг  төсөл нь бэлэн болсон, бэлтгэл ажил нь хангагдаад явж байна.
 
-Сумдууд хэрхэн хөгжих вэ. ЗДТГ-ын зүгээс  өгч буй чиглэлийн тухайд? 
-Засаг даргын зүгээс сумдын хөгжилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Сумдын орон нутаг дахь хөгжлийн сангаар дамжуулан  шаардагдах хөрөнгө мөнгийг нь суулгаж өгсөн  байгаа. Засаг дарга нар иргэдээсээ санал авч, иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд 2017 онд хийх ажлаа баталгаажуулсан. Ер нь  бид ирэх  дөрвөн жилд  сумдыг  инженерийн шугам сүлжээтэй, нэгдсэн халаалттай болгох  зорилго тавьсан. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд Эрдэнэ, Айраг сумыг нэгдсэн халаалттай болгоно. Гэхдээ үүнд нэлээдгүй хөрөнгө мөнгө шаардагдана. Тиймээс  энэ хоёр сумыг бас аль болох хямд  зардлаар, шаардлага хангасан иженерийн шугам сүлжээтэй болгох  зорилт тавин ажиллаж байна даа. 
 
-Дотоодын аялал жуулч­ла­лыг хамгийн сайн хөгжүүлж байгаа аймаг бол Дорноговь. Танай жишгээр хөгжих гэж чармайж байгаа аймгууд олон.  Харин одоо би  шинэ содон зүйл сонсч түүнийгээ сониноороо дамжуулан бусдад түгээмээр  байна?
-Манай аймаг хөгжлийнхөө гарцыг хэд хэдэн байдлаар төлөвлөсний нэг нь аялал жуулчлалын салбарыг түшиглэн хөгжих явдал  юм. Хөгжлийн,  эдийн засгийн тулгуур багана бол аялал жуулчлал гэж  үзэж байгаа. Жилийн жилд манай нутагт ирж, хийморио сэргээх хүсэлтэй дотоодын аялагчдын тоо нэмэгдэх болсон.
 
...Засаг даргын зүгээс сумдын хөгжилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Сумдын орон нутаг дахь хөгжлийн сангаар дамжуулан  шаардагдах хөрөнгө мөнгийг нь суулгаж өгсөн  байгаа. Засаг дарга нар иргэдээсээ санал авч, иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд 2017 онд хийх ажлаа баталгаажуулсан. Ер нь  бид ирэх  дөрвөн жилд  сумдыг  инженерийн шугам сүлжээтэй, нэгдсэн халаалттай болгох  зорилго тавьсан...
 
Хан Баянзүрх уул, Хамрын хийд, Энергийн төв гээд байгалийн үзэсгэлэнт газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь нийгмийн сайн сайхны төлөө зориулж байгаа азтай ард түмэн бол дорноговьчууд.  Ер нь зөв зүйлийг зөв сайхнаар нь ашиглаж чадах аваас үр өгөөжөө өгдөг юм байна. Эдүгээ  Хамрын хийдийг зөвхөн монголчууд бус хоёр хөршийн  жуулчид зорьж ирэх болсон. Тиймээс тэдэнд зориулсан үйлчилгээг бид боловсруулсан. Хил орчмын иргэдэд нэг өдрийн аяллыг санал болгодог байсан бол ирэх хавраас гурван өдрийг санал болгоно.  
 
Үүний төлөө хил, гаалийнхан төдийгүй ГХЯ ч асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. Аймгийн Засаг дарга болоод УИХ гишүүд ч энэ асуудалд өндөр ач холбогдол өгч буй. Гурван өдрийн аяллын  хугацаанд нэг жуулчнаас  таван зуугаас нэг сая орчим төгрөгийн зардал гарч, тэр нь Дорноговьд үлдэнэ гэсэн тооцоог бид гаргасан.  Үр дүн нь иргэдийн маань амьдралд том хөрөнгө оруулалт болох учиртай. Маршрутаа ч тодорхой болгосон. УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан маань жуулчдад рэйлбусаар үйлчилдэг болох тухай асуудлыг хөөцөлдөж байгаа.   
 
-Урд хил орчмын жуулчдад  манайхан  таатай хандахгүй байж мэднэ. Энэ асуудалд ямар байр сууриас хандаж байгаа вэ?
-Анхаарал тавих л ёстой асуудал. Гэхдээ бид даяаршиж буй ертөнцөд амьдарч буй гэдгээ мартаж болохгүй. Улсын хөгжилд аялал жуулчлалын салбарын хөгжил чухал байр суурь эзэлдэг. Тиймээс  бүх зүйлийг хууль журмынх нь дагуу явуулах болно. Аюулгүй байдлыг ч хангах ёстой. Хууль, хүчний байгууллагуудын үүрэг оролцоо ч чухал байр суурь эзэлнэ. 
 
-Жуулчдын халаасыг тэм­тэрч гэмээнэ ашигтай ажил­лана. Жуулчдад эсгий шаа­хай сонирхдог үе өнгөрсөн гэдгийг дорноговьчууд хэр ухаарч байгаа бол? 
-Ер нь  таны хэлдгээр жуулчдын  халаасыг үйлчил­гээгээрээ  хоосолж үлдэх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Дорноговийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох тухайд олон ажлыг санаачилсан. Өнөөдрийн байдлаар “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байх жишээтэй. Мөн манайх  чулууны гоёлоороо  Монголд алдартай шүү дээ.  Түүнчлэн хэдэн зуун тэмээг ч манайх л гаднаа хотлуулж чадна.  Дэлхийд цор ганц хоёр бөхт  тэмээг унаж үзэхийн төлөө манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь манай брэнд мөн үү гэвэл мөн. Морьтой бус тэмээтэй аяллыг говийн гурван аймагт зохион байгуулж яагаад болохгүй гэж. Цаашлаад Торгоны замаар ч аялуулж болно шүү дээ.  Энэ бол зөвхөн манайх бус монгол брэнд. 
 
-Замын-Үүдийн  аж үйлд­вэрийн парк гэж ярьсаар арав гаруй жилийн нүүр үзэж буй?  
-Аж үйлдвэрийн паркийн хувьд  найман жил яригдаж буй  асуудал. Гэхдээ  яагаад ч юм  ард түмний дунд хүлээлт үүсчихсэн. Гэхдээ  асуудалд хөнгөн сэтгэлийн үүднээс бус  ул суурьтай хандах ёстой. Ер нь манай говь чинь ундны  усны хувьд асуудалтай шүү дээ.  
 
Тиймээс  усны асуудалд болгоомжтой хандаж, судалгаа  шинжилгээ хийгдэх  ёстой. Нөгөөтэйгүүр, аж үйлдвэрийн паркаас илүүтэй  бүтээн байгуулалтдаа бид өндөр ач холбогдол өгч байгаа.   Монгол Улсын хэмжээнд яригдаж буй бүтээн байгуулалтууд өрнөж байна. Тухайлбал, “МАК” компанийн Хөх цавын цементийн үйлдвэр,  Цагаан суваргын орд  байна.  Мөн Ханги Мандал чиглэлийн төмөр замыг нэрлэж болно. 
 
-Шар нунтгаа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал яригдсаар бас л олон жил өнгөрлөө. Засаг дарга ажлаа авсан даруйд уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр “Арева”-гийнхантай уулзсан уу?
-Аймгийн удирдлагууд “Арева” группийнхэнтэй уулз­сан. “Арева” бол 1997 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж  байгаа аж ахуйн нэгж. Зүүнбаянгийн нутаг дэвсгэрт 2000 оноос хайгуулын ажил хийж эхэлсэн юм байна билээ. Лицензээ 1997 онд авсан байдаг.  Мэдээж хайгуулын ажилдаа нэлээд хэмжээний зардал гаргасан байж таарна. Орон нутгийн иргэдийг тодорхой хугацаанд ажилтай, орлоготой  байлгасныг нь бид ойлгох ёстой. Ураны тухайд аюулгүй байдлыг нь  хангах хэрэгтэй. Дэлхийн зах зээл зээр  ураны үнэ  тийм ч өндөр биш юм билээ.  Тиймээс   цаг  нь ирэхээр  нийгэмд сайн  ойлгуулчихвал асуудалгүй биз ээ.  Нөхцөл байдал ийм л байна.  
 
-Цагаан суваргын зэсийн орд Эрдэнэттэй дүйцэхүйц нөөцтэй. Өгөөжийг нь орон нутагт үлдээх тухайд та бүхний байр суурь?    
-Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухайд орон нутаг дэмжиж буй. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орж гэмээнэ иргэд ажилтай болно, амьдрал нь ч дээшилнэ. Бас том суурин бий болох  ёстой.
 
-Зүүнбаян  цагтаа бол мянган  цэрэг бужигнасан  том суурин газар байлаа.  Харин эдүгээ  жижигхэн баг болсон байна билээ. Сэргээх төлөвлөгөө бий юу? 
-Аймгийн зүгээс Зүүнбаянг сэргээж, мэргэжлийн цэргийн  анги нэгтгэлээс бүрдсэн суурин болгох тухай  хүсэлтийг холбог­дох яаманд  хүргүүлсэн байгаа.
 
-Замын-Үүд бол Монгол Улсын зүүн хаалга.  Хөгжил  муутай учраас  бид заримдаа ичдэг.  Та надтай санал нийлэх үү?
-Хүн болгон л ингэж  хардаг, боддог.  Хилийн хоёр тал өөр өөр өнгө төрхтэй.  Орон нутгийн удирдлага хөгжүүлэхийн төлөө мэрийж байгаа ч хүч хүрэхгүй байгаагаа нуугаад яах вэ. Төр  анхаарлаа хандуулж  л байгаа. Ажил хэрэг болсон  нь  ч бий. Цаасан дээр үлдсэн нь ч байгаа.  Орон нутгийн удирдлага  Монгол Улсын Шадар сайдын ажлын хэсгийнхэн  хоёр ч удаа ирж ажилласан. Замын-Үүд бол Дорноговь аймгийн  хамгийн том сум.  Хүн ам ихтэйн дээр түр оршин суугч олонтой.  Тиймээс  Замын-Үүдийг хөгжүүлэх тал дээр төсөв мөнгөний  дэмжлэг туслалцаа  хэрэгтэй байна. Одоо байгааг нь хөгжилгүй гэж хэлж болохгүй ээ. Улам сайхан болгохын төлөө бид хичээн ажиллаж буй.  
 
-Дорноговь аймаг улсаас татаас авдаг уу эсвэл улсад татаас нийлүүлдэг үү?
-Дорноговь өөрөөрөө сан­хүүж­дэг, улсад татаас өгдөг  аймаг.  
 
-Тун удахгүй монгол түмний уламжлалт баяр цагаан сар болох гэж байна. Та монгол түмэндээ болон нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юу? 
-Элэг нэгт монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
З.Мºнхсувд
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.